Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 23 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүх сөхвөл 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж байсан аж. Сүүлийн жилүүдэд ардчилсан шинэ Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай тухай хөндөх болсон. Эл сэдвээр УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа.
-Та бол ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан Ардын Их хурлын төлөөлөгчийн нэг нь. Уг хууль түүхэн цаг үеийнхээ үүргийг гүйцэтгэсэн учраас одоо шинэчлэх, өөрчлөх шаардлагатай болсон гэж зарим судлаач хэлж байгаатай санал нийлэх үү. Санал хоёр талтай байх шиг. Нэг хэсэг нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилье гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хэсэгчилж өөрчлөх ёстой гэх?
-Бидний 23 жилийн өмнө хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн ихэнхи санаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Ингэхдээ 1999-2000 он дамжсан долоон нэмэлт нэрийн дор хийсэн зүйлийг харгалзаж үзэх юм бол өөрчлөх зүйл гарсан. Гэхдээ аль ч улсын Үндсэн хууль ердийн хуультай адилгүй, тэдэн жилийн дараа хүчингүй болно гэсэн зүйл хаана ч байдаггүй. Өөрчлөх, хүчингүй болгох асуудал нь нийгмийн хөгжлийнхөө аль шатанд явна вэ гэдгээс шалтгаалдаг. Хүн төрөлхтөний түүхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьсгалын замаар хийсэн байх нь ч бий. Монгол Улс бол тайван замаар хөгжиж байгаа ардчилсан шинж агуулсан Үндсэн хуультай, түүнийгээ одоо орвонгоор нь өөрчилнө гэсэн юм байхгүй. Ингэж үзвэл маш хатуу төөрөгдөл болно. Гол нь төрийн удирдлага ямар хэлбэрээр байх вэ гэдгийг суурь болгож ярих ёстой. 1992 онд Монголын төр парламентын засаглалтай бүгд найрамдах улс байна гээд тодорхойлчихсон. Мөн өмнөх УИХ бүрэн эрхийн хугацааныхаа үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталсан. Түүнд Үндсэн хуульд заасан парламентын засаглалтай байх тодорхой зүйлийг хөндөхгүй байя гээд хатуу хориглочихсон.
Нийгэмд өнөөдөр хоёр хандлага байна. Нэгдүгээрт, цэвэр парламентын засаглалтай болъё. Тэр нь Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог байя. Нөгөө хэсэг нь Монголд парламентын засаглал тохирохгүй нь, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлье, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн. Төрийн удирдлагын хэлбэрүүд бий л дээ. Хаант засаг бүгд найрамдах улс, парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах гэж байдаг. Энэ жишгийг харж ярьж байна. Тэгэхээр Шинэ Үндсэн хуулийг баталсан 23 жилийн хугацаанд ямар заалт нь гай болоод байна вэ гэдгийг үзэх ёстой. Ингэж хөөвөл түрүүчийн дурдсан 2000 оны долоон өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарчихсан байхад одоо хүртэл анхныхаа 1992 оных руу оруулахгүй будилаан хутгаж байгаад л гол зангилаа оршино.
-Долоон өөрчлөлтөд юуг багтааж байна вэ?
-Тангад ном шиг л ярьж байна даа, энэ тухай. Нэгдүгээрт, УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хүндрүүлсэн. Өнөөдөр Монголд 76 гишүүн хууль батлах шаардлагагүй, 20 гишүүн хууль батлаад байнгын хорооны дүгнэлтийг гурван гишүүн гаргаад явах ийм хууль зүйн боломжийг нээсэн. Энэ бол буруу. Өрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 56 гишүүн ирж хурал эхэлдэг, хууль баталдаг байсан квотыг багасгасан, байнгын хорооны ирцийг мөн адил бууруулсан. Чуулган 75 хоногоос доошгүй хоёр удаа хуралддаг байсныг 50-иас доошгүй хоног болгосон. Энэ нь өнөөдөр УИХ-ын чадамжид нөлөөлж байгаа. УИХ-ын удирдлага, дэд дарга нарыг нууц санал хураалтаар сонгодог, чөлөөлдөг байсныг ил болгосон. Энэ бол эрх баригч намын санал явахгүй унаад байсан учраас ил болгож, намын хяналтад оруулсан хэрэг. Хамгийн бүтэлгүй заалтын нэг. Төрийн эрх барих дээд байгууллага болох ард түмний төлөөллийн байгууллагыг эрх барьж байгаа намын үгээр явах, хяналт руу оруулсан хэрэг шүү дээ. Энэ утгаараа УИХ-ын дээр нам гарах нүх суваг болсон гэж би үздэг. Мөн тэр үеийн 1992 оны Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг эхэлж зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д оруулдаг байсныг Ерөнхий сайд нь өөрөө эхэлж бүтцээ гаргачихаад, санал нийлэхгүй бол УИХ-д оруулдаг болгож өөрчилсөн. Засгийн газар ажиллаж чадахгүй байвал тараах санал тавих эрх Ерөнхийлөгчид байсныг авч хаясан. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн сайдын алба давхар хашиж болно гэсэн хоёр том эрхийг нэг хүнд өгсөн. Энэ утгаараа өөрийн чинь хэлсэн, миний батлалцаж явсан Үндсэн хуулийн гол цөмийг тэр дундаа эрх мэдэл хуваарилалтыг алдагдуулсан. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн хуваарилалтыг хооронд нь хутгаснаас, Засгийн газарт тавих шаардлагыг, хяналтыг сулруулсан ийм гажиг руу оруулсан. Эндээс улбаатай өөрчлөлтийн тухай ярьж болно.
