Засгийн газар УИХ-д Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өргөн барихаар болжээ. Энэ хууль парламентын босгыг давж чадвал татварын бааз суурь өргөжин тэлнэ гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэв.
Манай улсын эдийн засагт эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ 21 их наяд. Үүний зургаан их наяд нь бэлэн мөнгө. Тэгвэл сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө ДНБ-ий 40 хувьтай тэнцэж буйг Дэлхийн банкныхан судалгаандаа дурджээ. Энэ нь далд эдийн засагт 7-8 их наяд хөрөнгө нуугдаж байна гэсэн үг юм.
Тиймээс сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа их мөнгийг ил гаргахын тулд хуулийн ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэйг, бизнесийнхэнд өршөөл үзүүлснээр тэднийг гааль, татвар, хууль хяналтын дарамтаас чөлөөлнө гэдгийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав онцлов. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнесийн хамгийн том нэгдэл. Энэ утгаараа тус танхим бизнесийнхэнд санхүүгийн эрх чөлөөг олгох, тэднийг бусдын дарамтаас салгахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахыг шаардсан мэдэгдэл саяхан хэвлэлээр цацсан билээ.
Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөр батлуулахдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан ч төд удалгүй буцаан татсан. Учир нь, тухайн үед МАН-ын бүлгийнхэн “татвараа нуун дарагдуулсан нь өршөөгдөж, шударгаар төлсөн нь хохирч болохгүй” хэмээн эсэргүүцэж, парламент дээр энэ хууль унах нь тодорхой байсан болохоор тэр.
Тэгвэл энэ хуулийг Шийдлийн Засгийн газар боловсруулж УИХ-д дахин өргөн барихаа зарлав. Засгийн газрын албан ёсны zasag.mn сайтад тавьсан мэдээгээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Дээрх хуулийн төслийг дагалдуулж Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг төслийг мөн боловсруулсан байна. Энэ хуулийн төсөлд татвар, санхүү, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаадаа чөлөөлөхөөр тусгажээ. Хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн нэг, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, гадаадын оффшор дансад мөнгөө нуусан авлигач, “хулгайч” дарга нараас эхлээд татвараас зугатсан, гудсан дороо мөнгөө хадгалсан иргэд өршөөлд хамрагдах бололтой. Ингэснээр гадаадын оффшор дансан дахь Монголын мөнгө буцаж ирэх замаар мөнгөний урсгал нэмэгдэх, цаашлаад татварын бааз суурь өргөжин, эдийн засаг тэлэх юм.
Хоёр данстайгаасаа болж хуулийн дарамтан дор амьдарч байгаа бизнесийнхний хувьд санхүүгийн бүртгэлээ шинэчлэх, цаашлаад жижиг, дунд гэлтгүй бүх компани гараанаас нэгэн зэрэг гарах боломжийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль олгоно гэдгийг танхимын ерөнхийлөгч тодотгосон. Эдийн засгийн хямралаас гаргах бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ гэж эрх мэдэл хувааж авсан юм бол энэ хуулийг батлах ёстой гэдгийг ч сануулав.
Монгол Улс татварын өршөөлийн тухай хуулийг 2007 онд гаргасан бөгөөд тухайн үед бүртгэлтэй 50 гаруй мянган аж ахуйн нэгжээс дөнгөж 2000 нь ашигласан ч өршөөлийн үр дүнд гурван их наяд төгрөгийг гудсан дороос олж байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 94 мянган аж ахуйн нэгж Монголд бүртгэлтэйгээс ихэнх нь хасах тайлан гаргадаг. Тийм учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг парламентаар батлагдсан тохиолдолд Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц мөнгийг гудсан дороос гаргах боломжтой юм байна. Үүн дээр манай дарга нарын оффшорт аваачиж нуусан хөрөнгийг нэмчихвэл эдийн засаг дор хаяж найман их наядаар тэлэх боломж бүрдэнэ.
С.Батболдын Засгийн газрын үеэс л ярьж эхэлсэн бизнесийнхэнд өршөөл үзүүлэх асуудал Ч.Сайханбилэгийг засаглах үед хэрэгжиж чадвал Монголын эдийн засагт бас нэгэн шинэ түүх эхлэх боломж бүрдэх юм. Гэхдээ өршөөх үү, эс өршөөх үү гэдгийг эцсийн бүлэгт парламент шийднэ. Хахир хавар, халуун намар, хүйтэн өвлөөр хүртэл улстөржиж байгаа сөрөг хүчингүй болсон парламентад хийх ажил их л байна даа.
Ж.НЯМСҮРЭН