Сүүлийн үед ажил эхлэх болон ажил тарах үеэр төв замуудаар автомашины түгжрэл үүсдэг болсон. Түгжрэл үүсэх шалтгааны нэг хэсгийг хулгайн буюу зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэгчид эзлэж байна гэж үзэх иргэд цөөнгүй байна. Учир нь томоохон худалдааны төвүүдийн ойролцоох зогсоол болон хүн ам ихээр зорчих хэсгийн ойр орчмын зогсоолуудад хууль бус таксинууд зогсож улмаар нийтийн тээврүүд зогсоолгүй болж автомашинууд 2 эгнээгээр зогсож байгаа тохиолдол их. Эрдэнэт хотын хэмжээнд зөвшөөрөлгүйгээр таксинд тогтмол явж байгаа 200 орчим иргэн байдаг аж.
Хууль бусаар таксинд явж байгаа иргэдэд эхний ээлжинд сануулга өгч, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд 30,000 төгрөгөөр торгож улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нугалах хэмжээний мөнгөн торгууль ногдуулах хуулийн заалт байдаг байна. Эдгээр торгуулийн арга хэмжээг авсан ч гэлээ хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдийн тоо буурахгүй байгаа. Шалтгаан нь эдгээр такси үйлчилгээнд хяналт шаардлага тавьдаг байцаагчид цөөхөн.
Мөн иргэд өөрсдийн аюулгүй зорчих байдлыг анхаардаггүйтэй холбон тайлбарлаж байна. Хууль бус такси үйлчилгээг өнгөцхөн харахад хэн нэгэн амьдрахын төлөө л хийж байгаа зүйл гэж үзэж болох ч үүний цаана хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой хариуцлага түүнчлэн ёс журмынх нь дагуу ажлаа хийж яваа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэгчдийн эрх ашиг ч хөндөгдөх юм. Манай аймгийн хэмжээнд зөвшөөрөлтэйгөөр буюу стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх 650 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байдаг байна. Энэ нь Эрдэнэт хотын хэмжээнд байгаа нийт зогсоолуудад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний такси байгаа гэсэн үг юм. Харин хулгайн буюу хууль бус такси үйлчилгээг зогсоохын тулд зөвшөөрөлтэй таксины зогсоолын тоог нэмэх шаардлагатай байгааг албаны хүн онцолж байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn