Гэхдээ өөрийн онцлог шинжээрээ төмөр зам дээгүүр л нисэх юм. Японы “Тохоку” их сургуулийн эрдэмтэд далавчтай, бас онгоц шиг сэнстэй нисдэг галт тэрэг бүтээжээ. Нийтийн тээврийн хэрэгслийн хөгжлийг нэг шат ахиулсан энэхүү хөлөг энгийн галт тэрэгнийх шиг зам, дугуйн үрэлтээс шалтгаалсан хурд саарах бэрхшээлгүй, юунд ч торохгүй хурдална. Эрчим хүчний зарцуулалт багасч, хавьгүй хурдтай давхих нь ч тодорхой.
Гэвч хувьсан өөрчлөгдсөн галт тэргэнд далавчтай тээврийн хэрэгсэл бүрт тохиодог дайвалзан, холбилзох хөдөлгөөний согог ажиглагдсан байна. Аюулгүй байдлын үүднээс нисдэг хөлөг, замын хоорондох зай нэгэн жигд байх ёстой. Зохион бүтээгчид урьдчилан тооцоолж, гурван төрлийн арга хэрэглэсэн боловч нисдэг хөлөг зам дээгүүр нэгэн жигд зайтайгаар хурдалж чадахгүй байгаа аж. Японы эрдэмтдийн зохион бүтээсэн эл бүтээл газраас тасарсан анхны галт тэрэг биш юм.
1984 онд Английн Бирмингемд ашиглагдаж эхэлсэн Маглев системийн буюу бидний нэрлэж заншсанаар хурдан галт тэрэг асар хүчтэй цахилгаан соронзон орны тусламжтайгаар замаасаа бага зэрэг хөндийрөн хурдалдаг аж. Харин Германчуудын Хятадын Шанхай хотод барьсан хурдан галт тэрэгний цогцолбор одоогоор дэлхийн хамгийн том бүтэц аж. Шанхайн галт тэрэг 30 км газрыг долоон минут 20 секундын дотор туулдаг бөгөөд цагт дунджаар 250 км хурдалдаг аж.
Хурдны дээд хязгаар зарим тохиолдолд 431 км-т ч хүрдэг байна. Нисдэг галт тэрэгний хувьд далавчнаас үүдэлтэй дайвалзах хөдөлгөөнийг хянах бол хурдан галт тэрэг зам хүрэх зайгаар урсан өнгөрөх салхины хүчийг дарах асуудалтай тулгардаг ажээ. Тиймээс энэ төрлийн галт тэрэгний эрчим хүчний зарцуулалтын дийлэнх нь үүнд зарцуулагддаг байна.