Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид намынхаа байрны гадаа яг одоо жагсаал зохион байгуулж байгаа аж. Сонгинохайрхан дүүрэгт мөн Ардчилсан намынхан жагсаал хийж буй юм.
Ийм жагсаал зохион байгуулах болсон нь дүрмийн бус сонгууль хийхийг эсэргүүцэж байгаатай холбоотой гэнэ. Тус дүүргийн Ардчилсан намыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Батмөнх удирддаг аж. Гэвч удирдлагаар нь сонгогдохдоо гишүүдийн 50 хувийн санал авч чадаагүй, дээр нь Ардчилсан намаас удирдлага нь дүрмийн бус байдлаар сонгогдсон гэдэг шийдвэрийг гаргасан аж. Ийм байтал нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болж, тов тогтоосон, уг хуралдаа зөвхөн өөрийн талын хүмүүсээ оролцуулахыг оролдож байгаа зэргийг нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж буй юм байна. Нийт 16 хүнийг нөхөн сонгуулиар сэлгэх юм байна.
Дүүргүүд дэх Ардчилсан намын хороодод ийн жагсаал зохион байгуулагдах болсон нь тус намд бугшаад байсан ах, дүү, фракци дагуулж Ардчилсан намын хороодын гишүүдийг бүрдүүлэх болсныг доод шатнаас нь эсэргүүцэж эхэлсний илрэл бололтой.
Г.ДАРЬ