Ж.Билгүүн: “Чингис хаан. Үхэж үл болно”-ны II ангийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Ж.Билгүүн: “Чингис хаан. Үхэж үл болно”-ны II ангийг хийнэ

“Илүү
сартай шөнө”, “Сүүдэр”, “Төрийн сүлд минь өршөө” кино зохиол, “Хаан
түүх”, “Би эрчүүдийг хүснэ”, “Шөнө дундын бүжиг” зэрэг драмын олон
алдартай бүтээлийг туурвисан зохиолч Сорогдогийн Жаргалсайхан Монголын
урлагт дуурсах нэртэй эрхэм хүн байлаа.  Түүний хүү Ж.Билгүүн Япон улсад
урлагийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эх орондоо ирээд байхад нь
уулзаж ярилцлаа. 

-Та Японд чухам ямар ажил эрхэлж байна вэ?
-2001
онд Токиогийн “Каёо” ахлах суруульд суралцаад дараа нь урлагийн
сургуульд жүжигчин, найруулагч мэргэжлээр сурч төгссөн юм. Одоо “Avex
international” гэдэг компанийн Зүүн Азийн орнуудад явуулдаг үйл
ажиллагааг хариуцан ажиллаж байна. Урлагийн салбарт  менежмент,
маркетинг хийдэг байгууллага юм.


-Гадаадын урлагийн нэртэй том компанид ажиллаж байгаа хүний хувьд харахад Монголын урлагийг дэлхийд гаргах бололцоо хэр байх юм?

-Манай
урлагийн түвшин нэг үеэ бодвол гайгүй дээшилсэн. Урлагийг хөгжүүлэх
чухал алхмууд хэдийнэ хийгдсэн байна. Хэд хэдэн том продакшн ч бий
болчихож. Нэг ёсондоо зөв гольдролдоо орсон харагдаж байна. Монголын
урлагийг дэлхийд гаргахын тулд дутагдаж буй зүйл гэвэл үйлчлүүлэгч,
сонсогч, үзэгчдийн тоо бага. Од гэдэг чинь зүгээр явж байгаад олонд
танигдчихгүй. Тодорхой тооны худалдан авагч, шүтэн бишрэгчид байж
гэмээнэ алдар хүнд олж, чадвар чансаагаа харуулах болно. Гэтэл манай хүн
ам цөөн. Улаанбаатар хот доод тал нь найман сая хүнтэй бол урлагийн зах
зээл хөгжинө, урлагийнхан ч нэг их толгойгоо өвтгөх шаардлагагүй болно.
Зах зээл байхад хүнээ бэлдээд, сайн менежмент хийгээд гаргаад ирвэл
зовлонгүй хөгжчихнө. 

-Ур чадварын хувьд манай урлагийнхан дэлхийд гологдохгүй биз?
-Манай
язгуур урлаг бол давтагдашгүй, өөр бусад орнуудтай өрсөлдөх ижил
төрлийнх биш учраас энэ тал дээр хаана ч үнэлэгдэнэ. Харин  поп, жааз,
транс, рок төрөлд дутагдалтай тал мэдээж байгаа. Ер нь манайхан дэлхийд
гарах бололцоо бүрдсэн гэж бодож байна. Японд бол дуучныг нэр хүндтэй
болгож зах зээлд гаргахын тулд зөвхөн реклам, сурталчилгаанд гэхэд хэдэн
зуун саяар нь хаяж байж дараа нь хаана тоглолт хийх, цомгийг нь яаж
зарах гэдэг асуудал яригддаг. Эн тэргүүнд рекламдаа анхаарч мөнгө
төсөвлөдөг, зарцуулдаг гэсэн үг юм. Дараа дараагийн асуудалд зарцуулах
хөрөнгө нь нийлээд бараг нэг улсын төсөв батлахтай адил, тийм менежемент
хийдэг. Их мөнгө зарцуулж, сурталчилгаа сайн хийхгүйгээр нэрд гарна
гэдэг зарчим байхгүй. Сая төгрөг зарцуулаад эргээд гурван саяын ашиг
олно гэж төлөвлөнө, нарийн судалгаа хийнэ. Тэгэхээр манайхан бас ийм
зарчмаар ажиллавал хаана ч гарч ирэх бүрэн бололцоотой. Нэг ёсондоо ганц
авьяас хангалтгүй гэсэн үг.

-Монголдоо ирээд урлагийн салбарт “Ийм л зүйлийг хийх юм шүү” гэж бодож төлөвлөсөн зүйл бий юу?
-Манайхан
газрын баялагаа дэлхий нийтэд гаргаж чадаж буй мөртлөө урлагийг дэмжих,
энэ чиглэлээр гадаадтай холбоо тогтоох тал дээр тун маруухан ажиллаж
байх шиг. Н.Жанцанноров гуай нэг удаа ингэж хэлсэн байдаг. “Газрын
баялаг гэж ярихын оронд биднээс хэзээ ч булааж авч чадахгүй, дуусашгүй
урлагийг хөгжүүлэх тал дээр анхаармаар юм. Ядаж газрын баялагаар орж ирж
байгаа мөнгөний урсгалтай цуг энэ урлагийг давхар сурталчилж, хамт
хөгжүүлж байх хэрэгтэй. Газрын баялаг нэг л өдөр дуусна. Тэр цагт бидэнд
урлаг л үлдэнэ” гэж ярьж байсан. Гадныхныг газрын баялагт бус, урлагт
хөрөнгө оруулдаг болгох алхмыг урлагийн чиглэлээр гадаадад суралцаж буй
залуус бид хийх ёстой. Миний хувьд Японоос хөрөнгө оруулалт татаж
урлагийг цогцоор нь олонд хүргэж чадах шоу, энтертэйнмэнтийн том
компанийг эх орондоо байгуулна гэж бодож байгаа. Тухайн  уран
бүтээлчийн, зах зээлд амжилттай ажиллах бүхий л менежментийг л хийх
компани юм.

-Таныг “Еэ еэ шар Буд аа” кинонд тоглосныг мэдэх юм байна. Энэ кинонд тоглосон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Нэг
өдөр аав минь намайг Кино үйлдвэр дээр дуудаж киноны гол дүрд
шалгуулаадах гээд найруулагч Цэцгээ эгчид шалгуулсан юм. Цэцгээ эгч
шалгаад “Найз охинтой болж тоглож чадах уу?” гэж байна. Би чинь их
хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас найз охин энэ тэр гэж яваагүй. Киноны
төгсгөлд охины хацар дээр үнсдэг кадртай, “Зүгээр үү?” гэж асуухад нь
“Зүгээр ээ” л гэсэн, тэгээд л тоглох болчихсон. Энэ кинонд чоно дагуулж
явдаг хэсэг гарах учраас “Айхгүй биз дээ?” гэж асуухад нь хээв нэг
“Айхгүй ээ” л гэж хариулсан юмдаг. Угаасаа гурван настайгаасаа эхлээд
аавыгаа дагаж тайз, кино зургийн ард талд жүжигчидтэй хамт байдаг байсан
учир айж эмээх, сандрах зүйл бараг гараагүй.

-“Төрийн сүлд өршөө” киноны Богд хааны бага насны дүрийг бүтээж байсан байх аа?
-Энэ
кинонд тоглоход аав минь их нөлөөлсөн. Анх удаа үсээ хусуулахдаа дүргүй
хүрээд зураг авалтын үеэр аав руугаа “Ална шүү!” гэж хүртэл бухимдлаа
гаргаж байсан удаатай. 

-Та цөөнгүй кинонд дүр бүтээж амжсан байх. Ер нь жүжигчин болно гэж боддог уу?
-Ухаан
орсон цагаасаа эхлээд киноны зурганд явж урлагтай их ойр байсан. Хүн
ямар мэргэжилтэй болохоо бодож, тунгааж сонгодог доо. Гэтэл миний хувьд
бол ухаан орсноосоо эхлээд л найруулагч, жүжигчин мэргэжилтэй болно
гэдэг бодолтой болчихсон. Аав минь хамгийн сүүлд ярихдаа “Миний хүү
найруулагчаар явбал зүгээр байх аа. Авторын нэр дээр аав, хүү хоёрын нэр
гараад” гэж байсан юм. Өөрөө зохиол бичээд, хүү нь найруулаад явахыг
аав минь их хүсч байсан. Тэгэхээр найруулагч нь жүжигчнээсээ илүүтэй
миний мэргэжил болно гэж боддог.

-Дахин кинонд тоглох бодол бий юу?
-Санал
ирвэл тоглохыг бодолгүй яах вэ. Ер нь бол киногоо найруулаад өөрөө гол
дүрд нь тоглоно гэж бодож байгаа шүү. Үзээд алдахад нэг их буруудах зүйл
байхгүй байх.

-С.Жаргалсайхан
зохиолчийн хойч үеийг залгамжлаж явах хүн бол яахын аргагүй та.
Аавынхаа ажлыг үргэлжлүүлж зохиол бичиж, хийгээгүйг нь хийж явах
хэрэгтэй байх,  тийм үү?

-Би
50 нас хүрсэн хойноо зохиол бичих гэж оролдож үзэж магадгүй.
Сорогдогийн Жаргалсайхан гэдэг хүний хийгээд бүтээчихсэн зүйлийн дэргэд
би бол хэн ч биш. С.Жаргалсайханы хүү учраас зохиол бичих ёстой гээд хаа
хамаагүй юм сараачаад, “Ердөө л энэ үү?” гэж хэлүүлэхийг хүсдэггүй.
Тиймээс эхлээд өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Бэлэн болсон цагтаа л
аавынхаа хийж байсан зүйлийг үргэлжлүүлэх болно. Харин одоо үлдээсэн гар
бичмэлүүдийг нь амьдруулах, хүмүүст хүргэхийг зорьж байна. Түүнээс биш
аавынхаа нэрийг ашиглан карьер хөөхийг хүсдэггүй.


-Аавынхаа бүтээснийг үргэлжлүүлэхийн тулд чухам юу хийнэ гэж?

-Хүнд
олон талын авьяас, юм хийж үзэх оролдлого байдаг. Миний хувьд юуны
түрүүнд кино хийнэ гэж бодож байгаа. Жүжиг бол миний хэмжээнд арай
ахадна. Өөрийнхөө хэмжээнд таарсан кино хийнэ. Би Японд “Монгол киноны
түүх” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалаад “Зүүд” гэж богино
хэмжээний киноны зохиол бичиж байсан. Диплом хамгаалж байхдаа л, “Энийг
заавал дэлгэцэнд амилуулна даа” гэж дотроо бодож байсан, одоо ч
тунгаагаад л явна. Нэг л өдөр гарах байх.

-Аавынхаа уран бүтээлийн нөхөдтэй хэр зэрэг холбоотой байдаг вэ. Бүтээл болж амжаагүй гар бичмэлүүд олон уу?   
-“Хувьсал”
продакшны Г.Цоггэрэл ахтай их холбоотой ажилладаг. Сүүлд “Би эрчүүдийг
хүснэ”, “Шөнө дундын бүжиг” жүжгийг 10 жилийн дараа шинэчилж тавьсан.
“Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр ах “Хубилай хааны
зарилгаар” шинэ киног нь хийсэн. “Чингис хаан. Үхэж үл болно” гурван
ангит кино зохиол бичсэн байсны нэг анги нь гарлаа. Одоо тав зургаан
жүжиг, нэлээд олон киноны зохиолын гар бичмэл байна. Эдгээрийг хэнд өгч
тайз, дэлгэцнээ яаж амилуулахаа бодож байгаа. Н.Сувд эгч хошин
урлагийнхантай уулзаж ярилцаж эхлээд байна. Хамгийн гол нь би гадаадад
байгаа болохоор тэр бүр хүмүүстэй холбогдоод яриад байж чадахгүй
байна.   Амралтаараа ирэхээрээ л уулзаж ярилцах юм. Энд байх хэд
хоногтоо аавынхаа жүжиг, тууж, өгүүллэгийг эмхтгэсэн боть гаргах гээд
ажилдаа орчихсон байна.  Аавынхаа ачийг хариулж буй ажил юм даа.
Дараагаар нь “Чингис хаан. Үхэж үл болно” киноны “Тэнгэрийн зарлигаар.
Хаадын хаад” гэдэг хоёрдугаар ангийг нь хийх талаар Л.Эрдэнэбулган ахтай
ярьж байгаа. Тайзан дээр амилж чадаагүй “Чингис хаан” жүжгийг нь
тавихаар төлөвлөсөн. Энэ мэт олон зүйлийг хийхээр бодож байна. Миний
байгаа бүх өв хөрөнгө бол эдгээр зохиол учраас хүнд хүргэхийн тулд
цогцоор нь ажиллана, өөрөөр хэлбэл  бүх мененжментийг нь хийнэ дээ.

