УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд бирж байгуулагдах зүй ёсны шаардлага байгаа боловч түүнийг дагаад хүнд суртал бий болохвий хэмээн болгоомжилж байна. Учир нь малчид хоршоо байгуулан түүхий эдийн биржийн арилжаанд идэвхтэй оролцох болтол наад зах нь нийлүүлэх бүтээгдэхүүнтэй холбоотойгоор сумынхаа Засаг даргаас гарал үүслийн бичиг авах шаардлагатай болох гээд нэлээд ажил ундрах аж. Одоогийн нөхцлөөр ченжүүд малчны хотонд нь давхиж очоод малыг нь, ноос, ноолуурыг нь худалдаад авчихдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа. Тийм учраас биржээр дамжих арилжааг аль болох хүнд сурталгүй шуурхай зохион байгуулах талаас нь эрх зүйн зохицуулалтыг тусгах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Монголын мал аж ахуйгаас гаралтай түүхий эдийг зөвхөн Хятад улс идэвхитэй худалдан авдаг учраас тус улсын ченжүүдтэй өрсөлдөх хэмжээнд түүхий эдийн биржийг байгуулахгүй бол тэдэнд цохигдоод үйл ажиллагаа нь өргөжиж чадахгүйд хүрэх магадлалтай хэмээн анхааруулсан юм.
Одоо энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар гишүүдээс санал хураалгаж буй юм.
Г.Дарь