УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийн санаачилгаар байгуулсан Ардчилсан Хүчний холбоо нь ирэх зургадугаар сарын 2-нд Төрийн ордонд чуулган зохион байгуулахаар болжээ. “Монголоо шинэчилье” уриан дор болох энэхүү чуулганаар Монгол Улсын хөгжилд юу саад болоод байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Г.Баярсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэх гэнэ. Илтгэлийн сэдэв нь Монгол орны байгаль экологийн өнөөгийн байдал, хүн ам зүйн бодлого, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын өмнө тулгамдаж буй асуудал мөн нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлох ажээ.
Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас сонгогдсон 200 гаруй төлөөлөгчид оролцох аж. Тус чуулганаас Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө улс төрийн уриалга гаргана гэж чуулганыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.
Г.Дарь