АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Бүлгийн ээлжит хуралдаан 10.30 цагт эхэлсэн юм. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаантай харьцуулахад гишүүдийн ирц өндөр байгаа юм байна. Тус бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсч байгаа ажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд мөн эхлээд байна. Тус бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй аж.

Засгийн газар энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ орлого, зарлагыг тус бүр 905 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Ингэхдээ хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр, мөн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд чиглүүлэхээр хүүхэд нь 18 нас хүрсэн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олгохгүй байх, ажил хөдөлмөр эрхэлж байгаад хүүхэд төрүүлсэн бол амаржсаны болон хүүхдээ харж байгаа тэтгэлгийг нь таван сараар бууруулах. Малын хөлийн татвар, Нийслэл хотын татварыг шинээр бий болгох, авто машины болон бууны татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Түүнийг дагаад шүүмжлэл ч хүчтэй өрнөж буй. Тиймээс УИХ-ын төвшинд зарим татварыг бууруулах шаардлагатай тухай олон нийт хэлж байгаа юм. Харин намын бүлгүүд асуудалд хэрхэн хандахаас энэ бүхэн хамаарна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж