Москвагаас Бээжин хүрэх хурдны зам Улаанбаатарыг алгасав уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Москвагаас Бээжин хүрэх хурдны зам Улаанбаатарыг алгасав уу?

 

-Хурдны галт тэрэгний зам барих төсөлд Улаанбаатарыг дайруулах талаар яригдаж байсан ч Монголыг тойруулан тавих төслийн зураг гарч иржээ-

 

Сүүлийн үед ОХУ, Хятадын харилцаа эрчимтэй зузаарч байна. Украины хямрал Москва болон НАТО-гийн харилцааг хүйтэн дайны үеийн түвшинд хүргээд зогсохгүй, ОХУ болон Барууныхны эдийн засгийн харилцаанд саад учруулсан юм. АНУ, Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны хариуд Москва Барууны хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосон билээ. Баруунтай харилцаа муудсаны дараа ОХУ эртний холбоотон Хятадтай харилцаагаа тэлэх бодлого баримтлах болов. Ийнхүү ирэх хэдэн жилд хоёр орны Засгийн газар хамтарч хэд хэдэн том төсөл хэрэгжихээр өнгөрсөн онд  гэрээгээ үзэглэлээ.

 

 

Үүний нэг нь Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэгний зам барих төсөл юм. 7000 гаруй км урт үргэлжлэх хурдны галт тэрэгний замыг таван жилийн хугацаанд барьж босгох аж. Энэ нь одоогийн Бээжингээс Гуанжоу хүрсэн дэлхийн хамгийн урт шугамаас гурав дахин урт болох юм. Мөн энэ нь Транс-Сибирийн галт тэрэгний аяллын хугацааг зургаан өдрөөс хоёр өдөр болгон товчлох аж. Москваг Бээжинтэй өндөр хурдаар холбох төсөлд 230 тэрбум ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарсан байна. Москва, Бээжинг холбосон хурдны галт тэрэгний зам барих гэрээний харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян нар гарын үсэг зурсан юм. Бээжин-Москва хотуудыг холбосон Транс Сибирийн төмөр зам нь 1954 онд ашиглалтад орсон ба долоо хоногт хоёр удаа галт тэрэг явдаг. Түүнчлэн Бээжин-Москваг холбосон хурдны галт тэрэгний зам барих төсөлд Улаанбаатарыг дайруулах талаар яригдаж байсан ч Монголыг тойруулан тавих төслийн зураг гарч иржээ. Хурдны галт тэрэгний төмөр замыг барих төсөлд Хятадын төмөр зам (CR) компанийн охин компани Оросын Уралвагонзавод компанитай хамтран ажиллаж байгаа аж. Үүнээс өмнө Москвагаас Казань хүрэх хурдны галт тэрэгний төмөр замыг “Alstom” компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцоод байсан юм.

 

 

Өөр нэг төсөл бол эрчим хүчээр байнга цангаж байдаг Хятадыг ОХУ байгалийн хийгээрээ хангахад чиглэгдэж байна. ОХУ, Хятадын хооронд 400 тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулаад буй юм. ОХУ-ын “Газпром”, Хятадын үндэсний нефть, байгалийн хийн “CNPC” корпорациуд байгалийн хий нийлүүлэх гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан билээ. Байгалийн хийг дорнод маршрутаар нийлүүлэх урт хугацаат гэрээ нь 30 жил үргэлжлэх аж.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж