НАТО Монголтой Харилцагч орны статустай болно

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

НАТО Монголтой Харилцагч орны статустай болно

Батлан хамгаалахын сайд Л.Болд, түүний урилгаар Монгол Улсад айлчилж буй НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн орлогч ноён Жеймс Аппатурай  нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. НАТО-гийн төлөөлөгчид Монголд анх удаа энэ сарын 26-27-нд айлчилж байгаа нь энэ юм.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Батлан хамгаалахын сайд Л.Болд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ айлчлал нь НАТО-гийн өндөр хэмжээний төлөөлөгчдийн анхны айлчлал гэдгийг онцолж байв. Олон улсын энхийг дэмжих болон эвслийн цэргийн ажиллагаа, онцгой байдал, гамшгийн менежмент, цэргийн сургалт боловсрол зэрэг хамтын ажиллагааны салбар, чиглэлийн талаар санал солилцож хоёр талын тусгай хөтөлбөрт тусгах арга хэмжээг тодорхойлоход айлчлалын зорилго оршиж байгаа ажээ. Энэ 2011 оны дөрөвдүгээр сард ХБНГУ-ын Берлин хотод НАТО-гийн орнуудын  Гадаад хэргийн сайд нарын уулзалт болжээ. Түүгээр түншлэлийн шинэ бодлого, хамтран ажиллах арга механизмыг хэлэлцэн баталсан байна. Түншлэлийн шинэ бодлогын зорилго нь НАТО-гийн гишүүн бус орнуудтай харилцаа тогтоох, олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй нийтлэг аюул заналаас урьдчилан сэргийлэх, сөрөг арга хэмжээ авах зэрэг чиглэлээр хамтран ажиллах явдал гэдгийг Батлан хамгаалахын сайд хэллээ. Энэ харилцааг НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрийн хүрээнд зохицуулдаг байна. Хөтөлбөрт Монгол Улс НАТО-тай Харилцагч орны статустай оролцох талаар эрчимтэй ажиллаж байгаа ажээ. Мөн Монгол Улс нь НАТО Түншлэлийн шинэ бодлогоо баталснаас хойш харилцаа тогтоож буй анхны орон болж буйгаараа бүр онцлог юм байна. Энэ чиглэлээр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг айлчлалын түүхэн ач холбогдол үүнд оршино гэдгийг Л.Болд сайд онцолж байлаа.

Түүний дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн орлогч ноён Жеймс Аппатурай мэдээлэл хийсэн юм. Тэрбээр элэгсэг дотно хүлээж авсан Батлан хамгаалахын сайдад эхлээд талархал илэрхийллээ. Ноён Жеймс Аппатурай “Бидний айлчлалын гол зорилго бол нэгдүгээрт, Монгол Улс нь Афганистан дахь үйл ажиллагаанд цэрэг илгээж ихээхэн хувь нэмэр үзүүлж байгаад талархал илэрхийлэх, хоёрт, Монголтой энэ салбарт хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааг цааш хөгжүүлэх, ялангуяа практик алхмуудыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Монгол Улс хэлсэндээ үргэлж үнэнч байж Афганистанд болж буй үйл ажиллагаанд цэрэг илгээн тоог нь нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлсэн. НАТО-гийн үйл ажиллагаанд цэргээ илгээж буйд бидний талархлаа илэрхийлж байгаагийн нэг илрэл бол Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр Лиссабонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон явдал юм. Уг уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ НАТО-тай өргөн цар хүрээтэй харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн миний айлчлалын гол зорилго бол Ерөнхийлөгчийн хэлснийг ажил хэрэг болгох, Монгол Улстай жинхэнэ түншлэлийн харилцаа тогтоох, хөгжүүлэх явдал болж байна. Хоёр хоногийн хугацаанд Монгол Улстай ямар чиглэлээр хамран ажиллах вэ гэдэг талаар нарийвчлан хэлэлцэж ойрын хугацаанд бодит байдлаар хөгжүүлэх арга хэмжээ авна. Бид Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаа тогтооход бэлэн байна. Түүнийг олон чиглэлд өргөн цар хүрээтэй хөгжүүлэхэд НАТО бэлэн байгааг илэрхийлье. НАТО зөвхөн өөрийн гишүүн орнууд гэлтгүй бусад түншлэгч, харилцагч орнуудтай харилцаа хөгжүүлэх туйлын сонирхолтой байгаа” гэсэн юм. Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-НАТО-гийн үндэсний хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орвол ямар зарчмаар ажиллах вэ?

Жеймс Аппатурай: – Берлин хотод болсон НАТО-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар нэгдсэн түншлэлийн хөтөлбөрт нийт орон нэгдэх боломжтой байхаар гаргасан. Яг энэ хүрээнд Монгол Улс НАТО-гийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Монгол Улс Афганистан болон аюулгүй байдлын бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцож нэмэр хандив үзүүлж буй орны нэг. Тун удахгүй НАТО-гийн түншлэгч, харилцагч орон болно гэдэгт итгэлтэй байна.

-НАТО, БНХАУ-ын харилцаа ямар байдаг вэ?

Жеймс Аппатурай: -НАТО, БНХАУ-ын хооронд албан ёсны харилцаа тогтоогүй байна. Гэхдээ бид нэлээд өндөр төвшинд байнгын харилцаа холбоотой байдаг. Хоёр талын ашиг сонирхол, тухайлбал НАТО-гийн зорилго, БНХАУ-ын зорилго ямар байна гэдгийг нийцүүлж зохицуулж хөгжүүлэх асуудал байдаг. БНХАУ бол ирээдүйн их гүрэн. Тиймээс бидний хувьд БНХАУ-тай харилцааг нийтийн аюул заналтай тэмцэх зорилгод нийцүүлэн хөгжүүлэх нийтлэг бодолтой байдаг. Зөвхөн ганц жишээ дурдахад НАТО болон БНХАУ-ын  хөлөг онгоцууд Самолийн эрэг орчим нэгдсэн ажиллагаа амжилттай явуулж байгаа. Цаашдаа хоёр тал хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг харуулж байна.

-НАТО ОХУ-тай хэрхэн харилцаж байгаа вэ?

-ОХУ, НАТО хоёр маш өргөн цар хүрээний харилцаатай. ОХУ, НАТО-гийн зөвлөлийн хүрээнд бусад оронтой тогтоогоогүй өргөн цар хүрээ бүхий хоёр талын харилцаатай. Энэ нь НАТО-гийн 28 гишүүн ОХУ-тай хамтран шийдвэр гаргадаг гэсэн үг юм. Хамтын ажиллагааны хүрээнд Афганистаны байдлыг тогтворжуулах талаар нэлээд өргөн цар хүрээнд ажиллаж байна. Сүүлийн үед Европын нутаг дэвсгэрийг пуужингийн довтолгооноос хамтран хамгаалах асуудлыг боловсруулж байна. Энэ бол манай хоёр талын хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр чиглэл юм. Хэдийгээр зарим зөрчилтэй асуудал байдаг ч гэсэн манай хоёр талын харилцаа цаашид түргэн хөгжих бүрэн бололцоотой.

-Монгол Улс НАТО-гийн гишүүн болбол яах вэ?

Л.Болд: -Гишүүн болно гэж асуудал тавигдахгүй байгаа. Анхнаасаа ч тэгж тавиагүй. НАТО бол дэлхий дахины энх тайвныг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын том байгууллага. Өөрийн гишүүн орнуудаас гадна олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Монгол Улс ч бас тийм. Хэдийгээр хоёр хөрштэй ч бид гуравдагч хөрш болон бусад олон улс, байгууллагатай олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Монгол Улс, НАТО-гийн эрх ашиг, сонирхол үүн дээр уулзаж байна. Тиймээс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд идэвхжүүлж явуулж ирсэн. Монгол Улс бодитойгоор Косово, Ирак, Афганистаны тодорхой үйл ажиллагаанд оролцож албан ёсоор цэрэг илгээгч орон гэсэн статус аваад байгаа. Өнөөдрийн айлчлалын түүхэн ач холбогдол юунд байна вэ гэвэл дөнгөж ганц сарын өмнө Берлинд НАТО-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар цугларч дэлхий дахинд түншлэлийн цоо шинэ хэлбэр бий болгоё. Дэлхийн аль ч оронтой ашиг сонирхол нийцэж байгаа нөхцөлд хамтын ажиллагааны түншлэлийн хөтөлбөрийг байгуулж хэрэгжүүлье гэсэн. Түүний хамгийн анхныхыг Монголд ирж байгуулахаар ажлын хэсэг ажиллаад шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр бидний хувьд маш их ач холбогдолтой хэрэг болж байна. Монгол Улсын алсыг харсан олон тулгуурт гадаад бодлогын нэг чухал эрчимтэй хөгжлийн чухал чиглэл нь НАТО-тай харилцах харилцаа юм. Энэ харилцаа өөр ямар нэг улс орон, ямар нэг эрх ашигт нөлөөлөхгүй. Чухамдаа Монгол Улс өөрөө дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдалд хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлж оролцох, үүний үр дүнд Монголын өөрийгөө хамгаалах, хөгжүүлэх чадвар, хөгжлийн зөв орчныг бүрдүүлэх чадвар дээшлэх ач холбогдолтой юм. Тиймээс Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр гэдгийг хоорондоо байгуулахаар тогтож байгаа нь өнөөдрийн айлчлалын маш том түүхэн ач холбогдол, түүхэн алхам гэж хэлж болно гэлээ.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж