Төрийн нууц задруулсан гэм буруутай гээд буй Ч.Сангарагчаа давж заалдах энэ хуралд өөрийн биеэр оролцохыг хүсч, нийслэлийн Шүүх ч хүсэлтийг нь хянаж үзээд зөвшөөрсөн тухай “АЭ” мэдээлж байсан. Гэсэн ч хэвлэлээр энэ бүхэн ил болсон учраас гэсэн сонин тайлбартайгаар нийслэлийн шүүхийнхэн гаргасан шийдвэрээ цуцалжээ. Яагаад?!
Асуулт 1. Түүний үгээс хэн эмээв
Ч.Сангарагчааг үг хэлэхийг зөвшөөрсөн шүүхийнхэн шийдвэрээ цуцлав. Энэ тухай мэдээллийг олон нийтэд тараасан гэж нийслэлийн Шүүхийн удирдлагууд хэвлэл хариуцсан ажилтнаа буруутгаж, цалингийн 20 хувиар торгохоос наагуур юм болсон нь ямар учиртай байв. Хэрэгтэн өөрийгөө өмгөөлж үгээ хэлэх гэсний төлөө түргэн авч, хэвлэлийн ажилтнаа торгож шийтгэхдээ хүрсэн нь юуг ил болгохоос болгоомжилсных вэ. Ч.Сангарагчаа хоригдохоосоо өмнө Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт хэрэг үүсгэн шалгасан. Энэ хэрэг мөнөөх байгалийг хамгаалах урт нэртэй хуулиас үүдэлтэй. Ашигт малтмалын газрын дарга хууль хэрэгжиж эхэлснээс хойш 192 лецинз олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тэр лицензийн ард хэн нуугдаж байв. Хуулиас давсан шийдвэрийг жирийн нэг иргэд гаргуулдаг бил үү. Ч.Сангарагчаа хэргийг шалгуулах явцдаа 192 лицензний ард хэн байсныг мэдэж, төвөгтэй учигны үзүүрээс атгасан байж болох. Улс төр, бизнесийн бүлэглэлийн луйврыг бариад авсан албан тушаалтныг зүгээр нэг тавьчихгүй. Хэргийг шалгах явцад өөр ноцтой зүйлс ч илэрч болно. Ийм тохиолдолд тэд хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар бүх талаас довтлох нь мэдээжийн асуудал. Яагаад гэвэл жинхэнэ луйвар нь илчлэгдэнэ шүү дээ. Эх сурвалж Ч.Сангарагчаад тэдгээр лицензийн ард буй эрхмүүд санал тавьсан тухай ярианы завсарт хавчууллаа. Хэргийг хаах санал. Мэдээж Ч.Сангарагчаа түүнийг нь зөвшөөрсөн бол өдийд хоригдохгүй байсан. Хариулт ойлгомжтой байна.
Асуулт 2. Улстөрчид холбоотой юу?
Мэдээж энэ хэргийн талаар УИХ-ын гишүүдээс асуувал гурван үндсэн хариултыг л хэлнэ. Эхний хэсэг нь “сайн мэдэхгүй байна”. Ингэж хэлэх хүмүүс юугаа ч мэдэхгүй байж болох ч эсэргээрээ хамгийн сайн мэдэх магадлалтай товаришууд. Дараагийнх нь “Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой” эсвэл “Хэлэлцүүлэх ёстой байсан” гээд буй нөхдүүд. Тэд өөрсдийнх нь эрх ашигт үл харшлах учраас ингэж хэлэх нь гарцаагүй. Хамгийн сүүлчийн “Шүүх шийдэх байх” гэх хариулт эргэлзээтэй. Тэд л ханцуйн дотроо сэм тохиролцохыг оролдогсод байж болно. Лицензийнх нь асуудал босоод ирэхээр Ч.Сангарагчааг “Болихгүй бол албан тушаалтай чинь ярина” гэж сүрдүүлж, мөнөөх нь намын хамгаалалтдаа найдаад гэдийсэн байж болох. Өмнө нь улаан цээжээрээ хамгаалж байсан МАН-ынхан энэ удаад түүнийг хамгаалсангүй. Яагаад гэвэл өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн хүнийг хамгаалах магадлал нэг хувьтай, харин 99 хувь нь тонилгох товчлуурыг дарах нь мэдээж. Гэхдээ МАН түүнийг заавал шоронд шилжүүлэх шаардлагагүй байсан. С.Эрдэнэ мэтийн УИХ-ын гишүүдийг дэмжсэн болоод “Ажлын хариуцлага алдсан” гээд ажлаас нь хөөгөөд явуулчихаж ч болно. Гэхдээ тэгээгүй. Яагаад тэгээгүй вэ. Ганц МАН ч биш. МАН, АН-ын нөхдүүдийн эрх ашиг энд хөндөгдсөн юм биш үү. Тиймээс л аль аль нь өдийг хүртэл чимээгүй явлаа. Энэ асуудлыг эцсийн шүүхээр хянах хүртэл асуудлыг намжааж, өөрсдийн төлөвлөгөөг боловсруулах цаг хугацаа тэдэнд хэрэгтэй байлгүй. Төрөөс компаниудын хохирлыг барагдуулах мөнгө байхгүйгээс хэрэгжихгүй болсон хуулийг ч өөрчилж болно. Өөрөөр хэлбэл хууль бус лицензээ хууль ёсны болгох мэргэн санаа яагаад байж болохгүй гэж….
