Мэдээлэгчдийг урамшуулах тогтолцоотой болъё

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Мэдээлэгчдийг урамшуулах тогтолцоотой болъё

-Хэрэв ийм хууль батлагдаж, урамшуулал нь бодитоор ороод эхэлбэл хууль хяналтынхны хүч, нүд чих хүрдэггүй том асуудлыг ч шийдэгдэнэ-

Нийслэл хотын авто тээврийн хэрэгслийн зөрчил нэг үеэ бодвол танагтай болсныг бүгдээрээ мэдэж байгаа. “Замын цагдаа л байхгүй бол” дүрэм зөрчихөөс буцахгүй олон жолоочдыг камер үндсэнд нь цэгцэлсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Камерын олж буй зөрчлийн тоо, торгуулийн хэмжээ ч цөөнгүй оронтой тооны орлогыг бий болгосон. 

Энэ бүхэн нь камерын мэдээллээр баталгаажуулан зөрчилд хариуцлага тоо­цох нь илүү баталгаатай, баримттай, үр нөлөө­­тэй зохицуулалт болохыг ч баталж байна. Гэвч бүхий л уулзвар, өнцөг буланд дүрс бичлэгийн камер байршуулах нөхцөл боломж нь байхгүй. Хаана камер байдаг, хаана байдаггүйтэй ч жолоочид танилц­чихсан. Ийм үед камерын нэгдсэн системийн ач холбогдол буурах нь тодорхой.

Уг нь энэ бүхнийг хялбархан шийдэх, зардалгүйгээр торгуулийн орлогоо нэмэгдүүлэх боломж эрх мэдэлтнүүдэд бий. Тэр нь мэдээлэгчийг урамшуулах тогтолцоо. Ямарваа нэгэн хууль бус үйлдлийн талаарх дүрс бичлэг, фото зургаар баталгаажуулсан мэдээллээ холбогдох байгууллагад илгээж тухайн буруутай этгээдийн торгуулиа төлмөгц мэдээлэгчийн дансанд тодорхой хувь нь шилждэг байхад л болох нь тэр. Ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлэх төслийг хууль санаачлагч Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс гаргавал уг нь “ногоон гэрлээр” л явж орхино. Төсөвт зардал гарахгүй, орлого нэмэгдүүлэх боломж авчирна, мөн цагдаагүй, камергүй гээд хууль зөрчих явдал байхгүй болох олон талын ач холбогдолтой. Эдийн засгийн хямралтай, танана хасна гэж буй энэ үед бүр ч дэмжлэг хүлээж таарна.

Мэдээж энэ нь зөвхөн замын хөдөл­гөөний зөрчлүүдээр хязгаарлаг­дахгүй. Хэрэв ийм хууль батлагдаж, урамшуулал нь бодитоор ороод эхэлбэл хууль хяналтынхны хүч, нүд чих хүрдэггүй том асуудлыг ч шийдэгдэнэ. Цагдаа, хяналтынхантайгаа сүлжээ үүсгэсэн том асуудлыг ч ганц зургаар илчлэх, хариуцлага хүлээлгэх боломж бүрдэнэ. Үүний нэг нь модны хулгай. Хулгайн мод тээвэрлэж яваа ачааны машиныг дүрс бичлэгээр баримт­жуулан авчирвал тухайн машиныг нь зарж борлуулаад олсон орлогынх нь тал хувийг өгнө гээд хуульчлаад л орхиё. Эхний мэдээлэгчид ийм хэмжээний мөн­гөөр урамшууллаа гээд л зарла. Үр дүнд нь модны хулгай хийх тэнэг ч хүн олдохгүй.

Олон олон мэдээлэгч хууль бус үйлдлийг баримтжуулснаараа орлоготой болно, цагдаад мэдээлэл өгснөөрөө гай болно гэх сэтгэлгээ үгүй болж, шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрөх хүмүүсийн бодол өөрчлөгдөнө. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, урсгал сөрж давхих зэрэг зөрчлүүд ч үгүй болно. Дахин нэмж камержуулах хэдэн тэрбумын зардал ч хэмнэгдэнэ.

Зардалгүйгээр шийдэж болох мэдээ­лэгч урамшуулах тогтолцоог хэн бий болгож чадах бол?

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №01 (71)
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж