Шинэ он гарсаар хоёр Солонгосын эрх баригчид төрийн тэргүүний түвшинд яриа хэлцэлээ сэргээхээр санал нэгдээд буй. Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Пхеньянтай яриа хэлцэлээ сэргээхэд урьдчилсан нөхцөл, болзол тавихгүй гэдгээ мэдэгдлээ. Пак Кын Хе Солонгосын хойгийн энх тайвны төлөө Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох ёстой боловч Ким Чен Унтай хийх уулзалтын өмнө Сөүлийн талаас ямар нэгэн нөхцөл, болзол тавихгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр “Хоёр хуваагдсан нэг үндэстний зовлон шаналалыг эцэслэж, энх тайвны замаар эргэн нэгдэхийн төлөө бол би хэнтэй ч байсан уулзана” хэмээсэн байна. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ жилийн баярын мэндчилгээндээ Пак Кын Хетэй уулзах саналыг тавьсан билээ.
Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон Сөүлийн Ерөнхийлөгч Пак Кын Хе нарын дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөө, тов хараахан зарлаагүй байгаа юм. Дэлхийн II дайны дараа хоёр хуваагдсан Хойд болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд өнгөрсөн хугацаанд ердөө хоёр удаа уулзаж байжээ. Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа талууд энх тайвны гэрээ байгуулаагүй тул өнөөг хүртэл дайсагнасаар ирсэн юм. Хоёр Солонгосын хилийг 1.8 сая гаруй цэрэг манаж байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters