УИХ төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж, энэхүү бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа Монголбанкаар дамжиж хэрэгждэг. Энэ утгаараа Төв банк нь УИХ-тай хамгийн ойр дөт ажилладаг байгууллага гэж хэлж болно. Цаашдаа Монгол орны эдийн засаг улам хөгжиж, төсвийн хүрээ өргөжих чиг хандлагатай байгаа. Ийм нөхцөлд төрийн мөнгө санхүүгийн бодлого явуулж буйг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.
Мөн дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал нь банк санхүүгийн байгууллагууд харилцан арга туршлагаа солилцож байхыг шаардаж буйг онцлоод хоёр улсын Төв банкууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурсанд явдалд баяр хүргэв.
Цаашид Төв банкууд мөнгө, ханшийн бодлого, банкны хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт, чуулганд мэргэжилтнүүдээ түлхүү оролцуулж байх, түүнчлэн хоёр орны гадаад худалдааны эргэлт бага байгаад анхаарч цаашид гадаад худалдааг дэмжих, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах чухал юм гэдгээ хэллээ.
Камбожийн Төв банкны төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал, энэ үеэр Төв банкны удирдлагууд хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь зөвхөн Төв банкуудын цаашдын хамтын ажиллагаанд төдийгүй хоёр орны харилцаанд оруулж буй чухал хувь нэмэр болохыг ноён Чие Чанто онцлов. Энэхүү санамж бичгийн үндсэн дээр хоёр орны Төв банкууд мэдээлэл, үзэл бодол, байр сууриа харилцан солилцох, төлөөлөгчдөө харилцан айлчлуулах замаар харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломж нээгдэж буйг тэрбээр тэмдэглээд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын даргад товч танилцуулав.
Камбож улс нь 1993 онд НҮБ-ын ажиглалтын дор бүх нийтийн сонгууль явуулж, Үндсэн хуульт хаант засаглалтай орон болсон. Эвслийн Засгийн газартай, улс төрийн 50 гаруй нам үйл ажиллагаа явуулдгаас таван нам нь парламентад суудалтай. Зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Хувийн хэвшлийн салбарыг улс орны хөгжлийн гол хөдөлгөгч гэж үздэг. Ядуурлыг бууруулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлж, жилд нэг хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгааг Төв банкны ерөнхийлөгч хэллээ.
Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.