Таашаалын мэдрэмжээр нүглээ тайлсан нь

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Таашаалын мэдрэмжээр нүглээ тайлсан нь

Орчлон хорвоод танигдаж мэдэгдээгүй гайхалтай сонин, содон юмс үзэгдэл зөндөө бий. Байгаль дэлхийн сонин хачнаас гадна хүний гараар бүтээгдсэн гайхамшигтай зүйл олон бий. Тэр бүхний учгийг хөөж уншигч та бүхэндээ хүргэхийн тулд манай сонин долоо хоног бүрийн баасан гаригийн дугаартаа “Тайлагдаагүй нууц” хэмээх сонирхол татахуйц нүүрийг тогтмол хүргэж байхаар боллоо.

Нутгийнханаас бусад нь Кхажурахо сүмийг хэдэн зууны турш мартсан байлаа. Зөвхөн XIX зууны сүүлчээр түүнийг улс орныхоо соёл, шашны амьдралд буцаан оруулав. Гэрэл зургийг: (Creative Commons license): Arnaud Dequidt

Сарны хүү

Дундад зууны энэтхэг домог үзэсгэлэнт эмэгтэй Хемавати ба түүний хүү Чандраварманы тухай яриаг бидэнд авчирсан билээ. Хэзээ нэгэн цагт Варанаси гэх ариун хотноо ер бусын үзэсгэлэн гоо Хемавати гэдэг бүсгүй амьдарч байжээ. Язгууртан гаралтай тэрээр брахмануудын дээд хүрээнийх. Нэгэн удаа сарны гэрэлд тэр өөрийн гэрийн усан санд биеэ угааж байв. Бүсгүйн төгс үзэсгэлэнг бишэрсэн сарны бурхан Чандра газарт буун ирээд түүнтэй нийлэлдэн тачаалдлаа. Хемавати бурханы хүүг тээжээ. Гоо бүсгүйн орчин түүнийг энгэр султай гэж муулан буруутгах байсан учир Чандра бурхан бөглүү тосгонд очиж хүүгээ төрүүл гэж Хемаватийг явуулав. Бурхан хүүгээ дараа нь хаан болно гээд түүнд эротик чимэглэлтэй 85 сүмийг кхажурын дал модон ойд босгоод бурхадад тахил өргөх ёстой гэсэн байна. Тэгж л эхийхээ санамсаргүй тачаалын нүглийг хүү нь наминчлах ёстой болжээ.
Хемавати дуулгавартайгаар Варанаси хотыг орхин ойд амьдрахаар одов. Кхажурахо гэх бөглүү тосгонд хүүгээ төрүүлээд Чөндрөварман гэж нэр өгөв. Хүү нь тэнгэрлэг эцгийнхээ адил үзэсгэлэн төгс бөгөөд бяр чадалтай төржээ. Чөндрөварман 16 насандаа нүцгэн гараар барыг дийлдэг хүчтэн болжээ. Тэр цагт Хемавати сарны бурханыг дуудлаа. Чандра бурхан  хүүгээ хаан болгож, Кхажурахо тосгон нь түүний хаант улсын нийслэл болов. Залуу хаан олон ялалт байгуулан дайснаа дараад Кхажурахогийн орчинд 85 сүм босгосон байна. Сүмийг босгохдоо өргөсөн тахил болон сүмийг экротик дүрсээр чимснээс эхийнх нь нүгэл  наминчлагдав. Домогт ийн өгүүлснээр эротик чимэглэлтэй сүмүүд Кхажураход бий болжээ.

Амьдралын зохиол

Үнэн хэрэгтээ бол Кхаджурахогийн сүмийн ба түүнийг бүтээгчдийн түүх өөр л дөө. Хойд Энэтхэгийн жижиг вант улсуудыг IX-ХI зуунд тус орны баруун хэсгийн Ражастан ба Гужаратаас ирсэн ражпутын дайнч омгийнхон эзлэн захирах болов. Тэр үеийн тухай нэгэн түүхэн бичигт ингэж өгүүлсэн байна. “Хааны эрхэм чанар нь үе залгамжлах эрх биш. Түүнийг бичиг баримтаар дамжуулахгүй. Тэр эрхийг авахдаа илдийн хүчээр авдаг. Газар дэлхийг баатрууд захирна” гэжээ.


Кандарья-Махадева сүмийг 1906 онд олсон ба ёс суртахуунгүй гээд түүний тухай мэдээллийг удтал дарагдуулж байлаа. Гэхдээ сүмийн чимэглэлд зөвхөн эротик дүрс байгаа биш. Тэнд Видхъядхара гэх дайчин хааны дайнч зааны олон баримлыг урлажээ. Гэрэл зургийг (Creative Commons license): Brian Gratwicke

Гэхдээ эртний уламжлалын дагуу Энэтхэгт жинхэнэ хаанаар кшастри варнагийн (зэрэг төвшин) удмынхан л тооцогдож ирсэн юм. Засаг авсан ражпутынхан өөрсдийгөө кшастрийнхан гэж итгүүлэхээр зүтгэж байлаа. Тэд өөрсдийн оролдлогыг нар, сарны бурхадаас гаралтай хэмээн зэрэглэлийн тахилчдыг сүм хийд ба өгөөмөр бэлэгээр гарыг нь цайруулж байсан гэдэг. Ражпутынханаас VIII зууны  үед Гуржара-Пратихаруудын хаанчлал хамгийн хүчтэй нь байв. Энэ омгийхон Хойд Энэтхэгийн ихэнхийг хянаж, жижиг вангууд нь тэдний гар хөл болсон байжээ. Тэдний дунд Чанделагийнхан байсан ба тэд зарим үед өөрсдийгөө сарны бурханаас гаралтай хэмээн Чандратей гэж нэрлэж ирэв. Тэгээд тэр нэрээ баталж байна хэмээн дээр өгүүлсэн домгийг урдаа барих болсон байна. IX зууны үеэр тэд Төв Энэтхэгийн Кхажурахо нийслэлтэй нэгэн жижиг вант улсыг (орчин үеийн Мадхья-Прадеш мужийн нутаг дэвсгэр) өөртөө нэгтгэлээ. Тэр үед хот нь Кхажураватика нэртэй байсан нь санскит хэлээр “Нанжин чавгын дал модон ой” гэсэн утгатай.
Чанделийнхан дайчин бөгөөд үнэнч дагаар орогчид нь байв. Тэд Пратихарамынханд туслан лалынханыг Инд мөрний хөндийд нэвтрүүлэхгүй гэж тулалдаж байжээ. Ялангуяа, Харшдева (Harsha Deva, 900–925 онуудын үеэр захирч байсан) хаан тодорсон байлаа. 914-915 онуудад Пратихарамын эсрэг Энэтхэгийн Раштракутуудын (Rashtrakuta).  хүчирхэг вант улс эсрэг зогсож байсан бөгөөд тэдний хаан III Индра (Indra III, 914–929 онууд) өмнөдөөс довтлон дараалан ялалт байгуулж байлаа. Тэд Пратихарамуудын нийслэл Канауж хотыг хүртэл эзэлж амжжээ. Харшдева хааны цэргийн тусламжтайгаар тэд өөрийн эзэмшлэлээ эргүүлэн авсан гэдэг. Харин Харшдевагийн байр суурь хүчирхэг болов. Чанделагийн бие даасан вант улсын хаанаар Харшдевагийн хүү Яшоварман (Yasovarman буюу Lakshavarman, 925–950 онуудын орчим) болов. Пратихарамуудын хүч суларсныг далимдуулан тэр өөрийгөө агуу хаан хэмээн зарлаад суларсан хөршүүдийнхээ газар нутгийг байлдан дагуулах болсон байна. Нийслэлдээ тэр Лакшман бурханы сүмийг босгожээ. Чанделуудын хаанчлалын хүчирхэг байсан оргил үе нь түүний хүү Дхангагийн (Dhanga, 950–1002  онуудын орчим) хаанчлалд ирсэн юм. Тэдний өргөө Калингарын цайзад байсан ч Кхажурахо нь Чанделүүдийн шашны төв нь байв.

Тэнгэрийн апсахара ба сурансундари дагинууд. Гэрэл зургийг: (Creative Commons license): Librex

Байлдан дагуулалтын явцад Дхангадева Төв ба Баруун Энэтхэгийн ихэнх хэсгийг Варанаси хотын хамт эзлэн авсан байв. Дхангадева өөрөө Махаражадхиража Калингарадхипати (агуу хаан, хаадын хаан ба Калингарын захирагч) гэсэн цолтой болсон байв. Урлаг ба уран барилгыг ивээгч тэр сүм дугана босгосоор байсан ба Вишванатхагийн сүмийг Кхажураход нэмэн бариулжээ. XI зуунд Видхьядхара (Vidhyadhara Deva, 1025–1035 оны орчим) хааны үеэр шинэ сүмүүд баригдсан ба хаантан Афганистан ба Пенджабын Махмуд Газневийн армийн довтолгооноос амжилттай хамгаалалт хийж байв. Кхажурахогийн сүмүүд нь нэгэн үеийн биш бөгөөд X-XI зууны үеээр ээлж дараалан баригджээ. Чандела хааны омгийнхон бараг бүгд л урлагийг үнэлэн дэмжигчид байсан юм.  

Уран барилга амилах үеэр

X-XII зуунууд Энэтхэгийн сүмийн барилгын цэцэглэлтийн үе байв. Кхажурахогийн сүмүүд нь тэр үеийн хамгийн тод томруун дурсгал юм. Тэдний дунд жайны хувилгаан даяанчдад зориулагдсан сүм бас бий. Тэднээс хамгийн үнэтэй цэнэтэй нь Шива ба Вишну бурхадын сүм юм.
Дөрвөн зүгийг заасан өндөр суурин дээр сүмүүдийг барьсан байна. Барилгын гол материал нь боржин. Төлөвлөлтөөрөө энэтхэг сүмүүд нь хоёр давхар дээврийн хөндлөнтэй загалмай маягаар боссон байдаг. Тэдний том нь нүсэр байгууламж ч дотор талын зай муутай байсан ба барилгын шовх оройнууд нь Гималайн уулыг санагдуулах ёстой гэнэ. Чанделийн үед сүмийн гаднах байгууламжид цөөрөм, цэцэрлэг их байсан аж.
Кхаджурахогийн сүмүүд нь  уран барилгаасаа гадна чимэглэлийн барималуудаараа алдартай. Гол сүмүүд Махадева, Вишванатхи хоюулаа Вишну барханых ба Лакшманы сүм нь Вишнугийн өөр нэг дүр Рама бурханы үнэнч дагуул Лакшман бурханд зориулагдсан байна. Тэд нь уран барималын барельфаар тойрон чимэглэгдсэн байна. Бурхад, тэнгэрийн дагина, сэтгэмжийн амьтан араатны баримлууд сүмийг шигүү бүржээ. Мөн тэнд Вишну бурханы бодонгийн дүртэй шүтээний том баримал бий. Бурхан тэр дүрээрээ усан галаваас дэлхийг аварч байсан аж.
Үзэгчид ба жуулчдыг эротик сэдэвтэй барималууд нь их татна. Энэ утгаар ч сүмийг Камасутрагийнх гэдэг. Хайртай хосуудын илэн далангүй “митхуна” тэнд дүрслэгджээ. Майтхуна гэх хосуудын тэврэлтийн олон хувилбар ч тэнд бий. Тийм зохиомжууд нь бүх баримлын аравны нэгийг эзлэнэ. Гэхдээ эротизм нь олон барималд тусгагдсан байгаа.

