Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting уулзалтыг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон билээ. Уг арга хэмжээний зохион байгуулалтад төсөвлөсөн 5 тэрбум төгрөгийн асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Гадаад харилцааны яамны төсөвт 2,5 тэрбумыг нь урсгал зардалд, 2,5 тэрбумыг нь хөрөнгө оруулалтад хэмээн хувиарлаад байгаа юм.
Тэгвэл уг Үндэсний хороо өнөөдөр анхны албан ёсны хуралдаанаа хийх бөгөөд дээрх төсвийн задаргааг гаргах аж.
Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ гэдэг нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм бөгөөд уг уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой онцлогтой юм.
Б.ЭНХ