“Хоёр орлогч л байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

“Хоёр орлогч л байх ёстой”

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Төсвийн тодотголыг дагалдуулан өөрчлөгдөж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалттай холбоотойгоор нийслэлийн орлогчдыг хэрхэх тухай яриа өрнөв.

Тодруулбал, нийслэл хоёр орлогчтой байх тухай уг хуулийн төсөлд заасан бөгөөд нийслэлийн удирдлагаас 6 орлогчийнхоо тоог буулгахгүйгээр цалингүй ажиллах тухай асуудлын талаар Н.Энхболд “Засаг даргын орлогч гэж ямар хүнийг хэлэх вэ. Нийслэлийн орлогчид цалингүй ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ. Энэ хууль гарсны дараа орон нутагт цалингүй орлогчид бий болох уу. Ер нь цалингүй ажиллаж болох уу” хэмээн асуусан юм.

Гишүүдийн зүгээс ийнхүү цалингүй ажиллаж буй орлогчдын эрх зүйн байдал нь ямар байх, гаргасан шийдвэр нь хүчин чадалтай байх эсэх талаар эргэлзээ бий болж буй тухай ийнхүү асуусан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрээр “Хуулинд хэдэн орлогч байна гэж заасан тэр хэмжээний л орлогч байна. Хоёр орлогч байна гэсэн бол хоёр л орлогч байна. Цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно. Цалингаа аваад хандивладаг зүйл бий, гэвч тэр бол огт өөр харилцаа” хэмээсэн юм.

Ийнхүү Нийслэлийн удирдлагуудын зүгээс гөжүүдлээд буй дөрвөн орлогчоо авч үлдэх асуудалд Засгийн газрын зүгээс хатуу байр суурьтай байгаа нь тодорхой болж буй бөгөөд цалингүйгээр цаашид ажиллана гэх ойлголт байхгүй болох аж.

Б.МАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж