“Бондоос төслийг санхүүжүүлэх мөнгө байхгүй”

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

“Бондоос төслийг санхүүжүүлэх мөнгө байхгүй”

“Үндэсний үйлдвэрлэгч 888” холбоо, “Хувийн хэвшлийг хайрлая” хөдөлгөөнөөс Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн “Монголдоо бүтээцгээе 888” төслийн хэрэгжилт хангалтгүй байгааг мэдээлж, Шийдлийн Засгийн газар уг асуудалд анхаарахыг хүссэн. Энэхүү гацаанаас гарахын тулд Засгийн газар батлан даалт гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Энэ асуудлаар “Үндэсний үйлдвэрлэгч-888”  холбооны тэргүүн С.Мижиддоржтой ярилцлаа.

“Үндэсний үйлдвэрлэгч 888” холбооны төлөөлөлтэй  Ерөнхий сайд уулзсан. Уулзалтаар ямар асуудлууд ярилцав, ямар шийдэлд хүрэв?

-Биднийг эхлээд  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Холбогдох албаны хүмүүс  оролцсон энэхүү ярилцлага их нээлттэй, илэн далангуй болсон. Анх удаагаа Аж үйлдвэрийн яамтай боллоо.  Миний хувьд 1995 оноос хойш үйлдвэрлэлийн хөгжлийн төлөө явж, Иргэний танхимд хэд хэдэн удаа ярилцлага зохион байгуулсан. Эндээс гарсан санал санаачлагыг сайдад танилцууллаа. Өнгөрсөн 24 жилд хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр хангах  гарц бол үйлдвэрлэл  гэдэг нь  харагдсан. Түүхий эдээ түүхийгээр нь хямдаар гаргаад байж болохгүй юм байна гэдгийг хаа хаанаа сайтар ойлгосон гэхүү дээ. Ингэж ойлгосны үр дүнд анх удаагаа Аж үйлдвэрийн яамтай боллоо. Энэ утгаараа хувийн хэвшлийнхний санал санаачлагыг бүх талаар яам дэмжихээ илэрхийллээ. Бас Хөгжлийн банкныхантай уулзсан. “Чингис”, “Самурай” бондоос үлдсэн мөнгө байна уу, төслүүдийн санхүүжилт хаана байна вэ гэдгийг  Хөгжлийн банкнынхнаас асуулаа. Тэд тодорхой тоо хэлсэнгүй. 130-аад төсөлд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон. Өнөөдөр үлдсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх мөнгө хэцүү байгааг шууд хэлсэн л дээ. Үүний дараа орой нь Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд Хөгжлийн банк, Аж үйлдвэрийн яамныхныг  дуудаж ирүүлээд   нөхцөл байдлыг ярилцсан. Ингэхэд одоо хүлээгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бондын мөнгө үндсэндээ байхгүй  гэдгийг хэлж байна лээ. Бидний тавьсан найман саналаас 2-3 нь хийгдээд явж байна. Харин хувийн хэвшлийнхэнд арилжааны  банкны хэт өндөр шалгуур, богино хугацаа хамгийн их саад болж байгаа. Ийм нөхцөлд үйлдвэрлэлийн зээл аваад банкнаас  шаардаж буй богино хугацаанд ашиг олж,   зээлээ төлнө гэдэг  бараг л боломжгүй. Томоохон хөрөнгө шаардагдах төслүүд хүлээгдэж, удаашралд ороод байна. Тиймээс Засгийн газар  Үйлдвэрлэл, үйлчилгээний сантай болох хэрэгтэй. Зарим нэг гадны хөрөнгө  оруулагчид  хэрэв эрхзүйн орчноо боловсронгуй, таатай болговол хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ саналаа Ерөнхий сайдад танилцуулахад “Сангийн тухай хууль  бол бэлэн байгаа” гэсэн. Харин өрийн таазыг нэмэх асуудал маргаантай байгаа. Өмнөх бондын хөрөнгийн зарцуулалт буруу байсан. Зам ашгаа бараг өгдөггүй. Өндөр хүүтэй, богино хугацаатай Чингис бондын хөрөнгийг богино хугацаанд өгөөжөө өгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах ёстой байсан. Одоо  энэ алдаагаа ойлгож байгаа. Ерөнхий сайд бидний санал санаачлагыг дэмжээд Засгийн газрын баталгаа гаргаж өгөе гэтэл өнгөрсөн  баасан гаригийн чуулганы хуралдаанаар гишүүд асуудлыг унагачихлаа. Ийм чухал асуудлыг унагааж байгаа хүмүүс үнэхээр Монгол Улс өрийн дарамтанд орчихно гэж айсан уу гэвэл бас үгүй юм. 2016 оны сонгуульд нэр хүнд олох гэсэн л санаа явж байгаа. Нэг элгээрээ хэвтсэн эдийн засгийг эргэж сэргээхэд хэд дахин их хөрөнгө шаардагдана. Өр тавилаа гэхэд өрөө хэрхэн төлөхийг ухаантай шийдэх ёстой. Гэтэл манайд  1990 оноос хойш  үйлдвэржилтийн бодлого гэж огт байгаагүй. Нийт хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь зөвхөн тоног төхөөрөмжид зарцуулагдаж  гадагшаа урсаж байна. Олон улсад тухайн улс өөрийнхөө  орны тэргүүлэх салбараа тодорхойлоод бусад жижиг салбараа өөд нь татаж явдаг юм байна. Гэтэл манайд ямар ч  төрийн бодлого байгаагүй.

-“Үндэсний үйлдвэрлэгч 888” төслөөс 104  төслийг 151.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг тоо явж байна. Эдгээр төслүүд санхүүжилтээ аваад ажилдаа орсон. Гэхдээ эдийн засагт бодит өсөлт авчирч чадаж байна уу?  

-Эдгээр 104 төсөлд  өрхийн бичил үйлдвэрлэлээс бага оврын үйлдвэрлэл хамрагдсан. Аливаа зүйлийг багаас эхлэх нь  зөв ч эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлж чаддаггүй. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг боловсруулах үйлдвэрүүд бий болгоно. Гэтэл  өнгөрсөн 24 жилийн хугацаанд 1-6 хувь болж л өссөн гэхээр энэ салбарт юу ч хийгээгүй гэсэн  үг. 1990 онд Хятад улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь адил  гараанаас гарсан хэрнээ өнөөдөр эдийн засгийн өсөлт нь газар тэнгэр шиг ялгаатай байна. Хятадад үйлдвэрлэлийн бүх салбар жигд хөгжиж, эдийн засагтаа бодит нөлөөллөө үзүүлж байна. Зөв оновчтой бодлого ийм л сайн үр дүнд хүргэдэг. Бид  аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхгүйгээр дуусдаг, шавхагддаг ашигт малтмал руу хошуураад, ирээдүйгээ төлөвлөж болдоггүй гэдгийг харлаа. Төмрийнхөө хүдрийг Хятадуудад 90 гаруйхан ам.доллараар өгчихөөд эргээд бүтээгдэхүүн болгож 1300 ам.доллараар авч байна шүү дээ. Жишээ нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар тэргүүлэх чиглэл мөнөөс мөн.

-Засгийн газар өмнө нь баталгаа  гаргаж байсан ч хувийн хэвшлээ дэмжсэн бодлого байгаагүй гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат ярьж байна лээ. Засгийн газрын баталгааг үр ашиггүй зүйлд зарцуулсан  сургамж  бас бий юу?

-Байгаа. Жишээ нь Тавантолгой байна. Төрийн мэдэлд байгаа томоохон компаниуд том зээл авсан мөртлөө эдийн засгийн өсөлтөд бодитоор нөлөөлж чадахгүй байна. Тэргүүлэх салбар нь бусад салбараа аваад явдаг систем алга. Засгийн газар баталгаа гаргана гэдэг нэг ёсны өр. Гэхдээ энэ өрийг хувийн секторууд өөрсдөө төлөх учраас нэг өдөр ч зүгээр суухгүй ажилладаг л байхгүй юу. Жишээ нь 1980-аад оноос хойш тоног төхөөрөмжийН үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярьж байгаа ч бодит хөгжилд хүрсэн зүйл алга. Аж үйлдвэрийн яамнаас тэргүүлэх үйлдвэрлэлийн салбарыг нарийн  судалж гаргах байх. Хамгийн түрүүнд тоног төхөөрөмжөө өөрсдөө  үйлдвэрлэдэг болмоор байна. Эрдэс баялгийн салбарыг би энэ удаа орхиж ярьж байна л даа. Эрчим хүч, уул уурхай гээд бүх салбарын тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.

-Засгийн газар банкны хэт өндөр шалгуур дээр ямар дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн бэ?

-Би чадахгүй гээд турж үхэхийг хүсэхгүй шүү дээ. Гарц хайж байна. Гэхдээ   хөдөлгөх мөнгө алга. Зээл авсан хүн өрөө яаж хугацаандаа төлж, өөрөө ашиг хүртэх вэ гэдгээ  боддог тооцоолдог. Хувийн хэвшлийнхэн  хүн  худалдаж авахгүй, хэрэгцээгүй зүйл үйлдвэрлэхгүй, тэнд мөнгө зарахгүй. Тэгэхээр  шууд өр нэмэгдэнэ гэж айгаад байх хэрэггүй юм. Өрийн босгыг тодорхой заах ёстой юу гэвэл тийм. Гэхдээ  өр нэмэгдэнэ гээд  гараа хумхиад сууж болохгүй. Манай банкууд бүгд ашгийн төлөө, эрсдлээ өөрөө хүлээж байгаа учраас өндөр шалгуур тавих нь аргагүй. Банкуудад эргэлдэж буй хөрөнгийн 98 хувь нь хүн амын ердөө хоёр  хувьд төвлөрч байна. Өөрөөр хэлбэл их мөнгөний ихэнх хувь нь цөөхөн хүний гарт байна гэсэн үг. Төрийн бодлого байхгүйгээс эрсдэлтэй зүйлд мөнгөө оруулах сонирхол алга. Үүнийг төр л зохицуулахаас өөр ямар ч аргагүй.

-Та нэг элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхэд асар их хөрөнгө, цаг хугацаа хэрэгтэй гэж хэллээ. Хэрэв бид энэ хямралыг хохирол багатай давж гарч чадахгүй бол ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?

-Одоо л зөв бодлогоор өөд нь татахгүй бол дахин 2-3 дахин их хохирол амсана. Жишээ нь  төрийн  нэртэй үйлдвэрүүд үнэндээ эзэнгүй байна. Төрийн гэдэг тодотголтой боловч бүгд алдагдалтай, өртэй, ашиггүй. Харин хувийн хэвшил зээлсэн мөнгөө төлөхийн  тулд өдөр шөнөгүй ажиллана, үр ашиггүй зүйл эхлүүлэхгүй, эрсдэл бага гэж ойлгож болно. Өнөөдөр Засгийн газар баталгаа гаргах асуудлыг унагааж байгаа улстөрчид наанаа эх оронч царай гаргаж байна. энэ бол ухаантай төрийн бодлого  биш. Засгийн газрын баталгаа гаргахыг дэмжихгүй байгаа хүмүүс  өөрсдөө үүнийг  сайн мэдэж байгаа. Гэхдээ  ирэх сонгуульд нэр хүнд олох нь улс орны эрх ашгаас илүү дээгүүрт тооцогдож байна  л даа.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж