Монголын долоон цаначин “Универсиад”-д уралдана

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Монголын долоон цаначин “Универсиад”-д уралдана

Дэлхийн оюутны өвлийн спортын 27 дугаар “Универсиад” наадам нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 4-д Испанийн Гранада, Словакийн Штрбске-Плесо, Осрблье гэсэн гурван хотод болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б.Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС), эмэгтэйчүүдийн ангилалд Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар өрсөлдөх юм.

“Универсиад-2015” наадмын биатлон, гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, цанын харайлтын тэмцээн Словакт болох бол уулын цана, хоккей, уран гулгалт, шорт трек, сноуборд, кёрлингийн тэмцээн Гранадад болно. “Универсиад” наадмыг хоёр өөр улс хамтран зохион байгуулах анхны тохиолдол болж байна.

Сануулахад, Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппорогийн универсиадад анх удаа оролцож байжээ. Сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн бөгөөд Италийн Трентино хотноо 2013 онд болсон өвлийн Универсиад наадамд Монголын цанын баг тамирчид оролцсон юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж