Дахин өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Дахин өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.01.15/ хуралдаж “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг хуулийн төслийг 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасан юм.

Харин 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн төслийг дахин өргөн бариад байсан билээ.

Хуралдааны эхэнд Төсвийн зарлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тус дэд хорооны бүрэлдэхүүнд бие даагч гишүүдийн төлөөллийг нэмж оруулах санал гарсан тул дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулав.

Дараа нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал хураах болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдээд байгаа шалтгааны талаар тодруулж байсан.

Гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулахдаа, өнөөдөр улсын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 58.3 хувьтай тэнцэж байна. Өр нэмэгдээд байгаа нь дотоодын өр болон валютын ханшны өөрчлөлттэй холбоотой юм. Харин МАН Засгийн газарт хамтарсанаар өрийн хэмжээг өсгөх гээд байгаа юм биш. Гол нь хүрчихсэн төвшинг нь ирэх онуудад буулгаад явах байр суурь баримталж байгаа. МАН Засгийн газарт хамтрахаас өмнө өр өнөөдрийн төвшинд хүрсэн байсан гэсэн тайлбар хийв. Мөн тэрээр,  гишүүдэд нийт өрийн талаар судалгааг удахгүй хүргүүлнэ хэмээн хариулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж