Иргэний нийгмийн төлөвшилд Ерөнхий сайд гарц хайв

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн төлөвшилд Ерөнхий сайд гарц хайв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Иргэний  нийгмийн тогтвортой хөгжлийг  хангах төрийн бодлогын төсөл, үзэл баримтлал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд оролцож, өөрийн санал бодлоо илэрхийллээ. Өндөр хөгжилтэй орнууд тухайлбал Европ, АНУ зэрэгт иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд нь мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн тэр хэмжээгээрээ нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог жишээ олон бий. Ийм улс орны иргэд нь өндөр боловсролтой, авилгал хээл хахуулиас ангид, тулгарч буй бэрхшээлийг хамтарч шийдэх чадвар суудаг ажээ.

Манай улсын хувьд ийм орон зай үгүйлэгдэж, иргэний нийгэм нь гудамжинд “ажлаа” хийдэг дүр зургийг бид харсаар эдүгээ 20 жилийг үдэж байгаа. Тэгвэл тэр орон зайг нөхөхөөр, тэдэнд төрийн дэмжлэг үзүүлж мэргэжлийн түвшинд хүргэх санал санаачилгыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гарган, тодорхой ажлыг хийж эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл иргэний нийгмийг төлөвшүүлэх бодлого нь  манай улсад хоцрогдоод байгааг онцолж, энэ тал дээр гарц хайхаар иргэний нийгмийн төлөөллийг ийн урьжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард тэрбээр  Иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзан, Иргэний нийгмийн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан бодлого үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахсаналыг  гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг томилсон юм. Ажлын хэсэг  байгуулагдсанаасаа хойш  нэлээд зүйлийг хийж амжуулсныг уулзалтын үеэр мэдээлж байв.

Тус ажлын хэсгийн боловсруулсан бодлого, баримт бичгүүдийн хүрээнд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүтээлчээр оролцохыг Ерөнхий сайд энэ үеэр уриалаад, энэ бодлогуудыг цогцоор авч үзсэнээр төр, иргэний нийгмийн  харилцаа, хамтын ажиллагааны асуудалд хандах бидний хандлагыг цогц болгож, гарах шийдвэрийг оновчтой тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Одоо та бүхэн боловсруулсан төслүүдийг тал талаас нь нухацтай хэлэлцэн дутсаныг нь нөхөж, засч залруулж төрийн байгууллага болон олон нийтээр хэлэлцүүлж болохуйц хэмжээнд хүргэх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, бид иргэний нийгмийн төлөвшлийн асуудлаараа сүүлийн 20-иод жил  хийгдээгүй асуудлыг нэгтгэн шинжилж, өөрийн үйл ажиллагаандаа бодитой үнэлгээ өгөх гэж байна. Иргэний нийгмийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу, олон улсын туршлагад  тулгуурлан боловсруулах ёстой гэдгийг  санууллаа.

Мөн тэрбээр нээлттэй Засаглалын тунхаглал болон энэ баримт бичгээс  гарах үзэл баримтлал, зарчим, стандарт, шалгуур үзүүлэлтүүд төр, ТББ-ууд, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд баримтлах бодлого болох учиртай гээд, төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг боловсруулахад төрийн байгууллага, албан тушаалтнууд бид судалгаа, тоо баримт, мэдээллүүдийг гаргаж өгөх ёстой. Шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй гаргаж өгөхийг төрийн байгууллагын ажилтнуудад Ерөнхий сайд С.Батболд  энэ үеэр үүрэг болголоо.
Уг бодлогын баримт бичгийг  энэ оны сүүлээр Иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний чуулганаар төр, иргэний нийгмийн өргөн төлөөллийг төв, орон нутгаас оролцуулан хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа ажээ. Засгийн газраас анх удаа иргэний нийгмийг төлөвшүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх санал санаачилгыг гаргаж байгаад талархаж байгаагаа уулзалтад оролцогсод илэрхийлж байв. Ингээд уулзалтад оролцсон иргэний нийгмийн төлөөллийн  зарим нэг төлөөлөгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.


Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд:

Иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд төртэй хамтран ажиллах талаар тодорхой алхмуудыг хийж ирсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрсэн удаагүй. Харин саяхнаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ чиглэлээр санаачилга гарган ажиллаж, хууль эрх зүй бодлогын хүрээнд асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх  алхам хийж байгаа нь маш зөв зүйтэй юм.

 
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа:

Бид цаашид Монгол Улсаа Ардчилсан замаар хөгжүүлье, нийгмийн шударга ёсыг хангасан сайхан нийгэмд амьдаръя гэвэл төр, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллахаас өөр аргагүй. Энэ удаад Засгийн газрын зүгээс чин сэтгэлээсээ хамтраад иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах бодлогыг аль болох зөв боловсруулан гаргая гэж байгаа нь талархууштай.  Энэ хүрээнд хамтдаа нээлттэй шударга байх зарчмаар  хамтран ажиллах хэрэгтэй гэсэн эрмэлзэл байна гэж бодож байна. Энэ бол маш чухал юм.

Бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа:

Энэхүү Ардчилсан нийгмийн суурь харилцааны талаарх бодлогын баримт бичиг гаргахаар Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллаж  байна. Энэ асуудалд нэг хүний болон бүлэг хүмүүсийн үзэмжээр хандаж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байгаа.  Үүнийг  бодлогоор, хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаад төрийн бус байгууллагынхан талархалтай байгааг энд хэлмээр байна. 


Иргэдийн Алъяанс төвийн захирал Ж.Занаа

Ерөнхий сайд С.Батболдын хэлж ярьж байгааг харахад өнгөрсөн 20 жил иргэний ардчилсан нийгмийг байгуулахдаа юун дээр алдсан, одоо бид цааш нь яаж сайжруулах ёстой вэ гэдгийг харж,  асуудлыг шийдвэрлэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна гэж анзаарлаа. Мэдээж асуудал олон янз байгаа. Энэ олон арга хэлбэрүүдээс бид аль болох үр дүнтэй, ойлголцож болох тэр хэлбэрийг сонгох болно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж