Улсын филармони нь шинэ оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт нэгдүгээр сарын 15-нд Улсын филармонийн концертийн танхимд болох юм.
Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал “Адажио” Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.
Дашрамд сонирхуулахад “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдэд хөгжмийн урлагтай холбоотой олон нандин түүхийг хуваалцах аж.
Э.ТЭКҮ