-Өөрчлөхдөө бүхэлд нь хавтгайруулж болохгүй, долоон өөрчлөлтийг засах хүрээнд оруулж болох нь гэж харагдлаа. Гэхдээ зөвхөн УИХ энэ асуудлыг дангаар шийдэх боломжгүй. Дээрх өөрчлөлтийг хийхгүй бол ямар эрсдэл хүлээж байгаа вэ?
-Өмнөх УИХ-ын үед баталсан хуулийн хүрээнд бүх ард түмний санал асуулга явуулаад засаглалын хэлбэр ямар байх тухай асууж болно. Парламентын засаглалтай яваад байх юм уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой юу гэдгийг бүх ард түмэн шийдэж болно. Энэ бол их хэрэгтэй зүйлийн нэг гэж би ойлгох болсон. Яагаад гэвэл УИХ-д сонгогдсон нөхдүүд хоорондоо үгсэх юм бол Монголын ард түмний ашиг сонирхлын эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар ч шийдвэр гаргах боломжтой болох гээд байгаа. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө явдаг, өнгөн талаа боддог, сонгуулиа боддог, сонгуулийн маргааш мартдаг ийм зүйл рүү орох эрсдэл харагдаж байгаа. Бидний нүдэнд ил байгаа зүйл шүү дээ. Жишээ нь, намуудын үгссэний дагуу үлгэр зохиодог шиг сонгуулиа ч хийдэг болсон, эрх мэдэл бялуугаа хуваадаг болсон. Энэнд цэг тавих цаг болсон гэж бодож байна.
-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсгийг ахалж байсан. Дүгнэлт яаж гарсан бэ?
–Ажлын хэсэг ажиллаад, судалгаагаа гаргаад УИХ дахь гурван намын бүлэгт нэгдсэн дүгнэлтээ өгсөн. Одоогийн бидний яриад байгаа Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн учрыг олох ёстой гэсэн байгаа. Цаашлах юм бол УИХ-ын гишүүнийг сонгож байгаа насны хязгаар, Ерөнхийлөгчийн насны хязгаарыг харгалзаж үзэх. Үндсэн хуулийн цэцийг аль талд нь гаргах юм. Үндсэндээ улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага болчихоод хууль зүйн үндэслэл гаргаж өгөхгүй, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн хэл амаар шийдвэр гаргадаг болох гээд байна. Ийм юм гаргуулахгүй байхын тулд яах вэ гээд олон асуудал хөндөгдөж байгаа.
-Энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд таны ярьсан өөрчлөлтүүдийг хийх бололцоо байгаа юу. УИХ дахь намын бүлгүүд ямархуу байр суурь илэрхийлж байна вэ, алдаагаа засаад явъя гэдэг сэтгэл зүй байна уу?
-Ер нь долоон нэмэлтийн тухайд зарим нэг зүйлийг тодруулахад, УИХ-ын гишүүн нь сайдын албан давхар хаших нь буруу гэдгийг ойлгож байна. Тэгэхдээ эрх мэдэл, ашгийн төлөө яахаас ч буцахгүй байдаг юм байна. Түүнийгээ дагуулаад дараагийн УИХ-аас эхлээд сайд нарыг дан болговол яадаг юм, Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь давхар байвал яадаг юм, долоон өөрчлөлтөөс авах ч юм бий, хаях ч юм бий гэж ярьж байгаа. Энэ хандлага буруу. Би хувьдаа санал нийлэхгүй байгаа. 1992 оны Үндсэн хуулийн мөн чанарыг тэрхүү долоо муутгасан, УИХ-ын чадамжийн эсрэг явсан, ардчиллын эсрэг явсан. Төрийн дээр нам гарах чиглэл нь болсон. Цаашдаа бид сонгуулийг цэвэр зохион байгуулдаг болох ёстой, эрх мэдэл, мөнгө хоёрыг салгах ёстой.
