-Талийгаачийн 49 хоног өнгөрмөгц хууль хяналтынхны эсрэг гомдол гаргана-
Олон нийтийг айлган сүрдүүлсэн, төрийн хамгаалалттай бүсэд гал зэвсэгтэй нэвтэрч, төрийн алба хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдан “Гал үндэстэн холбоо”-ныхон хоригдож байгаа. Тодруулбал, “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жил, С.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг Улсын дээд шүүхээс оноосон. Харин энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдож шүүхээс хоёр жилийн ялаар шийтгэгдсэн С.Дашцэрэн өнгөрсөн сарын 30-нд амь насаа алдсантай холбоотойгоор ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргахаар болсон байна. “Гал үндэстэн холбоо”-ны гишүүд болон ар гэрийнхний зүгээс талийгаачийн үхэлд хууль, шүүхийн байгууллагыг буруутгаж байгаа аж. Энэ талаар талийгаачийн эхнэр н.Оюунчимэгээс тодрууллаа.
-Ямар өвчний улмаас амь насаа алдсан бэ? Цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж чадсан уу?
-Элэгний хорт хавдар өвчний улмаас амь насаа алдсан. Хорих 401 дүгээр ангид хоригдож байхдаа гэнэт эрүүл мэнд нь муудаж, мэс засалд орсон. Улмаар эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сарын 11-д суллагдаад аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байсан. Улаанбаатар хотод очиж ХСҮТ-д эмчлүүлэх гэсэн боловч оргүй гэх шалтгаанаар хойшилсоор очиж амжаагүй.
-Хууль хяналтын байгууллагад гомдол гаргана гэж байсан. Ямар үндэслэлээр гомдол гаргах гэж байгаа вэ?
-Хэрэв талийгаачид маань зохиомлоор ял оноож, шоронд хориогүй бол өдийд амь насаа алдахгүй байсан. Эрүүл саруул биетэй хүн удаан хугацаагаар хоригдож, сэтгэл санаагаар унасны улмаас өвчилж, улмаар амь насаа алдчихаад байна шүү дээ. Бид талийгаачийн 49 хоног өнгөрмөгц хууль хяналтын байгууллагын эсрэг гомдол гаргах болно гэсэн юм.
Г.Болдбаатар өлсгөлөн зарлана
Мөн энэ хэрэгт хамсаатан болох нь тогтоогдож 6.1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Г.Болдбаатарын биеийн байдал тун тааруу байгаа учраас хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа аж. Мөн Г.Болдбаатарын зүгээс хугацаанаас өмнө суллахыг шаардан өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдсэн байна. “Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Я.Хундганай “Г.Болдбаатарыг Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн III эмнэлгийн эмч нар “Эрүүл мэндийн улмаас ял эдлэх боломжгүй” гэх дүгнэлтийг гаргасан. Гэтэл шинжээч эмч нар эсрэг шийдвэр гаргачихаад, суллах боломж олгохгүй байна. Ингэж дахин суллахгүй байж байгаад дахиад нэг нөхрөө алдахаас эмээж байна. Тиймээс бид тэмцэх болно” гэж мэдэгдээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