Хонконгийн
Урлагийн Төвөөс зохион байгуулдаг “ifva” буюу Бие даасан богино
хэмжээний киноны наадмаас Монголын баримтат кино шагнал хүртжээ. “Азийн
шинэ хүч” хэмээх номинацид манай тивийн 500 гаруй найруулагчдын бүтээл
ирснээс Монголын “Зуд. Хүйтэн симфони” баримтат кино шүүгчдийн тусгай
шагналд шалгарчээ. Өнгөрсөн өвөл, хавар Монголд болсон зудны тухай эгэл
жирийн малчин айлын амьдралаар харуулсан энэ баримтат киног Азийн кино
сүлжээний захирал, хатагтай Аруна Васудев “Хүн, байгалийн тэмцлийн тухай
өгүүлсэн гайхалтай бүтээл болжээ. Монголын кинотой өмнө нь бид ойр дөт
танилцаж байсангүй. Анх танилцсан бүтээлийн маань чансаа маш сайн байгаа
нь сэтгэл хөдөлгөж байна” хэмээн үнэлжээ. “Зуд. Хүйтэн симфони”
баримтат киноны зохиогч, найруулагчаар М.Буянбадрах, зураглаачаар
З.Мөнхзол (ntv), эвлүүлгийн найруулагчаар Ч.Билгүүн (ntv) ажилласан юм.
“Азийн
Шинэ Хүч” номинацийн тэргүүн шагналыг Гүржийн залуу найруулагч Торнике
Бзиавагийн бүтээл “4 дүгээр сарын жихүүдэс”, тусгай шагнал, дипломыг
Өмнөд Солонгосын найруулагч Хан Сюн Хуны бүтээл “Миний ээжийн кимчи”
кино хүртжээ. Төгсгөлийн шатанд БНСУ, Тайвань, Иран, Хятад, Гүрж,
Монголын 10 бүтээл шалгарснаас 2 нь баримтат, бусад нь богино хэмжээний
уран сайхны кино байжээ.
Богино
хэмжээний кино, видео бүтээлийн энэхүү наадмаар гараагаа эхэлсэн залуу
найруулагч нар олон улсын тэргүүн зэрэглэлийн кино наадмуудад амжилттай
оролцдог уламжлалтайг зохион байгуулагчид нь дурдаж байв. “Зуд. Хүйтэн
симфони” өмнө нь Германы Лайпцигийн олон улсын баримтат киноны наадам,
АНУ-ын “Hot springs” наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарч байсан юм.
Кино наадмыг зохион байгуулагчид болон шүүгч нар цаашид Монголын залуу
уран бүтээлчдийг энэ кино наадамд идэвхтэй оролцохыг урьсан байна.
Видеог энд дарж үзнэ үү