Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч болсон бүсгүй Ш.Алтантуяа өдгөөгөөс найман жилийн өмнө Малайзад зэрлэгээр хөнөөгдөж, амь насаа алдсан билээ. Малайзын Дээд шүүхээс энэ хэргийг шүүх хурал өнөөдөр болж Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарт ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноосон. Энэ талаар талийгаачийн аав С.Шаарийбуу Гадаад харилцааны яамны Консулын газарт хандан хүсэлт гаргасан байна. Энэ хэрэгт манай улсын талаас хэрхэн анхаарал хандуулж ажиллаж буйг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Д.Болдоос тодруулахад “Иргэн С.Шаарийбуу бидэнд хүсэлт гаргасан. Хүсэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэхүү хэрэгт манай Консулын газар болон Банконкд суугаа Элчин сайдын яамны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн Элчин сайдын яамны төлөөлөл Малайзад ажиллаж байгаа” гэх хариултыг өглөө.
Д.ЖАРГАЛ