Шийдлийн Засгийн газар өнөөдрийг хүртэл 100 хувь танхимаа бүрдүүлж чадаагүй байна. Тодруулбал, Засгийн газарт ажиллаж буй долоон яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо хийгдээгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2015 оны анхдугаар хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласан юм. Түүнчлэн улиран томилогдсон дөрвөн яамны зарим Төрийн нарийн бичгийн даргын томилгоо маргаан дагуулж байгаа билээ. Эдгээр асуудлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайханаас тодрууллаа.
-Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Үлдсэн долоон яам хэзээ Төрийн нарийн бичгийн даргатай болох вэ?
-Засгийн газар, түүний төлөөлөл болсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас Төрийн албаны зөвлөлд нэр бүхий долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалга ирсэн. Энэ дагуу нэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаад байна. Шаардлага хангасан иргэдийг нэгдүгээр сарын 30-ны өдөр бүртгээд сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 2-ны өдөр хийхээр товлосон. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хуулиараа нээлттэй сонгон шалгаруулалтаар ордог. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрхзүйн байдлын тухай хууль, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан.
-Төрийн нарийн бичгийн даргын томилгоог аль нэг нам эвсэл тухайн яамных нь сайдтай зөвшилцөж тохиролцож томилно гэдэг ойлголт, мэдээлэл их явж байна. Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?
-Төрийн албаны хуульд төрийн албыг дөрөв ангилдаг. Энэ хуулийн 7-р зүйлд “Төрийн нарийн бичгийн дарга бол яамны аппаратыг мэргэшил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал мөн” гэж заасныг Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолоор баталгаажуулж, ТЗ-ийн 14 дэх ангилалд багтана гэж заасан. Хоёрдугаарт, сонгон шалгаруулах журамд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулахад аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байдлаар зохион байгуулна гэсэн байгаа. Тэгэхээр таны асуусан асуулт бол улстөрчдийн л яриа болохоос томилгоо, нэр дэвшүүлэх ажил журмын хүрээнд явагдана гэж ойлгох хэрэгтэй. Намууд, эсвэл аль нэг сайдтай зөвшилцөж, тохиролцож томилох асуудал байх ёсгүй.
-Одоогоор дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилоод байгаа. Эдгээр томилгоо хуулийн хүрээнд болсон уу?
-Төрийн албаны тухай хууль бол төрийн албан хаагчийн харилцааг зохицуулсан хууль. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллагыг нийлүүлсэн, нэгтгэсэн, тусгаарласан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байвал түүнийг сонгон шалгаруулах эрх нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хадгалагдана” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдсон байгаа. Гэхдээ эндээс Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын томилгоо хууль бус. Яагаад гэхээр өмнө нь Г.Цогтсайхан гэдэг хүн Төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлтээр томилогдсон байсан. Энэ хүн өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд томилогдсон хүн Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар ороогүй байхад Засгийн газар томилсон. Энэ нь хууль бус байна гэж үзээд Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байна. Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн томилгоог хууль бус гэж үзсэн. Нэг агентлагийн даргыг нөгөө агентлагийн дарга руу шууд шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Агентлагийн дарга бол заавал нээлттэй сонгон шалгаруулалтад орох ёстой.
-Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн даргыг өөртэй нь зөвшилцөж томилоогүй гэж мэдэгдэж байсан?
-Тэр бол Засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудал байх. Эрхзүйн талаасаа тухайн яаманд бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт ороогүй, өмнөх Засгийн газрын бүтцээрээ ажиллаж байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллагыг нийлүүлсэн, нэгтгэсэн, тусгаарласан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байвал түүнийг сонгон шалгаруулах эрх нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хадгалагдана” гэж заасны дагуу томилогдсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хууль ёсны томилгоо гэж үзнэ.
-Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөгчдөд ямар шалгуур тавьж байна вэ?
-Шалгуурын хувьд хүндрэлтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрөө шалгуураа тогтоодог учраас Төрийн албаны зөвлөлөөс шаардлагыг зөв буруу гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ажлын байрны тодорхойлолтод байгаа олон нийтэд хүрсэн зар ойролцоо түвшнийх гэж ойлгож болно.
Одоогийн байдлаар Засгийн газраас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яаманд Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яаманд Д.Дэлгэрцогт нар Төрийн нарийн бичгийн даргаар томилоод байгаа билээ.
С.ОТГОНСҮРЭН