-Тухайлбал, эрх мэдэл, мөнгө хоёрыг салгах боломж нь юу вэ?
-Энийг бид хайх ёстой. Үндсэн хуульдаа зааж өгч болно. Ингэхгүй бол Ерөнхий сайд томилогдонгуутаа орон тоо нэмдэг, хүнд зориулсан албан тушаал нэмдэг. Энийг бид хязгаарлахын тулд Үндсэн хуульдаа тэчнээн яамтай байна гээд зааж болно. Ингэж заасан олон улс бий. Тэгэхгүй бол Ерөнхий сайд томилогдох бүрийд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг жишигтэй болсон. Жишээ нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг огцрохоосоо өмнө Засгийн газрын орон тоог цомхотгосон. Дараагийн Ерөнхий сайд томилогдсоны дараа буцаагаад зад тавьж байх жишээтэй. Яамдын тоог нэмсэн, сайд нарын тоог нэмсэн. Тэр хэрээр төсөв нэмэгдэж байна. Эдийн засаг нь хямарчихсан маш хүнд байдалд орчихсон үед орон тоог хэмнэх, танах нь амин чухал байтал яам, тамгын газрын суудлыг нэмж болдог, доод шатанд буулгадаг схем ажиллаад байна шүү дээ. Магадгүй Үндсэн хуульд энэ чиглэлээр заалт оруулахыг шаардаж болох юм. Гэхдээ аливаа Үндсэн хуульд оруулах заалт болгоныг, цэг болгоныг хөндөхдөө маш нарийн судалгаатай, шинжлэх ухааны үндэстэй хандах ёстой. Олон сая живаа харилцааг юу зохицуулдаг юм, хууль зохицуулдаг, хэм, хэмжээ зохицуулдаг. Тааруулдаг тохируулдаг. Энийг харж хийхгүй бол 23 жил болчихлоо, Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэх юм уу, тодорхой хугацааны дараа биелэх мөрийн хөтөлбөртэй хутгаж болохгүй. Нийгэмд их том төөрөгдөл явдаг юм.
-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх хүрээнд заалт бүр дээр нь нарийн судалгаанууд тасралтгүй хийгдэж чадаж байгаа юу. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсаны дараа энэ талын ажил нэлээн эрчимтэй байснаа буцаад суларчихав уу гэмээр санагдсан. Ой тэмдэглэх хүрээнд асуудал буцаж сэргэж байгаа болохоос биш. Мөн намын бүлгүүд ажлын хэсэгт хариу ирүүлсэн үү?
-Миний ахалж байсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлсэн. Хариугаа хэл гэсэн. Одоог хүртэл хариу өгөөгүй. Шалтгаанаа тайлбарлахдаа “Засгийн газар солигдож байна, сайд солигдож байна” гэх мэтчлэнгээр завгүй байгаагаар тайлбарладаг. Хэрвээ үнэхээр УИХ-д суудалтай намууд Үндсэн хуульдаа зөв өөрчлөлтийг, нийгмийн шаардлагын дагуу хийе гэж бодож байгаа бол хугацаатай. Дараагийн УИХ-ын сонгууль жил хагасын дараа болно. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа тулна шүү л гэж хэлж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулдаг, УИХ-аа тараадаг эрх мэдэлтэй болохгүй бол болохгүй нь гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлэх болсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Би санал огт нийлэхгүй. Тийм улс орон байгаа, Монголын хөрсөнд үүнээс өөр юм хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийг маш сайн бодох хэрэгтэй. Төрийн эрх барих дээд байгууллага бодлого тодорхойлогч нь УИХ. УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд өөрөө хүлээж гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа. Тийм хүн УИХ-ынхаа дээр гарч болохгүй. Энийг сайн бодохгүй бол Японд ийм байдаг юм байна, Англид ингэдэг, Германд ингэдэг гэж хийж болохгүй. Харин 76 гишүүн дураараа тонгочоод хууль зөрчөөд явбал яах вэ гэдгийг бодолцох ёстой.
-Засгийн газар тогтворгүй ойрхон солигдоод байгаа учраас арга ядаад тийм санал гаргав уу гэж бодогдсон?
