"Гал үндэстэн холбоо"-ноос Ноён уул, Улаанбадрах сумын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Гал үндэстэн холбооны гүйцэтгэх захирал Я.Хундагнай, Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, М.Баатархуяг нарын бусад хүмүүс оролцсон юм. Гал үндэстэн холбооны гүйцэтгэх захирал Я.Хундагнай хэлэхдээ:
-Ноён уул нь Хүннүгийн үеийн үнэт олдвор оршдог түүхэн, ариун дагшин газар боловч уулын сав газарт алт олборлох нийт 42 лиценз олгогдоод байна. Урт нэртэй хууль үйлчилж байгаа ч гэсэн "Сэнтра Гоулд" компани хайгуул хийж байгаагаас гадна зам тавьж байгаа нэрээр ой модыг сүйтгэж байна. Бидний түүхэн газар шороог сүйтгэх гэж буй энэхүү хууль бус үйл хэргийг бид зүгээр харж сууж болохгүй. Мөн Улаанбадрах сум нь одоо болтол гамшгийн хэмжээнд байгаа. Худаг ус асар их бохирдсон хэдий ч нутгийн ард иргэд хортой бохир усыг уусаар байна. Улаанбадрах сумын иргэд нүдний ханиад ихээр тусч, хонь малын нүд цагааран үхэж байгаагаас гадна дотор эрхтнүүдэд нь өөрчлөлт орсноос болж үхэж байна гэв.
Хөх толботой Монгол хүн л юм бол Монголынхоо газар шорооны төлөө тэмцэх ёстой. Монголын газар шороо, үнэт баялгууд гадаад компануудын золиос болж байгаа үйл явдлыг таслан зогсоохыг Гал үндэстэн холбооныхон уриалсан юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар. Гэтэл Ноён уулын хөндийд алт олборлох лиценз олгогдоод байгаа юм байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хувьд Францын "Арева" группын охин компани "Кожеговь" ураны олборлолт хайгуул хийгээд хоёр жил болж байна. Үүний уршгаар байгаль орчин, мал амьтан, хүн амд багагүй хохирол учирсан гэлээ.
Б.БИЛГЭЭ