Цалингүй ажиллана гэж зүтгээд ч амжилт олохгүй нь
Нийслэлийн засаг даргын дөрвөн орлогчийг цомхотгох асуудал УИХ, Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагуудын хооронд багагүй маргаан дэгдээх бололтой. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийг чөлөөлөх асуудал яригдаж, энэ асуудалд Засгийн газрын зүгээс цомхотгох нь зүйтэй гэх байрыг суурийг хатуу барихаа мэдэгдлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Хуулинд хоёр орлогч байна гэсэн бол хоёр л орлогч байна. Нийслэлийн дөрвөн орлогч ажилдаа үлдэж, цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно” гэсэн юм. УИХ-аас ийнхүү нийслэлийн Засаг даргын орлогч нар төдийгүй, аймаг, дүүргийн Засаг дарга нарын орлогч, зөвлөхүүд зэрэг 180 гаруй алба хаагчийг цомхотгосноор багагүй мөнгийг хэмнэнэ гэж үзэж байгаа. Харин энэ шийдвэрийг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, цалингүй ажиллана гэж зүтгэсэн ч амжилт олохгүй нь бололтой.
Засгийн газарт тогтоол өргөн барина
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Н.Гантөмөр, Ц.Буяндалай, Ц.Энхцэнгэл, Т.Бат-Эрдэнэ, С.Очирбат. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулууны зүгээс дээр нэр дурдсан зургаан орлогчоо авч үлдэн, төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс цалинжуулах хүсэлтэй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт тогтоол өргөн барихаар зэхэж буй. Энэ талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-УИХ, Засгийн газраас дөрвөн орлогчийг цомхотгох чиглэл өгсөн. Нийслэлийн удирдлагуудын зүгээс үүнийг эрхзүйн хувьд хуульд нийцэхгүй гэж үзээд байгаа гэсэн үү?
-Манайхан юмыг өнгөц хэлбэрийг харах дуртай. Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрөө эдийн засгаа аваад явчихдаг чадалтай байхад Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хоттой зууралдах ямар ч шаардлагагүй шүү дээ. Өөрсдийн ажлаа хийх хэрэгтэй. Нийслэл хэдэн орлогчтой байх нь үнэндээ эрхзүйн хувьд тэдэнд ямар ч хамааралгүй юм.
-Дөрвөн орлогчоо авч үлдэх асуудлаар Засгийн газарт тогтоол өргөн барина гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн удирдлагын бүтцийг шинэчлэх ажлыг хийж байна. Ерөнхий бодлогын асуудлыг НИТХ-аар хэлэлцэж “Нийслэлийн нутгийн захиргааны бүтцийг боловсронгуй болгох” гэсэн баримт бичгийг өнгөрсөн долдугаар сард баталсан. Манай ИТХ-ын шийдвэр бол бид нарын хувьд хамгийн дээд шийдвэр. Энэ баримт бичиг, хөтөлбөрийн дагуу бид асуудлаа боловсруулж байгаа. Мэдээж боловсруулж буй асуудлын нэгдүгээрт Засаг даргын орлогч нарыг хэрхэн цалинжуулах талаар дурьдсан. НИТХ-аас баталсан хөтөлбөрт Засаг даргын орлогч нарыг нийслэлийн төсвөөс санхүүждэггүй, нийслэлийн бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийн менежментийн зардлаас санхүүждэг байх институт байхаар шийдсэн. Нэгэнт батлагдсан хөтөлбөр байгаа учраас бид ийнхүү өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс санхүүжихгүй, хөрөнгө оруулалтын газарт очиж байгаа техник хяналтын зардлаас менежментийн удирдлагын зардал гэж гаргах юм. Энэ асуудлаа бид Засгийн газарт тогтоол хэлбэрээр өргөн барина гэсэн юм.
Үндсэн хуулийн цэцэд хандана
Нэг тоо бодъё, Засаг даргын нэг орлогчийн сарын цалин нэг сая төгрөг. Зургаан орлогчоор тооцвол жилийн цалин 70 орчим сая төгрөг. Туслах, нарийн бичгийн цалин, зардлын хамт нийлээд 300 гаруй сая төгрөг болж байна. Зөвхөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дөрвөн орлогчийг цомхотгосноор 300 гаруй сая төгрөг хэмнэх юм. Аймаг, дүүргийн орлогч нарыг цомхотгосноор багагүй мөнгө хэмнэх нь дээрх тооноос харагдах болов уу.
Гэвч хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болоод байгаа орлогч дарга нар шал өөр саналтай буюу яг цомхотголд өртвөл Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөөд байгаа гэнэ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нэг орлогчийн жилийн цалин 10 гаруй сая төгрөг. Гэтэл энэ мөнгийг хэмнэх гээд ажлаа хийж байгаа хүмүүсийг цомхотгож, хотын ажлыг унагаах шаардлага байхгүй. Харин ч орлогч нар д ажлаа хийснээр хэдэн 10 сая төгрөг олно. Өөрсдөө төсвөө хэмнэхийн оронд нэг яаманд л гэхэд хоёр дэд сайд томилчихсон атлаа хотын дотоод асуудалд орж, орлогч нарыг цомхотгох талаар ярих нь тохиромжгүй юм” гэх хариултыг өгч байсан юм.
Ямартай ч УИХ, Засгийн газраас орлогч нарыг заавал цомхотгоно гэж шийдэж, хотын орлогчид албан тушаалаасаа тийм амархан буугаад өгөхгүй нь тодорхой болсон тул дээдсийн маргаан ингээд эхлэв бололтой.
Д.ЖАРГАЛ