2013 он хүртэл газар өмчилнө

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

2013 он хүртэл газар өмчилнө

Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, одоо эзэмшиж байгаа нийт 104.7 га газрыг иргэдэд өмчлүүлнэ. Өөрөөр хэлбэл,  шинээр суурин газар үүсгэж, газар өмчлүүлэхгүй, иргэдийн хуучин эзэмшиж байгаа эрхийн бичгээ аваагүй газруудад өмчлөх эрхийн бичгийг нь олгох юм байна.
Гэхдээ иргэн та заавал нийслэл гэлтгүй, бусад аймагт газар авч болох юм. Монгол Улсын газар өмчлөх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль бий.Үүнд зааснаар нийслэлийн иргэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр болон бусад аймагт газар өмчлөх эрхтэй. Энэ эрхийн дагуу та газар өмчлөхдөө гурван боломжоос сонголт хийнэ.

Бусад аймаг, сумын нутагт газар эзэмших боломж: Энэ нь өөрийн төрсөн нутаг, хөгжиж буй аймгийн төв, томоохон хотуудын нутаг дэвсгэрт газар өмчлөх боломж юм. Одоогийн байдлаар 2000 гаруй иргэн бусад аймгийн нутагт газар өмчлөхөөр Нийслэлийн газрын албанаас тодорхойлолт гаргуулсан байна.  
 Зуслангийн зориулалтаар одоо эзэмшиж буй газраа өмчилж авах: Үүнийг иргэд шинээр зусланд газар олгоно гэж ойлгодог. Энэ нь буруу юм. Зөвхөн одоо зуслангийн газраа эзэмшиж байгаа, эзэмших эрхийн гэрчилгээтэй, хуульд заасан өмчлүүлж болохоор байршилд байгаа газрыг нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлж байгаа. Үүний дагуу нийслэлийн 19 аманд төлөвлөгөө боловсрогдсон. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Дээрх төлөвлөгөө батлагдвал гэр хороололд газаргүй, орон сууцанд амьдардаг, зуслангийн газартай иргэд зуслангийнхаа газрыг үнэгүй өмчилж авах ажээ.

Нийслэл, аймгийн төвийг холбосон улсын чанартай авто замын дагуу суурин газарт 0.07 га хүртэлх газар иргэдэдүнэгүй өмчлөх эрхтэй болсон. Иргэд замын дагуу гэхлээр дэд бүтэц хөгжөөгүй дуртай газраа авна гэж ойлгодог. Тиймээс үүнийг хуульд нарийн зааж өгсөн. Тухайлбал, суурин газар үүссэн буюу дэд бүтэц хөгжсөн газар гэр бүлийн зориулалтаар газар үнэгүй өмчлөх эрхтэй. Газар өмчлөх хугацааг 2013 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгасан. Дээрх хугацааг иргэд хууль хэрэгжиж дуусах хугацаа гэж ойлгодог. Гэтэл энэ нь иргэнд үнэгүй, гэр бүлийн хэрэгцээгээр газар өмчлүүлэх хугацаа юм байна.

Нэмж сонирхуулахад, 2003 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 85 мянга орчим иргэнд 4623.9 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлсэн байна. Харин 4623.9 га газар гэдэг нь нийслэлд өмчлүүлэх боломжтой гэж төлөвлөж, НИТХ-аас баталж өгсөн газрын 100 хувь юм. Үүнээс харахад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх газрын нөөц багассан байна. Гэтэл өнөөдрийн  байдлаар Нийслэлийн Иргэдийн 7.5 хувь  нь л газраа эзэмшсэн гэсэн тооцоо гарчээ.

Барилга.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж