Хүн бүр шахам ингэж асуудаг. “Энэ мобиком болиосой. Хамгийн анх үүссэн, хамгийн олон хэрэглэгчтэй компани байж үнэ ханшаа буулгах талаар огт дуугарахгүй юм” гэсэн шүүмжлэл олонтаа сонсогддог. Тиймээс бид “Мобиком” корпорацийн Хууль эрхзүйн бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Энхбаттай уулзаж, “Мобиком” үйлчилгээний үнэ ханшаа бууруулахгүй байгаагийн учир шалтгааныг тодрууллаа.
-Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос хамгийн сүүлд гаргасан мэдээллээр манай компани нийт зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж байгаа. Юнител гэхэд 30 гаруй хувьтай байх жишээтэй. Манай компанийн хувьд зах зээл дэх өрсөлдөөнд маш таатай ханддаг. Өрсөлдөөнөөс хэрэглэгч л хожно шүү дээ. Хэрэвзээ бидний хүссэнээр үйлчилгээний үнэ ханшийг тогтоосон бол Мобикомын хэрэглэгчдийн яриа, мессежийн тариф аль хэдийнээ буурах байсан. Харамсалтай нь, ХХЗХ-ноос манай компанийг үнэ буулгахыг зөвшөөрдөггүй юм.
-Монополийн тухай хуультай холбоотойгоор Мобикомын үнэ ханшийг барьдаг гэсэн тайлбарыг ХХЗХ-оос өгч байсан. Одоогийн байдлаар Юнител компани ч хэрэглэгчдийн тоогоороо зах зээлийнхээ 33 хувиас илүүг эзлээд эхэлжээ. Тэгэхээр танай компани үнэ ханшаа буулгах боломжтой болж байгаа юм биш үү?
-Тэр асуудлыг ХХЗХ болон холбогдох бусад байгууллагууд шийдэх хэрэг. Манай компанийн хувьд маргааш ч үнээ буулгахад бэлэн. Энэ талаарх хүсэлтээ ч холбогдох газруудад байнга өгдөг.
-Яриа мессежийн тариф өндөр байгаагаас хэрэглэгчийнхээ цөөнгүй хувийг бусад операторуудад алдаж байгаа гэсэн үг үү?
-Хэрэглэгчээ бусдад алдсан гэдэг дээр тооцоо судалгаатай мэдээлэл хэрэгтэй. Харин манайхыг үнээ буулгачих юм бол бусад компаниас илүү манайхыг сонгох хэрэглэгчид олон байгаа. Манай компанийн хувьд техник, технологи, үйлчилгээний чанарын хувьд байнга хөрөнгө оруулалт хийж, шинэчилж сайжруулж байдаг. Энэ л манай давуу тал.
Д.ЦЭЭНЭ