Энэтхэгийн үлгэр домгийн апсарууд нь тэнгэрийн үзэсгэлэнт дагина ба гайхамшигтай бүжигчид, хаад дээдсийг хайраар татсан амрагууд ажээ. Тэдний уран барималын бодит мэдрэмжийн дүрслэлүүдийг эротик урлагийн сонгодог хэлбэр гэж тооцно. Апсаруудын тэнд янз бүрийн залхуутай мэтийн байрлалаар харуулсан нь уран бүтээлчдэд нь моделиуд үйлчилсэн гэх таамаглалыг урлаг судлаачдад төрүүлдэг. Тэнгэрийн зарим дагина нь толинд харан гоёмсог байдлаар зогсон үс соруусаа будаж буй. “Эмэгтэйчүүд цэцэг мэт нандин тэднийг зөвхөн н андин сэтгэл л байлдан дагуулна” гэсэн Камасутрагийн сурын бичгийг тэд чимэглээд байгаа мэт.
Кхажурахогийн баримлууд ганцаараа эротик сэдэвтэй биш л дээ. X-XIII зууны үеийн олон сүмд эротик зураглал бий. Конаракагийн сүм гэж бас тийм урлаг байгаа. Ер нь эротик баримлууд дэлгэрсэн нь тэр үед байсан соёлын нийтлэг шинж болов уу. Тэдний зарим нь уг үндсээрээ эртний уламжлалд хамрагдана. Халуун чийглэг уур амьсгалтай тэр нутагт нүцгэн эмэгтэйн дүрслэлийг төдийлөн сайнаар хүлээн авах нь залхуутай. Манай эринээс өмнө бүтээгдсэн сүмүүдэд апсарын бараг нүцгэн дүрс байдаг. Тэр нь диваажингийн орны таашаалын бэлгэдэл гэгдэхээс гадна сэтгэлийн ариусгалын замын нүглийг амьд хүмүүст харуулж байсан нь тэр болов уу. Илүү илэн далангүй майтхуаны дүрслэл  Х зууны үеэр л сүмийн хана туургыг чимэх болжээ. Ийм сэдэв сүмүүдэд гарч ирсэн нь үр шимийг даллан дуудах мөн хорлол ба эвдрэл сүйтгэлээс сүмийг хамгаалах бэлгэдэл болсон гэж эрдэмтэн мэргэд тооцож байгаа юм.  
Ичгүүргүйн эерэг нөхцөлийг Энэтхэгийн улиралын чанартай баяр наадмаар бас харуулдаг уламжлалтай. Мөн энэтхэг сүмд сүмийн биеэ үнэлэгчид дундад зууны үеэр байсныг сануулахад илүүдэхгүй. Тэд тахилч ламтай заримдаа хаад дээдсийн хамт сексийн ёслолд хайрын урлагийг харуулдаг байв. Үүгээр тэд вант улсдаа бурхадын хайр халамжийг авчирна гэдэг байжээ. Кхажурахогийн эротик сэдвийн гол санаанд нь даяанчийг хөнгөмсөг эмэгтэйн хамт дүрслэсэнд энэ санаа агуулагдсан байх. Эцэст нь даяанчид нүгэл үйлдэхгүйгээр улам хүчирхэг болж байгаад түгшсэн бурхад сурасундари гэх сэтгэлийг нь урвуулах урлагтай охин тэнгэрийг илгээн сахилч даяанчдыг уруу татуулдаг тухай домогт өгүүлсэн нь их байдгийг сануулахад илүүдэхгүй. Мөн майтхуаны дүрс сүмд мөргөгчдийн сэтгэлийн тэнхээг шалгах шалгуур болдог гэсэн таамаглал ч бий. Мөргөлчид бурхадтай харьцахдаа сэтгэлээсээ тачаалын шунаглалаа бүрэн зайлуулсан байх ёстой гэдэг байжээ.

Майтхуаны чимэглэлийг тайлбарлах нь хэцүү. Гэхдээ хоёр зүйл анхаарал татдаг. Тэдний дүрслэл зөвхөн сүмийн гадна хэсгийг чимэх  ба сүмийн дотор талд ер нь хүний дүрс огт байхгүй. Гадна хэсгийн үйлдэлд оролцоогүй эмэгтэйн дүрс нь нэг бол нүдээ аньсан үгүй бол нүүрээ гараараа хаасан байдаг

Х зуунд сүмийн ийм чимэглэл гарч ирсэн нь индусийн шашинд бхакти ба тантра гэх хоёр шинэ урсгал гарч ирсэнтэй холбоотой  гэж болох юм. Бхакти нь Вишну бурханыг сүсэглэгчдийн дунд хурдан тарсан. Тэр нь бурханы ямар ч дүр төрхөнд нь шүтэгчид хайртай байх ёстой гэдэгт оршино. Вишнугийн Кришнагийн төрх нь малчин эмэгтэйчүүдийн залуу Кришнад хэрхэн тачаалдан дурласныг үзүүлдэг. Домгоор Кришна бурхан 900 мянган малчин охидын хүслийг хангахаар төдий тооны дүрд хувирч тэдэнд таашаал өгөхөөр 12 янзын байрлаар тачаалдсан гэх. Тэр их тачаал тайлалтаар гар, хөлийн бугуйвчнаас сэтгэл эзэмдсэн хонхны дуу жингэнэж, эмэгтэйчүүд нь таашаалаас дуу алдан байсан гэж домогт өгүүлнэ. Вишнугийн шүтээний тэр нөлөө нь ийм баримлуудыг бүтээхэд тус болсон нь лавтай.
Тантризм нь Шива бурханы шүтэн бишрэгчдийн дунд дэлгэрсэн байна. Тэр урсгал нь Түвдийн буддизмаас орж ирсэн юм. Шива бурхан нь тантрагийн урсгал гол бурхан бөгөөд түүний бүтээлч эрч хүч Шактийг нь бурханы эхнэр гэдэг. Шастистийн тантризмд бясалгал, йоги орохоос гадна сексийн бүжиг бас багтана. Ёслолын үеэр Шактийг харуулах эмэгтэй нь тахилч ламтай тачаалдан Шива ба Шахти хоёрыг дүрслэдэг байжээ. Энд майтхуана нь сэтгэлийн ариусгалын хэсэг болдог байна. Кхажурахогийн сүмийг чимэглэгч нарт тантра бас их нөлөөлсөн гэж үздэг ажээ.

Сарны омгийн бүдэгрэлт

XII зуун гэхэд Кхажурахогийн сүмүүд Чанделагийн хаадын буянаар цэцэглэсээр байсан ч хаад нь өөрсдөө ялагдал хүлээх нь ихсэв. XIII зууны эхэнд тэд Хойд Энэтхэгийн Делийн султант улсаас хамааралтайгаа хүлээн зөвшөөрөхөд хүрлээ. Дундад зууны түүхэн бичлэгүүдээс харвал лалынханы хөлд багагүй чирэгдсэн Кхажурахогийн сүм XIV зуунд ажиллагаатай байжээ. Чанделийн үр удам нь хөрш зэргэлдээ хэдэн зууны турш захиргаагаа үргэлжлүүлж байсан ч тэд бие даасан агуу хаад болж чадахаа больсон байв.

Дева Жагадамбын сүм. Гэрэл зургийг: (Creative Commons license): Paul Mannix

XIX зуун гэхэд хөрш тосгодын оршин суугчид нь харж хамгаалж байсан ч сүм ширэнгэн ойд эзлэгдэв. Англичууд 1830-40 онуудад тэднийг дахин нээсэн байна. ХХ зууны эхээр сүмийг сэргээн засварлаж эхэлсэн юм. Одоо Кхажурахо нь 10000 орчим оршин суугчидтай жижиг суурин. Тийшээ Агра хотоос автобусаар очиж болно. Мөн Дели-Агра-Кхажурахо-Варанаси гэх чилэлийн онгоц нисдэг. Тэндхийн 85 сүмээс өнөөдөр дөнгөж 24 нь үлдсэн ба одоо жуулчдын очих дуртай газар билээ. ЮНЕСКО эдгээр сүмүүдийг дэлхийн соёлын өвөөр зарласан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж