Эдийн засаг агшина гэж ойлгох хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Эдийн засаг агшина гэж ойлгох хэрэггүй

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өрийн таазыг 70 хувьд хүргэхгүй бол инфляци хэдэн хувьд хүрэх вэ?

-Өрийн таазын тухайд олон маргаан УИХ дээр болсон. Хуулиараа өрийн таазын хэмжээ 40 хувь гэж байгаа боловч одоо 53 хувьтай болсон. Өнгөрсөн баасан гаригт өрийн таазыг 70 хувьд хүргэх асуудал ороод уначих шиг болсон. Бидний харж буйгаар 40 гэдэг тоо нэгэнт зөрчигдсөн. Зөрчигдсөн шалтгаан нь гадаадаас орж ирэх валютын урсгал татарсантай холбоотойгоор ханшин дээр ирсэн өөрчлөлтөөс нөлөөлөл байсан нь ойлгомжтой. Валютын орох урсгал маань сайжирвал өрийн таазын хэмжээ шууд хамааралтай гэж үзэж байгаа. Инфляцийн нөлөөлөл, бодлогын хүүгийн нөлөөллөөс илүү Монгол Улсад орж ирэх валютын урсгал эерэг нөлөөтэй эсэхээс хамаараад бодлогын хүүн дээр шийдвэр гаргахдаа тооцож үздэг. Үнэхээр өрийн таазаа нэмж чадахгүй байгаа бол Засгийн газрын хэлбэрийн зээл аж ахуй нэгжүүддээ өгч чадах баталгааны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн үг. Нэг ёсондоо Засгийн газар нь аж ахуй нэгжүүдээ валютаар дэмжиж чадахгүй, баталгаа гаргаж чадахгүй, гаднаас Засгийн газар шинээр зээл авч чадахгүй гэж байгаа бол Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байх нь гэдэг ойлголтыг дагуулдаг. Тэгэхээр өрийн таазын хэмжээ маань бидний шийдвэрт голлох нөлөө үзүүлдэг.

-Бодлогын хүүг нэг хувиар өсгөх шийдвэр нь ам.долларын ханшид яаж нөлөөлөх вэ. Долларын ханш буурах уу?

-Он гарснаас хойш валютын ханш хоёр хувиар хөдөллөө. Энэ хөдөлгөөн бидний хүлээж байсан хүлээлтээс нэлээд зөрсөн. Гэхдээ доторх эрэлтээ харвал уул уурхайн салбарын сэлбэг, тоног төхөөрөмж нэлээн өндөр байсан нь энэ салбарт энэ онд эерэг хүлээлт байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас валютын орох урсгал маань бидний бодож байснаас сайнаар гарсангүй. Дээрээс нь валютын цэвэр нөөц 12 сард эерэг мэдээтэй байсан. Нэлээн удаа хүлээгээд байсан валютын нөөцөө 12 дугаар сард бага зэрэг нэмж авлаа. Ингэснээр ханшийн бодлогод нөлөөлөх бололцоог нэмж өгч байна.

-Бодлогын хүүг 13 хувьд хүргэсэн нь эдийн засагт хэр зэрэг агшилт авчирах вэ?

-Макро тооцоог нэлээн дэлгэрэнгүй хийсэн. Олон улсын валютын сангийн тооцоогоор 2015 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарна гэсэн төсөөлөл байна. Жишээ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум ам. доллараар нэмэгдвэл яах вэ, хоёр тэрбумаар нэмэгдвэл яах вэ гэдэг асуултын хариулт нь том бодлогын сонголт, эрсдэл өгөөд байна. 2010 оны жишээг дурдахад тэрбум долларын хүлээлтээс давсан валютын урсгал ханшин дээр 100 төгрөг болж гарч байсан. Заавал эдийн засаг агшина гэж ойлгох хэрэггүй. Макро баланс хадгалагдаад, валютын орох урсгал маань сайжирч байгаа тохиолдолд эдийн засаг тэлэх бололцоогоо валютын орох урсгалаараа нөхөх нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрч байна. Дээрээс нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг олон удаа ярьж байна. 2011 онд 17 хувь байсан эдийн засгийн өсөлт 2014 онд 13 болж буураад одоо 5.4 хувь болтлоо буурахаар байна. Бодит эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон эдийн засгийн бий болж байна гэж харж байгаа. Хэрэв валютын орох урсгал сайжирвал урт хугацааны эдийн засгийн өсөлтийн суурь болгох ёстой юм. Бодлогын шийдвэр маань бодит нөхцөл байдал дээр суурилсан, хэрэв эерэг өөрчлөлтүүд гарвал энэ шийдвэрээ эргэж харахад бэлэн.

-Гаднаас нэгэнт валют орж ирэхгүй бол Монголбанк ханшаа яаж хадгалах юм бэ. 2015 оны эцэс гэхэд Монгол Улсын эдийн засаг ямар хөрсөн дээр буух вэ?

-Монгол улсад энэ жил орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгойг оруулаад 2008 оныхоо түвшинд очсон. 2008 онд эдийн засагт одоогийнхоос гурав дахин бага долоон их наядын эдийн засаг байсан өнөөдөр 21 их наядын эдийн засагтай болсон. Одоогийн энэ валютын орох урсгалын түвшинд эдийн засгийг өсгөхөд цааш авч явахад хүндрэлтэй. Хийгдэх ёстой ажлын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн эхэнд орно. Өнгөрсөн жил манай экспортын хэмжээ өслөө. Өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс бий. Газрын тос, алт, зэсийн экспорт өсч төмөр, нүүрс сул хэвээр явсан. Эндээс харахад бидэнд нөөц бололцоо байна гэж харж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт амархан сэргэчихдэггүй. Хийгдэх ажил, ажилбарууд маш их. Үүнд Засгийн газар анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

-Уул уурхай дээр байгаа эерэг хүлээлт бодитой харагдаж чадаж байна уу?

-Лиценз болгоны ард хайгуул байдаг. Хайгуул хийнэ гэдэг нь тоног төхөөрөмж гаднаас импортолно гэсэн үг. Энэ нь валютын эрсдлийг үүсгэх болов уу гэж харж байна.

-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Орлого, зарлагыг 900 гаруй тэрбум төгрөгөөр танахаар байгаа шүү дээ. Энэ тохиолдолд бодлогын шийдвэр төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байна вэ. Уг нь төсвийг нэг их наяд төгрөгөөр танавал төсвийн бодлого, мөнгөний бодлоготой уялдана гэж байсан шүү дээ. Энэ дагуу төсвийг их наяд орчим төгрөгөөр танахаар болж байна. Гэтэл эсрэгээрээ Монголбанкны бодлогын хүүд өөрчлөлт орж байна?

-Тийм өнгөц ойлголт яваад байна. Төсөв танагдаж байгаа учраас мөнгөний бодлого сул байж болно гэх ч юм уу. Тэгэхээр мөнгөний бодлогод нөлөөлдөг хэсэг маань төсвийн алдагдлын хэмжээ болохоос биш нийт мөнгөний хэмжээ биш л дээ. Төсвийн орлого зарлагын төлөвлөлт нь анхнаасаа 2014 онтой харьцуулахад 2015 онд 18 хувиар өсгөнө гэсэн хүлээлттэй явж байсан. Тэр амьдрал дээр хэрэгждэггүй гэдгийг бүгд мэддэг. Сүүлийн хоёр жилд төсөв маань нэг их наяд төгрөгөөр тасарч явсан. Энэ маань өөрөө дуусаагүй барилгууд, банкууд дээр хугацаа хэтэрсэн зээл болон хувирч, оноо дуусгадаг байсан. Нэгэнт ирэхгүй мөнгийг байхгүй гэж тооцож байгаа нь мэдээж эерэг зүйл. Бодит хөрсөн дээрээ бууж байна гэсэн үг. Гэхдээ төсвийн орлого, зарлагын зөрүү буюу алдагдал маань одоо бидний харж байгаагаар өндөр хэвээр байна. Нэгэнт өндөр хэвээр байгаа тохиолдолд энэ маань өөрөө дотоодын санхүүгийн зах зээлээсээ тэр зөрүүг хаана гэсэн үг. Ингэж хааж байгаа үед дотоодын санхүүгийн сектор, банкны салбарын зээлийн өсөлтөд энэ маань муугаар нөлөөлнө. Тийм учраас бид бодлогын арга хэмжээнд төсвийн алдагдлыг заавал тооцохоос өөр аргагүй байдаг. Төсвийн орлого, зарлагыг хоёр талаас нь 900 гаруй тэрбум төгрөгөөр танаж байгаа нь мэдээж эрүүл буюу бодит хөрс рүүгээ буулгаж байгаа хэрэг. Гэвч төсвийн алдагдал нь бодлогын шийдвэрт голлох нөлөөтэй. Оны төгсгөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3.7 хувьтай гарлаа. Дээрээс нь одоо Хөгжлийн банкийг оролцуулаад тооцохоор ирэх онд долоон хувь руу дөхөх шинжтэй байна. Энэ маань өөрөө мөнгөний бодлогод нөлөөлдөг гол суваг юм. Төсвийн орлого зарлагыг 900 тэрбумаар бууруулсан нь худлаа төлөвлөдөг байснаа л зөв төлөвлөдөг боллоо гэсэн үг. Ойлгомжтой нэг ойлголт бий л дээ. Орлогоо хэт өндрөөр төлөвлөөд барилгуудыг захиалаад, тэр барилгууд нь банкны зээлээр санхүүжээд оны төгсгөлд мөнгө нь төсвөөс ирэхгүйгээс дуусдаггүй барилгууд бий болох практик нэлээн хэдэн жил явчихлаа. Төсвийн орлого нь төлөвлөсөн тоондоо хэзээ ч хүрдэггүй, зардлаа гаргаж чадахгүй байна. Энэ алдагдал нэг их наяд төгрөгт хүрээд хэдэн жил явчихсан учраас банкууд бидний яриад байгаа хугацаа хэтэрсэн зээл буюу эрсдэл нэмэгдэж байгаа талаар ярих нь зүй ёсных. Энэ жилийн төсөв дээр хөрөнгө оруулалтын төсвөө бодитой төвшинд авчирч байгаа нь бий болж магадгүй байсан эрсдэлтэй зээлийг бууруулахад дөхөм болно.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэдэн тэрбумаар нэмэгдэж ханшийн өсөлтөд бодитоор нөлөөлөх вэ?

-Хэдэн доллар, хэдэн төгрөгийн ханштай байх нь судалгаан дээр суурилж тооцдог. Мэдээж миллиард доллар илүү ороод ирвэл ханшид 100 төгрөгөөр нөлөөлдөг юм байна гэж. Сүүлийн 2-3 жилийн дотор эдийн засагт зургаан тэрбум долларын дутагдал үүслээ. Энэ нь ханшид 400-500 төгрөгийн нөлөөлөл гаргалаа.

-Төсвийн тодотголоор орлого зарлагыг 900 тэрбумаар хассан ч алдагдлаа 2 хувь байсныг 4 болгож өсгөсөн шүү дээ?

-Төсвийн алдагдал өндөр байгаа нь макро эдийн засагт муу. Энэ бол бодлогын хүүг нэмэх үндсэн шалтгаануудын нэг нь. Төсвийн алдагдал бага байх нь эдийн засагт хувийн секторт үйл ажиллагаа явуулах орон зайг нэмж байна гэсэн үг. Товчхондоо долоон их наяд төгрөг дээр 4 хувийн зөрүү буюу энэ үнийн дүнгээр нийт хувийн сектор дээр ирэх мөнгөний өсөлтийг бууруулж байгаа юм.

-Арилжааны банкууд зээлээ хумих, хүүгээ өсгөх бодлого барих уу?

-Зээлийн хүүний тооцоонд ордог гол тооцоолол нь бодлогын хүү мөн. 2012 онд бодлогын хүү 13.25 хувь байхад инфляци 14 хувьтай, зээлийн хүү 18 хувьтай байсан байна. Эндээс бодлогын хүүг нэмэх нь зээлийн хүүнд шууд хамааралтай гэхээс илүү зээлийн эрсдэл нөлөөлдөг гэж хэлж болно. Тэр өнцгөөс харвал эдийн засагт бий болоод буй эрсдэл буюу валютын орох урсгал нэмэгдвэл заавал зээлийн хүүг нэмэх шаардлагагүй. Оны эхний хагаст болох үйл явдлууд хамгийн их нөлөөтэй байна.

-Монголбанк яг хэдий хэмжээний валютын нөөцтэй вэ?

-Нэг ойлгомжтой тоо байдаг. Валютын нөөцийн талаар Ерөнхий сайд хангалттай ярьлаа. Би албан ёсны тоогоо хэлэе. Монгол Улсын валютын нөөц он дуусахад 1,6 тэрбум ам.доллар байлаа. Энэ нь манай улсын импортын 4.9 сарын хэрэгцээтэй тэнцэж байгаа тоо. Олон улсын валютын сангийн стандартаар 12 долоо хоног буюу 2.8 сарын хугацааны импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй бол эрсдэлгүй гэж үздэг. Бидний тооцоогоор ойрын хугацаанд макро түвшинд эрсдэл үүсэхгүй. Харин валютын орох урсгал нэмэгдээд байвал эдийн засгийн өсөлтөд дэм болно гэж төсөөлж байгаа.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл цаашид үргэлжлэх үү?

-УИХ-аас өгсөн үндсэн чиглэл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд, эдийн засагт нийлүүлсэн найман хувийн моргейжийн зээл, барилгын салбарыг дэмжсэн зээлүүдийг үе шаттайгаар бууруулах. Хөтөлбөр маань анхнаасаа 3 жилийн хугацаатай гэж бичигдсэн байсан. Үүнийхээ дагуу л явж байгаа. 2013 оны есдүгээр сард нийт дүн нь 3.3 их наядад хүрч байсан. Энэ тоо өнөөдөр 2.2 их наяд байна. Оны төгсгөлд нэг их наяд дээр ирнэ. Энэ тооныхоо хүрээнд ажиллана. Гол хүндрэл нь гаднаас орж ирэх 10 долларын 9 нь уул уурхайгаас хамааралтай байна. Энэ есийн дөрөв нь алга болчихлоо. Нэг салбараас их хамааралтай бүтцээ өөрчлөхгүй бол нэг мөчлөг дахиад л ирнэ. Одоо энэ мөчлөгөөс гарлаа ч 4-5 жилийн дараа дахиад л ирнэ. Тиймээс хийх зүйл маань бүтэц дотроо хийх өөрчлөлт юм байна. Төсөв өндөр алдагдалтай, буруу төлөвлөж болдоггүй юм байна, хуримтлал руу чиглэсэн зээл рүүгээ анхаарах нь зөв байна гэдэг бодлогын шийдлүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс гаргаж байгаа.

-Моргейжийн зээлийн хүү өөрчлөгдөх үү?

-Бидний тооцоо байна л даа. Найман хувийн эх үүсвэрт эдийн засаг дотор хэдэн хувь нь эргэлдэж байна вэ. Одоогоор нийт гаргасан мөнгөний 1.1 их наяд төгрөг нь найман хувийн зээл дээр сууж байна. Жилийн өмнөх найман хувийн зээлийн эрэлт гурав дахин багассан. Эрэлт нэгэнт багасч байгаа учраас үүнийг дагаад эх үүсвэрүүдийг буцаахгүйгээр банкуудад өгөөд явж байгаа. Харин зээлийн хүүг долоо эсвэл ес болгож болно гэдэг асуудлыг Монголбанк түрүүчийн Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаараа эргэж харж ярьсан. Иргэдийг хуримтлал руу чиглүүлсэн хамгийн зөв бодлого нь найман хувийн зээл байсан учраас хүүнд өөрчлөлт оруулах хэрэггүй гэж үзсэн. Найман хувийг ес, 8.5 хувь болгосон тохиолдолд иргэдэд ирж буй ачаалал 20-30 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Тиймээс найман хувийн зээлээ энэ чигээр нь үргэлжлүүлээд явах нь зөв гэдэг бодлогын шийдвэр гаргаад байна.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж