Давос 2015: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ирэх долоо хоногт дэлхийн 140 орны 250 гаруй удирдагч, лидер, олон улсын байгуулага, бизнесийн төлөөлөгчдийг цуглуулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд засаглалыг хэрхэн сайжруулах арга замыг эрэлхийлэх аж. Гэвч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын төлөөлөгчид нийгэм, эдийн засгийн төлөвөөр бол 2015 он “happy new year” болохгүй гэсэн таамагтай байна.
Давос 2015 чуулга уулзалтын үеэр олон төлөөлөгч энэ оны нийгэм эдийн засгийн талаар таагүй мэдээ дуулгах бололтой.
Баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрнэ
Дэлхийн ядуу буурай хүн амын тэн хагаст нийт баялгийн 10 хүрэхгүй хувь ногдож буйг судалгаа харуулжээ. Баялгийн тэгш бус хуваарилалт олон улсын өмнө гарцаагүй тулгараад буй ноцтой асуудал бөгөөд Давосын чуулга уулзалтаар хэлэлцэх гол асуудлын жагсаалтад бичигджээ. Зөвхөн ёс суртахууны шалтгаанаар ч биш, баялгийг тэгш бус хуваарилсан нийгэм хол явсан түүх үгүй. Давосын эдийн засгийн чуулга уулзалтад зориулан явуулсан судалгаанаас харахад энэ онд баялгийн тэгш бус хуваарилалт болох бүс нутаг нь Ази, Номхон далайн бүс гэнэ.
Ажилгүйдэл улам нэмэгдэнэ
Эдийн засгийн өсөлт бол ажлын байр гэсэн үг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй ч ажилгүйдэл хаа сайгүй нэмэгдэж буй нь санаа зовоосон асуудлын нэг болж байна. Робот техник болон 3-D хэвлэлийн хувьсал энэ хандлагыг улам эрчимжүүлж, хямд өртөгтэй иймэрхүү технологи хөгжиж буй орнуудад дэлгэрж, хүн болгон сонирхож байгаад асуудал оршиж байна.
Лидергүй дэлхий
Судалгаагаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 86 хувь нь удирдлагын хямрал болж буйг хүлээн зөвшөөрчээ. Том компани байгуулж, шинэчлэлийн хурдаараа дэлхийг алмайруулсан чамгүй өндөр боловсролтой, мэдлэгтэй хүмүүсийн том үе бидэнд буй авч, засгийн газар, олон улсын институтийн удирдлагын түвшинд манлайлал бага байгаа нь түгээмэл.
Гео-стратегийн өрсөлдөөн
Зарим нь хүйтэн дайн төгсгөл болсон нь түүхийн төгсгөл гэж ойлгох нь бий. Гэвч түүх үүгээр дуусаагүй. Үзэл суртлаараа хэзээ хэзээнээс илүү сөргөлддөг улс орнууд одоо ч байсаар байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хоорондох харилцаа өөрчлөгдсөн нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын эрүүл мэнд зэрэг адилхан зовлонтой орнуудын хамтран ажиллах улс төрийн хамтын ажиллагааг зогсонги байдал оруулсан.
Итгэл алдсан ардчилал
Олон нийтийн сүлжээнд урьд хэзээ ч байгаагүй "Иргэд сонгогчид болон улс төр дэх тэдний төлөөллийн хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй гэдэг бол үндсэн зарчим” гэх хандлага хүчтэй болсоор байна. Энэ нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт биеллээ олж байгаа билээ.
Агаар, ус, хөрсний бохирдол
Хөгжин дэвшиж, эдийн засаг өсөхийн хэрээр нөгөө талд байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учирч байдаг. Жишээлэхэд Хятадад агаарын бохирдол 2010 онд 1.2 сая хүний цаг бусын үхлийн шалтгаан болсон юм. Тиймээс хөгжиж буй орнуудад агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж, нүүрстөрөгч бага ялгаруулах технологи үйлдвэрлэхэд хамтран ажиллах тухай асуудал Давосын эдийн засгийн чуулга уулзалтын бас нэг гол сэдэв байх юм.
Цаг агаарын өөрчлөлт
Агаар, хөрс, усны бохирдлын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөгдөж, цаг агаарын онц ноцтой үзэгдлүүд байнга тохиолдох болсон. Цаг агаарын онц ноцтой үзэгдлүүд даатгал төлөх чадваргүй хүн амын ядуу буурай хэсэгт хамгийн хүндээр тусч байна. Хэдийгээр дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй авч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их орсон тив Ази тив болж байгаа юм.
Үндэсний үзэл
2015 онд хамгийн ихээр хөндөгдөх сэдвийн наймдугаарт судлаачид үндэсний үзлийг нэрлэжээ. Тэдний үзсэнээр Шотландын тусгаар улс болохыг уриалагч үндэсний үзэлтнүүдийн жагсаал бол үндэсний үзэлтнүүдийн хөдөлгөөний зөвхөн эхлэл аж.
Усны хомсдол
Усны нөөцийн асуудал дэлхий гаригийн хамгийн чухал асуудлын нэг болжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар хар тив Африк болон Азид усны хомсдол хамгийн хүнд байх гэнэ. Усны хомсдол бодит аюул заналхийлж буй нь нэгэнт тодорхой болжээ.
Эрүүл мэндийн даатгалын нэмэгдэл
Шинжээчдийн таамаглаж буйгаар дэлхийн зарим улс орнууд эрүүл мэндийн үйлчилгээний төсвийг нэмэх боловч хөгжиж буй орнуудад хорт хавдар, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчний гаралт улам нэмэгдэх төлөвтэй байна.
Н.ЭНХТУЯА