-Манай урлагийнхан таныг хэр хүлээж авч, дэмжиж байх юм?
-Чадах
ядахаараа л туслахыг хичээдэг. Сүүлд урлагийнхныг сонсоод байхад киноны
зохиол их дутмаг байна гэнэ. “С.Жаргалсайхан байсан бол ийм зохиол
гаргах байсан. Энэ цаг үедээ тааруулж, егөөтэй бичдэг дээ” гэж ирээд
бүгд л надад сайхан ханддаг. “Ийм зүйл хэрэгтэй байна аа” гэсэн хүсэлт ч
тавина, би санаанд нь таарсан, хүссэн зохиол нь байвал өгчихдөг.


-Та аавын хэр эрх хүү байсан бэ?

-Овоо
эрх байсан шүү. “С.Жаргалсайханы дэлдэн шар хүн болох уу” гэж яригддаг
байлаа. Хаана ч дуулж бүжиглээд явдаг, хөдөлгөөнтэй ч хүүхэд байсан.
Нийгмийн идэвх сайтай. Аав минь ер нь нэг их олон үггүй хүн л дээ.
Аливаа зүйлийг философи талаас нь тайлбарлана. “Энэ чамд хэрэгтэй юу,
үгүй юу гэдгийг өөрөө шийддэг бай, алдаатай юм байвал аав нь хэлнэ.
Угаалгын нунтаг аваад яаж хувцсаа угаах, таван кг төмсөөр хэдэн хоногийн
хоол хийхийг ээжээсээ сур. Би харин чамд өөрийгөө хэн болгож
төлөвшүүлэхийг сургана” гэдэг байсан. Аав минь надтай ах, сайн найз мэт,
заримдаа бүр дүү мэт харилцдаг байсан юм.

-Эргээд бодоход “Аавыгаа амьд сэрүүн байхад нь ингээд нэг баярлуулчихгүй яав даа” гэж бодох үе гарна биз?
-Хамгийн
сүүлд аавдаа сонгодог урлагийн бага сургууль байгуулах ивээн тэтгэгч
олж өгөөд, ажлыг нь хамтдаа эхлүүлээд байсан. Ер нь би аавдаа
“Баярлалаа” гэдэг үгийг тун цөөхөн хэлж байсан байх гэж боддог. Гэхдээ
намайг хүү нь болж төрөхөд маш их баярлаж байсан байх. Аавын минь сэтгэл
ээж, бид хоёрт их хоргодсон байна гэж лам багш хэлж байсан. Сүүлчийн
мөчид нь хамт байж чадаагүйдээ л их харамсдаг юм. Эцсийн амьсгалыг нь
утсаар сонссон. Би Японд байж таарсан юм. “Гарыг нь бариад, толгойг нь
түшээд эцсийн замд нь үдэх минь яав даа” гэж дотроо маш их харамсдаг.
Аав минь амьдрал дээр дэндүү эгэл хүн байсан. Үргэлжлэл болсон хүү нь
ачийг нь даанч хариулж чадаагүй. Гэхдээ ямар хүн болсон, юу хийж
бүтээснийг минь тэнгэрээс мөнхөд харна байх аа.

-Ээж тань ямар ажил эрхэлж байгаа вэ?
-“Жаргалсайхан”
гэж сан саяхан байгуулаад ажиллаж эхлээд байна. Аавын бичиж туурвисныг
олон түмэнд оюуны бэлэг болгон хүргэх зорилготой. Мөн гадаад хэл дээр
гаргаж, дэлхийд таниулах төлөвлөгөө ч бий.

Е.Цэрка

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж