“Чарли Хэбдо” зөнч Мухамедийг дахин шоглов

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

“Чарли Хэбдо” зөнч Мухамедийг дахин шоглов

Францын нийслэл Парис хотод байрлах “Charlie Hebdo" сэтгүүлийн оффис руу зэвсэглэсэн хоёр хүн нэвтрэн орж, 12 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Хохирогчдын найм нь шог зураач, сэтгүүлч байсан юм. Уг халдлагын шалтгааныг тус сэтгүүл исламын зөнч Мухаммедыг элэглэсэн цуврал хүүхэлдэйн зурагнуудыг удаа дараа нийтэлж байсантай холбон тайлбарлаж байгаа билээ.

Уг халдлагын дараа тус сэтгүүл шинэ дугаараа тасалдуулахгүй гаргах тухайгаа мэдэгдсэн юм. Энэхүү шинэ дугаар маргааш уншигчдын гарт хүрэх ба зөнч Мухамедыг дахин шоглон нийтэлсэн  тухай эх сурвалжууд дамжууллаа.

Шинэ дугаарын хавтасны зурагт “Би Чарли” гэж бичсэн лоозонг барин уйлж буй лалын шашны Зөнч Мухамедыг дүрсэлсэн байна. “Амьд үлдэгсдийн дугаар” гэж нэрлэгдээд буй энэхүү тусгай дугаарыг 300 сая ширхэгээр хэвлэн, гадаад орнуудаас захиалга их ирж байгаатай холбоотойгоор нийт 16 хэл дээр орчуулан, 25 улс оронд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Үүний зэрэгцээ “Google” компанийн “Digital Press” сангаас “Charlie Hebdo” сэтгүүлд 300 мянга орчим ам.доллар хандивлажээ. Мөн Францын бусад телевиз, радио, хэвлэлийн байгууллагууд “Charlie Hebdo” сэтгүүлд санхүүгийн болоод бусад тусламж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. 

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж