Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Монгол-Солонгосын хамтарсан “Гала концерт”-оор сонгодог урлаг сонирхогчдод бэлэг барихаар боллоо. БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч “Роам” агенлагийн удирдаач Бэк Жин Хён Дуурийн театрын урилгаар Монголд анх удаа хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрээр Сонгодог концертын тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүтэй хамтран симфони оркестерийг удирдах гэнэ.
Уг концертод Дуурийн театрын гоцлол дуучин Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, Гоцлол хөгжимчин Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг болон театрын залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг оролцож, дэлхийн сонгодог болон монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах аж.
Удирдаач Бэк Жин Хён 1996 оноос хойш Пусаны хөгжмийн фестиваль болон Пусан хотын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаач, 1996 оноос хойш Шилла симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажиллаж буй. 2004 оноос хойш БНХАУ-ын Тяньжин хотын ахлах зочин удирдаач төдийгүй 2003-2011 оны хооронд Масаны Филармони Оркестрийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Тэрээр Солонгосын, K.B.S, Пусан, Масаны, Тэгү, Нэгдсэн Солонгосын симфони оркестер зэрэг Солонгосын шилдэг оркеструуд, Испанийн Билбао, Экстрамадура, Италийн Сан-Рэмо симфони оркестр, ХБНГУ-ын Симметри ансамбль, Алс дорнодын, Санкт-Петербургийн, Унгарын Ременний оркестр, АНУ-ын Хойд эргийн симфони оркестр зэрэг Азийн болон дэлхийн бусад орны симфони оркеструудыг удирдсан туршлагатай уран бүтээлч юм.
Монгол-Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Гала концерт”-ийг нэгдүгээр сарын 15-нд 19.00 цагаас сонгодог урлагт дурлагсад үзэх боломжтой ажээ.
“Гала тоглолт”-ын тасалбарын үнэ 8-15 мянган төгрөг.
Э.ТЭКҮ