Асуулт 3. Эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр шоронд хийж болдог юм уу
УИХ-ын гишүүдтэй адил АТГ-ын дарга нарт ч халдашгүй эрх, ямба бий. Тэрхүү эрх, ямбыг нийтэд нь тунхагласнаас бус УИХ-ын гишүүн тийм байна, Авлигатай тэмцэх газрын дарга нар түүнээс доогуур байх ёстой гэж тусгаагүй. Тэгвэл өмнө нь прокурор УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат зэрэг гишүүнийг хэрэгт татан шалгаж байгаа учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг шаардсан. Гэтэл хэнийг нь ч түдгэлзүүлээгүй. Яг Ч.Сангарагчааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шиг. Гэхдээ хууль хоёр өөрөөр үйлчилсэн. УИХ-ын гишүүдийг шалгах боломжгүй болж, эцэстээ хэрэг замхарсан. Харин бүрэн эрх нь хэвээрээ байхад Ч.Сангарагчааг барьж хориод, ял төлөвлөөд яллачихлаа. Хууль ингэж өөр өөрөөр үйлчилж байна. Нэгийг нь нөгөөгөөр нь намнуулж чадлаа, улстөрчид. Ерөнхий прокурор ийм идэвх чармайлттай эл хэргийг эцэслэх гэж буй нь улс төрийн нөлөөлөл байх магадлалтай. Гэхдээ энэ бол зүгээр л таамаг төдий зүйл. Хамгийн гол нь, УИХ-ын гишүүдийг хамгаалж болсон бүрэн эрх АТГ-ын дарга нарыг яагаад хамгаалж чадалгүй торны цаана суулгав гэдэг асуудлын гол гогцоо. Ном ёсоор нь хуулийн дагуу шийдсэн бол тэднийг хорих боломжгүй гэх тайлбар хэвлэлүүдээр гарах байсан биз. Гэхдээ АТГ-ын дарга нарын бүрэн эрх бусад хүмүүсийн бүрэн эрхтэй, ашиг сонирхолтой харшилснаас л ийм юм боллоо гэж хэлэхэд амархан. Харин цаана нь юу байсан бэ. Хэний эрх ашгийг хөндсөн болохоор халдашгүй бүрэн эрхийн хамгаалалт байхгүй болчихов гэдэг ч ойлгомжтой. Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцож үгээ хэлсэн бол хэний тухай, юу ярих байсан бол. Зөвхөн өөрийгөө хамгаалах байсан бол тэрээр ийм хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хэргийнхээ талаар, чухал баримт дэлгэхийг оролдсон байх гэж бодох бүрэн үндэстэй. Ч.Сангарагчаа насаараа хууль, хяналтын байгууллагад ажилласан хүн. Хаана, хэнд, юу хэлэхээ мэдэх толгой. Сүүлийн хэдэн жил авлигын хэргүүдийг зангидаж, шалгаж байсан ч нэгийг нь ч шүүхэд шилжүүлээгүйг бас бодох ёстой.
Асуулт 4. АТГ-ын дарга нарыг яагаад зайлуулаад байна
АТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн агсан бусдын гарт амь үрэгдээд бүтэн дөрвөн жил өнгөрөв. 2007 оны аравдугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө болсон энэ хэрэг ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсных шиг амьд гэрчтэй. Бүр зургаан гэрчтэй. Тухайн үед Б.Дангаасүрэн агсан албан томилолтоор Австрали улсад ажиллаж байгаад учир битүүлгээр үрэгдсэн. Хоёр нүдийг нь ухаад авчихсан түүний цогцос цаасан хайрцагтайгаар Монголд ирж байлаа. Түүний дараа буюу 2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Ч.Сангарагчаа Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажилласан.
Энэ хоёр даргын мөрдүүлсэн, өнөөг хүртэл шүүхэд шилжүүлээгүй хэргүүд дунд хэний нэр дээр ямар хэрэг байна. Ямар хэрэг байдаг болохоор өмнөх дарга нь учир битүүлгээр амь үрэгдэв. Хоёр дахь дарга нь хорих ял аваад тоглоомоос гарав. Өнөө хэр нь Б.Дангаасүрэн агсныг юунаас болж амь үрэгдсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Ер нь ч тэр хэргийн араас хэн ч яваагүй. Хэн гээчийн хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөж байгаа болохоор өдий удаан хугацаанд хэрэг илрэхгүй, илэрч болзошгүй байдалтай эгзэгтэй мөчид дарга нар нь золигт гараад байна аа. Ямар учраас…
Юунаас болоод томилсон нам нь хамгаалахгүй, найз нөхөд нь нүүр бууруулаад, шүүгчид үгийг нь хэлүүлэхээс татгалзаад байна вэ!?
"Ардын эрх" сонин