“Кино
код” төсөл Монголын кино урлагт том ахиц, алхам болно гэж кино
найруулагч Р.Батсайхан ярьж байна. Тэрбээр олны анхаарал татаад байгаа
“Кино код” төслийн зөвлөхөөр нь ажиллаж байгаа юм.
Нэг
хэсэгтээ Монголын кино урлаг мөхөх нь гэж баахан гасалцгаасан. Харин
өнөөдөр ар араасаа шинэ кино төрөн гарч хөгжих, цэцэглэх замдаа оров уу
гэх найдвар төрүүлэхээр ч байна. Гэхдээ үүнд мэргэжлийнхэн, тухайн
салбарынхан өөр, өөр санаа бодолтой байгаа нь дамжиггүй. Нэг хэсэг нь
залуус арилжааны кино руу хэт хуйларч байна гэх, эсвэл залуус чадлынхаа
хэрээр ажиллаж байгаа нь юу нь буруу гэж гэх мэт олон л яриа хөөрөө,
шүүмж эргэлзээ бий.
Гэхдээ
Монголд кино бизнес хөгжих боломж байна уу, эсвэл зүгээр л үзэгчид юу
үзэхийг хүсч байгаа вэ, ямар төрлийн киног хамгийн их сонирхдог вэ,
өнөөдөр үзэгчид хэнийг үзэх вэ гэсэн асуултад таамаг маягийн л хариулт
төдий байна. Харин “Кино код” төсөл энэ асуултад хариулах баримжаа, бүр
илүү нарийвчилбал суурь судалгаа болох боломжтой юм гэж найруулагч
Р.Батсайхан үзэж байгаа юм. Яагаад гэвэл үзэгчид ямар кино үзэхийг хүсч
байгааг санал асуулга, хэлэлцүүлэг, реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан
тодруулах болохоор. Эндээс үзэгчдийнхээ чиг хандлага, сонирхлыг
баримжаалах боломжтой болно гэж төслийнхөн төдийгүй бусад уран
бүтээлчид ч найдлага тавьж байна.
Ямар кино үзэх вэ?
Үзэгчид
өөрөөр хэлбэл оролцогчид бидэнд ямар боломж байна вэ? Мэдээж хэрэг
хамгийн эхнийх нь ямар кино үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, магадгүй
таны хүссэн кино жинхэнэ бүтээл болоход санал, хувь нэмрээ оруулна.
Энэ
бол ямар кино үзэх хүсэлтэй байгаагаа мессежээр илгээн бэлэн
кинонуудаас сонгон үздэг хэлбэрээс шал ондоо сонирхолтой бөгөөд амьд
байх нь дамжиггүй. Үзэгчдийн санал хүсэлтийг маш олон арга хэлбэрээр
авна гэдгийг дээр цухас дурдлаа. Яг одоогоор жирийн үзэгчийн сониуч
зангаар code.news.mn сайтаар шагайгаад харвал лав л
-Тунгалаг тамир
-Загийн алим
-Мартагдашгүй намар
-Хөдөөгийн баясгалан
-Анхны алхам
-Гэрлэж амжаагүй явна
-Нийслэл
хүү кинонуудын нэрийг жагсаагаад аль киноны хоёрдугаар ангийг үзэх
хүсэлтэй байгаа саналаа илэрхийлэхийг урьжээ. Мэдээж хэрэг үзэгчдэд энд
дурдагдаагүй өөр киноны үргэлжлэлийг үзэх саналаа ч ирүүлж болно.
Реалити шонуы үеэр өөр кино ч олонхийн саналаар цойлон гарч ирж болох
юм. Хамгийн гол нь ямар кино үзэхийг хүсч байгааг олон нийтийн санал
асуулгаар тодруулах нь. Дашрамд дурдахад Орост ч мөн ийм шоу зохион
байгуулан амжилтад хүрээд байна. Оросууд нэгэн үеийнхний сайн мэдэх “Ийм
нэгэн явдал” киноны үргэлжлэлийг бүтээхээр санал асуулгаар шийдвэрлэн
өдгөө энэ кино дэлгэцнээ гараад байгаа. Хоёр хүүхэдтэй, будилуу ажилтан
үйлдвэрийнхээ захирал хатуу, хөшүүн гэгддэг захирал бүсгүй хоёрын хайр
сэтгэлийн хөгжилтэй түүхийг өгүүлдэг энэ кино мөн л захирал бүсгүй
ажилтан хоёрын хайрын романс орчин үеийн хэлбэрээр үргэлжилж байгаа.
Харин одоо бол монголчууд ямар түүхийг үргэлжлүүлэхийг хүсэх бол гэдэг
их л сонирхолтой байна.
“Кино
код” төслийн талаар мэдээлэл хүчтэй түрж гаран, зөвлөхөөр нь Урлагийн
гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч
Р.Батсайхан нарын мундагчууд ажиллана. Мөн найруулагч, продюсерээр кино
бизнесийн чиглэлээр хүчтэй төлөөлөгч болж байгаа найруулагч Б.Баатар,
продюссер М.Есөнмөнх нар ажиллана. Киног зах зээл, бизнес гэдэг утгаар
нь харж хөгжүүлж чадаж байгаа залуус гэдэг юм билээ. Эхнээс гарч байгаа
мэдээллийг харахад жүжигчин Б.Ундрал, Б.Отгонбат, ерөөсөө л хөтлөгчийн
дүрээр л буудаг Б.Анхаа нар лав шоуг хөтөлж явуулах нь. Жүжигчид болоод
зохиолч, хөгжмийн зохиолч, дууг дуулах дуучдыг сонгон шалгаруулаад
эхлэхээр бүр ч сонирхол “дүрүүд” гарч ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй
байх. Яагаад гэвэл тэднийг ч бас үзэгч, та бидний саналаар сонгох юм.
Кинонд тоглох уу?
Магадгүй
танд ч гэсэн кинонд тоглох нууцхан хүсэл байдаг байх. Басхүү кино
урлагт хүчээ сорихыг хүссэн цөөнгүй залуус бий нь дамжиггүй. Урлагт
мөрөө гаргахыг хүссэн залуус дуулж, хуурдаж хүчээ сорьдог цөөнгүй
уралдаант тэмцээнүүд бий. Харин киноны хувьд “Кино код” анхны боломж. Би
л хувьдаа жүжигчин сонгон шалгаруулах хэсэг хамгийн шоуны сонирхолтой
хэсгүүдийн нэг болох байх гэж хүлээж байгаа. Дашрамд сануулахад кинонд
тоглож авьяасаа сорихыг хүсэгчдийн бүртгэл хэдийнэ эхлээд байгаа.
Сонирхогчдыг Боловсрол суваг телевизийн байранд бүртгэж байгаа юм билээ.
Гэхдээ бидний саналаар
бүтэх кинонд зөвхөн сонирхогчид хүчээ үзэх хэрэг бус юм. Жүжигчдээс
хэнийг кинонд тоглуулах хүсэлтэй байгаа саналаа ч мөн та илэрхийлнэ.
Магадгүй таны саналаар Ардын жүжигчин Н.Сувд, П.Очирбат, СТА
И.Одончимэг, С.Онон, Аглуу эсвэл жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Амараа хэн ч
сонгогдож болох юм. За тэгээд цааш нь киноны хөгжмийн зохиолч, дуучныг
сонгох сонирхолтой хөтөлбөрүүд байгаа гэсэн. Ийн огтхон ч уйдамгүй
реалити шоу үргэлжилсээр хамгийн эцэст нь бид өөрсдийнхөө сонгосон
киногоо дэлгэцнээс үзэх юм. Киноны зураг авалтын явцыг ч шоугаар
үзүүлэх юм гэсэн шүү.