Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинээр томилогдсон сайдууд халаа сэлгээг баруун солгойгүй хийж байгаа сурагтай. Шадар сайд У.Хүрэлсүхийг сайд болмогц Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нар “Ямар нэгэн асуудалд орж, халагдахаасаа өмнө зайгаа тавьж өгье” гээд ухамсраараа чөлөөлөгдсөн. О.Магнайн оронд намуудын тохиролцооны дагуу МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг томилоод байгаа. Т.Аюурсайхан нь одоогоор ажилтнуудын 15 хувийг цомхотгоно гэхээс өөр төлөвлөсөн, зорьсон зүйлгүй байхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан Т.Дуламдоржийн оронд тус газрын дэд дарга Т.Бадрал очсон.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаал тохиролцооны золиос болох нь тодорхой болжээ. Учир нь тус газрын дарга Д.Батмөнхийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг Шадар сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Батбаатар гэгч шаардаж эхэлсэн байна. Тохиролцоо ёсоор бол сайдын зүгээс Д.Батмөнхийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс ажлаа чөлөөлж өгөхийг үүрэгдсэн гэх. Мөн энэ албан тушаалд МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд, ГИХАЭГ-ын дарга асан Д.Мөрөн нарын нэр яригдаж байгаа гэнэ. Гэтэл Шадар сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Батбаатар мэргэжлийн хяналтын дарга болохыг санаархсан уу, Шадар сайд үүрэгдсэн үү сүүлийн үед ийнхүү тус байгууллагыг бужигнуулж байгаа сурагтай. Д.Батбаатар нь байгууллагын хурал зарлаж Д.Батмөнхийг удахгүй чөлөөлөх, ажилнуудын 15 хувийг цомхотгох талаар дуулгаж багагүй сандаргажээ. Хяналт, шалгалт хийж байх улсын байцаагчид одоо “ажлаас халагдах эсэхэд санаа зовниж, удирдлага хэн болох талаар шивнэлдэж” суугаа сурагтай.
Мөн Д.Батмөнхийг “Ажилтнуудаа үндэслэлгүйгээр халсан, замбараагүй халаа сэлгээ хийсэн” гэх шалтгаанаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт хүргүүлсэн байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Д.Батмөнхийг занганд оруулж ийнхүү барьцаалсан гэх. Д.Батмөнх ч байгууллагын хурлын үеэр ямар зорилгоор хэн шалгуулж байгааг мэдэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Ямартай ч шадар сайдын захиалгаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга удахгүй өөрчлөгдөж МАН-ын гэх тодотголтой хэн нэгэн залрах нь ээ.
Д.ЖАРГАЛ