-Арга бодохдоо зөв бодох ёстой. Арга бодохдоо буруу бодож болохгүй. Хэнээс болж Засгийн газар унаад байгаа юм, өөрсдийн муугаас болж унаж байна, голдуу. Бүлэглэл хоорондын тэмцлээс болж унаж байна. Энэний цаадах хамгийн халтай нь нийгмийн амьдрал өөдөлж өгөхгүй байна. Жаахан мөнгө олдвол тендэр нэрийн дор хуваагаад идчихэж байна. Ард түмэн яах юм. Ерөөсөө муу ажиллаж байгаа Засгийн газрыг тогтвортой байлгана гэдэг шиг мулгуу юм байж таарахгүй. Харин Үндсэн хууль нь тогтвортой, төрийн эрх барьж байгаа дээд байгууллага нь тогтвортой байх ёстой. Энэ бол чадахгүй, бүтэхгүй хүмүүсээ байлгана гэсэн үг биш. УИХ-ын бүтцийг хүртэл бодох, сонгодог зарчмыг хүртэл бодож болно. Бид 23 жилийн өмнө Үндсэн хуулийг батлахдаа УИХ-ын 76 гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилоод 50х50 хувиар буюу 38, 38 гишүүнээр сэлгэх зарчмыг ярьж байсан. Өнөөдөр энэ асуудал их анхаарал татна гэж бодож байна. Яагаад гэвэл орон даяар 76 хүн бужигнуулсанаас гурван жилийн дараа тал хувиар сонгох хувилбар байж болохыг эргэж бодох ёстой.
Мөн 1992 онд биднийг Үндсэн хуулийг батлахаас өмнө Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүчтэй байх төсөл яригдаж байсан. Энэ бүхнийг багцаар нь бодох ёстой, сэтгэл хөдлөлөөр хийдэг юм биш. Аливаа хууль тэр тусмаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энд тэндээс уншсанаа сэтгэл хөдлөлөөр хуулж тавиад тэр нь манайд алга гэх нь том төөрөгдөл. Болчимгүй алхам болно.
-Таныхаар төрийн удирдлагын ямар хэлбэр манайд хэрэгтэй байгаа вэ?
-Сайн бодох ёстой, би 76 гишүүнд яаж хяналт тавих вэ л гэж бодож байна. Зарим хүн 1990 онтой адилхан хоёр танхимтай болгоё гэдэг. Тэр үед хоёр танхимтай байгаагүй. Хэрвээ хоёр танхимтай болж, нэгдээ хяналт тавъя гэвэл адилхан чиг үүрэгтэй, байнгын ажилтай хоёр танхимтай болох ёстой болно. Энэ бүхнийг жигнэх ёстой.
-Монголд хэтэрхий нүсэрдэх юм биш үү?
-Мэдээж хэрэг. Ярьсан санал болгоны цаана шинжлэх ухааны тооцоотой үндэслэл байх ёстой. Савлаж болохгүй. Энийг шийдэх гарц нь шинжлэх ухааны үндэстэй харах.
-УИХ-ын гишүүд цагтаа хуралдаа ирдэггүй нь ажил их уяж байна. Компанийн ажилтан хуралдаа ирэх цагаасаа, ажилдаа ирэх цагаасаа хоцорвол цалингаасаа хасуулдаг. УИХ-ын гишүүдэд энэ тал дээр хариуцлага тооцох заалт байдаггүй юм уу. Арга ядаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хариуцлага тооцох заалтыг суулгаж өгөх юмсан, сонгогчдынх нь хүсэлтээр эргүүлэн татдаг болчихвол гээд асуудал хөндөгдөж байна?
-УИХ-ын гишүүн цагтаа ажилдаа ирэхгүй бол, хуралдаа суухгүй бол хариуцлага тооцно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулдаг практик дэлхийд байхгүй. Үндсэн хуульд орох юм орохгүй юм гэж бий л дээ. Ер нь бол ард түмний ярьж байгаа туйлын зөв. Яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм, тэрний оронд чаддаг хүнийг сонгоё гэж хүн хэлж болох л байхгүй юу. Ер нь бол УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох хууль холбогдох хуульд бий ч түүнийг манайхан мэдэхгүй байна, хэрэглэхгүй байна, дадаагүй байна. Үүнд анхаарахгүй бол болохгүй. Яагаад гэвэл 39 гишүүн ирэхэд чуулган эхэлнэ. Ердийн олонхи болох 20 хүний кнопоор хууль баталж байгаа байхгүй юу. Энэ аюултай, ороо бусгаа үед төрийн эргэлт гарах юм бол 20 хүн хангалттай. Гэтэл УИХ-ын 15 гишүүн нь сайд байгаа, дээр нь таван хүн нэмэгдэхэд Засгийн газар нь эргэлт гаргаж болно. Хууль зүйн утгаараа ийм байдал бий болчихсон. Энийг гүнзгий харж, ухаарч байх ёстой.
-УИХ энэ алдааг засах талд санаачлагагүй, хөдлөхгүй, хойрго байна даа?
-Хойрго байгаа. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг давхар дээлийг тайлъя гээд төсөл оруулж ирэхэд л УИХ дэмжих ёстой байсан. Дэмжээгүй нь маш том алдаа.
Г.ДАРЬ