Баабарын зураг хаачив -2

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Баабарын зураг хаачив -2

Гэнэт цочсон мэт эл­дэв юм бичих нь ямар ч үр ашиг­гүйгээс гадна хорлонтой. Хэвлэл мэдээллээр гарч байгаа бүх зүй­лийг туйлын үнэн мэтээр хү­лээж авдаг /одоо ч хүртэл тийм зүйл бас байна /, эсвэл харсан сонссон бүхнээ үгүйсгэж амьдардаг хүмүүсийн хувьд аль алинд нь хорлонтой.Тиймээс энэ сэдэв санаандгүй биш гэдгийг итгүүлэхийн тулд ойрхны жишээ татья.

Саяхан УИХ-ын гишүүн Ж.Сүх­баатар гэж залуу засаг захиргааны шинэчлэлийн талаар нэг удаа хэлэл­цүүлэг зохион байгуулж, тэр нь бас нэг хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлыг татсан юм аа. Түүнд нь юу гэсэн бэ гэвэл, ер нь хот болоод тосгон чинь Монгол Улсын хүн амын төвлөрлийг бий болгож байгаа нэг хүчин зүйл юм аа, тиймээс тэнд амьдарч байгаа хүмүүст хот болоод тосгонд амьдарч байгаа гэдгээ мэдрэх ямар нэг шинж тэмдэг хэрэгтэй байна аа гэж. Жишээлэхэд, бие засаад усаа татах боломжтой байх ч юм уу. Энэ лав өөрийнхөө ухсан нүхэнд ялаа батганад шавуулж сууснаас хавьгүй дээр. Тэрний төлөө та мөнгө төлөх боловч өөр өөр хүнээс хариуцлага, гүйцэтгэл шаардаж амьдрах нь иргэншлийн бас нэг хэмжүүр. Орой “пааб”-ад ороод захиалсан пиво чинь бүлээн байвал гомдол мэдүүлдэгтэй яг ижил. Энэ бол нэгдүгээрт хүмүүсийн дунд байх ёстой харилцаа бөгөөд хоёрдугаарт өөрийгөө үнэлэх бас нэг мэдрэмж. Чи юу төлж чадаж байна, түүнийхээ хэрээр захиал аа гэсэн үг юм.

Саяхнаас Х.Тэмүүжин гишүү­ний твиттерт зарим нэг хүмүүс “жиргээд” эхэлсэн байна лээ. Бараг долоон жилийн өмнө боловсруулаад УИХ-аар оруулалгүй орхисон засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн талаарх төслийг ажил хэрэг болговол яасан юм бэ гэж. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн үед түүний зөвлөх асан Б.Баа­барын боловсруулсан ч УИХ-аар хэлэлцээгүй орхисон энэ төс­лийн зураг одоо хэр нь УИХ-ын гишүүдийн өрөөнд өлгөөтэй, аваад ажил болгочих эзнээ хүлээн тоосонд дарагдаж буй. Тухайн үед УИХ-д тэнцүү суудал авсан улс төрийн хоёр том нам хамтран эрх барих болсноор улс орны нийгэм, эдийн засгийн хувьд маш чухал  нэгэн том асуудал дээр шийдвэр гаргах гэж зорьсон анхны оролдлого нь тэр байлаа. Одоо байгаа 21 аймаг, нийслэл, 331 сум, 1671 баг, хороодыг нэгтгэн Алтай хан, Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан гэсэн дөрвөн аймаг, нийслэлд хуваан 68 хошуу­тайгаар засаг захиргааны нэгжийн шинэ хуваарийг хийсэн байдаг.

XVI зуунаас XX зууны эхэн үе хүртэл хэрэглэж байсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь дээр түшиглэн хийсэн энэ бүтэц нь 2001 онд УИХ-аас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тул­гуурлаж, хүн ам, үйлдвэр­лэлийн хэт бөөгнөрлийг задалж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн төвшинг ойртуулахад чиглэсэн юм. Мон­голын газар нутгийг уртрагийн дагуу аймаглан хуваасан энэ бүтцээр баруун бүс буюу Алтай хан аймагт одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийг, хангайн бүс буюу Сайн ноён хан аймагт Хөвсгөл, Архангай, Булган, Өвөр­хангай, Баянхонгор аймаг, төвийн бүс болох Түшээт хан аймагт Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүм­бэр аймгуудыг, зүүн бүс Сэцэн хан аймагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг багтаасан байдаг.

Тухайн үеийн УИХ-ын ги­шүүд ч уг хуулийн төслийг “нийгэм эдийн засгийн хувьд оновчтой, байгаль орчны хувьд тогт­вортой, түүх соё­лын хувьд ч иргэд хүлээж авч болохуйц” хэмээн үнэлж бай­жээ. Харамсалтай нь, энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, ажил болоо­гүй шалтгаан одоогийн ма­най мөрдөж буй Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуульд Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд “21 аймаг, нийслэл, 330 гаруй сум, 1700-аад багаас бүрдэнэ” гээд заачихсан учраас. Мөн энэ заалтаа дагуулаад “Засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулахаар бол тэнд оршин сууж байгаа хүн амаас саналыг нь авна” гэсэн бас нэг “дөнгийг” хуулиндаа хийчихсэн байгаа. Тэднээс нь асуухаар арван хүний долоо нь өөдөөс “салаавч өгөх” жишээтэй. 2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ зорилгоор Дорнод, Хэнтий, Төв, Баянхонгор, Өмнөговь таван аймгийн 10 сумдад багийн иргэдийн нийтийн хурлаар энэ асуудлыг оруулж хэлэлцсэн ч нэг ч газар дэмжлэг аваагүй билээ.

Яагаад гэвэл цөөн тооны малын ашиг шимд шүтэж амь­дардаг, сум хороондоо ямар ч ажил үүрэг гүйцэтгэдэггүй, бусдын өмнө хүлээсэн ямар нэг үүрэг хариуцлагагүй нөхдүүд жилийн жилд төсвөөс татаас болгон өгдөг мөнгөнд шүтэж амьдраад сурчихсан учраас. Хүн ам төвлөрсөн цөөхөн хот­доо үйлдвэрлэл явуулж ол­сон мөнгийг ямар ч баялаг бүтээ­дэггүй 331 сумд руу цацаж амь­дарч байгаа нь ямар ч үр ашиггүй бүтэц болгож байгаа. Ийм газарт  ардчилал болон сайн засаглалын тухай яриад ч хэрэггүй. Хөгжил дэвшил бол бүр будаа. Ядаж 10 мянга, цаашлаад 50 мянган хүн нэг дор төвлөрч байж тэнд зах зээл, үйлдвэрлэл, иргэншил бий болж, хууль ёс ч гэсэн үйлчлэх юм гэж судлаачид ярьдаг.

Тэрбум төгрөгөөр өндөр хүч­дэлийн шугам татаж, цахил­гаантай холбосон ч тэр нь сумын төв дээр амьдарч байгаа хорин хэдэн айлын төлбөрөөр зардлаа нөхөх ямар ч боломж байхгүй. Үйлдвэрлэл үйлчилгээ, хүн амын төвлөрөл, хөгжил иргэншлийн хэмжүүр гэхээр нэг ч зүйл байхгүй энэ 330 гаруй сумдыг цөөлж, нэгтгэх нь хамгийн том асуудал болчихоод байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Л.Гантөмөр энэ асуудлаар “Аймгуудаа цөөлж чаддаггүй юм гэхэд ядаж сумдаа нэгтгэе. Сум дундын төв гэж юм бий болгоод тийш нь хөрөнгө хаяад өгчихвөл хүн ам нь хөгжлөө дагаад нэгдэж нягтарч магадгүй юм аа” гээд төсөл санаачлаад явсан ч Засгийн газ­раас дэмжлэг аваагүй. Түүн дээр нь орж ажиллах хүн ч олдоогүй. Уг нь үүнийг хотын тойргийн депутат биш, хөдөөнөөс сон­гогд­сон гишүүд хамгийн тү­рүүнд дэмжээд орж ажиллах ёстой байсан ч хөдлөөгүй билээ.

Одоо УИХ-ын гишүүн Д.Од­хүү бас нэг төсөл барьчих­сан гишүүдийн хаалга онголзуулж яваа сураг байна. Уул уурхайн үйлдвэрлэл, төмөр замаа дагасан шинэ төвлөрөл бий болгох талаар. Бас л нэг санаа, мэдээж шүүмжилье гэвэл шүүмжлэх зүйл гарах л байх л даа. Гэхдээ одоогийн энэ засаг захиргааны үрэлгэн бүтэц, тархай бутархай нэгжүүд чинь улс орны хөгж­лийн гол тушаа болоод, эдийн засагт их хэмжээний хохирол авчраад байна гэдгийг л хэн хүнгүй хэлээд байгаа хэрэг юм.

Тэгэхээр хамтарсан засгийн хүчийг хаа хамаагүй 21 мянгад хаяж өгөөд байх биш, жинхэнэ улс орныхоо хөгжилд хувьсгал хийхээр бодитой зүйлд зар­цуул­бал яасан юм бэ гэж эр­хэм улстөрчдийг уриалмаар байна. 2001 онд хөтөлбөр бол­гоод баталчихсан, 2005 онд хуулийн төсөл хэлбэрээр боловсруулчихсан засаг захир­гааны нэгжийн шинэчлэл рүү хөтөлж, үр ашиггүй, үрэлгэн төсөвтэй энэ олон сумдыг алга болгоод өгөөч…

Б.СЭМҮҮН


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж