Тоглоом тоотой нь дээр

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Тоглоом тоотой нь дээр

Чихэнд чимэг болсон “Монгол Улс” гэдэг нэрийг эх орон, ард түмэндээ эргүүлэн авчирсан, Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Ардчилсан Үндсэн хуулийн баярын өдөр удахгүй тохиох гэж байна.

Одоогоос 23 жилийн өмнө АИХ-ын 430 депутат Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталсан нь XX зууны Монгол Улсын түүхийн хамгийн чухал, магадгүй үе үеийн монголчуудын дэлхийн жишигт хүрсэн Үндсэн хуультай болох хүсэл мөрөөдлийн биелэл болсон юм. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар нас, хүйс, яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, албан тушаал, үзэл бодол, боловсрол харгалзалгүй өөрийн сурч, амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, хувийн өмч хөрөнгөтөй болох, шашин шүтэх, хүн болгон хууль, шүүхийн өмнө тэгш байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх гээд олон эрхийг чөлөөтэй эдлэх эрхтэй болсон билээ. Өнгөрсөн хугацаанд нэгдлийн малыг малчдад, орон байрыг оршин суугчдад нь хувьчилж, хувийн хэвшлийн аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбар үүсч, манай улсын гадаад олон улсын нэр хүнд ихээхэн өслөө. Эдгээр эерэг үзүүлэлт нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал маань дэлхийн жишигт хүрсэн, хүний эрхийг дээдэлсэн хууль болохыг харуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Дэлхийд Үндсэн хуулийн тухай ойлголт эрх зүйн шинжлэх ухаанд 200 гаруй жилийн өмнө орж ирсэн байхад Монголчуудын хувьд Чингис хааны “Их цааз” хуулиас эхлэн тооцвол даруй 700 гаруй жилийн хуулийн эрх зүйн хөгжлийн түүхтэй билээ.

Монголчуудын Үндсэн хуулийн тухай үзэл санаа 100 гаруй жилийн настай гэж Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч Б.Чимид гуай бичсэн. Тэрээр бичихдээ 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчид Богд хаант Монгол Улсын төр байгуулагдсаны дараа Үндсэн хуулийн тухай судалгаа хийж байсан баримт бийг дурдсан байдаг. Тэд 1914 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл бэлэн болгосон байсан гэж судлаачид баталдаг юм байна.

Мөн ардын хувьсгалын удирдагчид Үндсэн хуультай болох асуудалд маш их анхаарч 1922 оны 5 сарын 19-ний өдөр Үндсэн хууль боловсруулах комиссыг Магсаржав хурцаар ахлуулан байгуулж гаргасан тогтоолдоо “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас авч засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэж заасан нь парламентын засаглалтай улсын жишгээр боловсруулах зорилтыг тавьжээ. Энэ комисс Англи, Америк, Япон, Норвеги, ЗХУ зэрэг таван улсын Үндсэн хуулиудыг орчуулан судалж байсан түүхтэй. Харин 1924 оны 9 дүгээр сард Ардын засгийн газар Б.Цэрэндоржоор ахлуулсан комиссыг дахин байгуулж, ЗХУ-ын 1918 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалтай төстэй Үндсэн хуулийг хуулбарлан баталсан боловч Бүгд Найрамдах улсыг тунхаглаж түүхэнд бууршгүй ач холбогдолтой болсныг та бид мэднэ. 1940 оны Үндсэн хууль нийгэм журмыг байгуулах, феодлын ёсыг халах, 1960 оны Үндсэн хууль социализмыг байгуулах зэрэг нийгмийн хөгжлийн үе шатуудын зорилтыг тодорхойлсон утга агуулгатай хуулиуд байсан билээ.

ЗХУ болон социалист бусад орнуудад өрнөсөн илт тод байдал, өөрчлөлт шинэчлэлийн ачаар 1980 оны үеэс дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил, чиг хандлагыг манай эрдэмтэн, судлаачид, хуульчид судалж, Үндсэн хуулийн үзэл баримлалыг их дээд сургуулийн оюутнуудад зааж эхэлсэн тухай Б.Чимид гуай дурсан ярьдаг байсан. Энэ үед Баавар, Англи улсад суралцаж байхдаа бичсэн “Үндсэн хуулийн төсөл” хэмээх өөрийн хувилбарыг зарим тайлбарын хамт ирүүлсэн байдаг. Эрдэмтэн Д.Орхоны зохиосон гэх “Үндсэн хууль”-ийн төслийг “Ертөнц” сонинд хэвлүүлж байжээ. Нийлээд сүүлд 1990 оны үед “Тулгар цааз” нэртэй Үндсэн хуулийн төслийг доктор М.Санждорж, Л.Идэр, дэд эрдэмтэн Ц,Сарантуяа, С.Нарангэрэл, Д.Дашцэдэн, Д.Лүндээцанцан, Д.Ганзориг, хуульчид Б.Энэбиш, Б.Мандахбилэг, Ж.Элбэгсайхан нар бичсэн түүх бий. Эдгээр Үндсэн хуулийн төсөл боловсруулсан оролдлогууд нь Ерөнхийлөгч П.Очирбат ахлагчтай Үндсэн хууль боловсруулах комиссыг 1990 оны 10 дугаар сарын 4-нд Улсын бага хурал /УБХ/-аар байгуулахаас өмнө хийгдсэн байсан юм. Дээрх жишээнүүд нь Монгол Улс Үндсэн хуулийн эрх зүйн үзэл баримтлалыг боловсруулах талаар тодорхой судалгаануудыг хийсэн, олон улсын туршлагыг судалсан, Үндсэн хуулийн эрх зүйн үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдсэн байсны гэрч болох нь дамжиггүй.

Депутатууд та бидний 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулга, хэрхэн бүтсэн тухай Үндсэн хуулийн эхийг баригч Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид гуай 2002 онд өөрийн бичсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал” номондоо: “Ямар нэг изм баримтлаагүй, аль нэг улсын хууль орчуулан хуулбарлаж дагаж засаад хийчихээгүй. Харин сонгодог, тэр дундаа хуулийн сонгодог онол, олон орны эрдэмтэн мэргэдийн туурвисан Үндсэн хуулийн тухай сургаалын цөөнгүй салбар байдгийг эрхбиш харгалзаж иш үндэс болгосон. Манай орны эрдэмтэн, мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн оролцож зөвшилцөн ойлгож томъёолсон. Гадаадын нэрт эрдэмтдийн санал бодлыг сонсч, авах гээхийн арга ухааныг хэрэглэсэн. Эцэст нь нийт ард түмнээр гурван сар хэлэлцүүлж санаа бодлыг нь түшиглэн засч сайжруулсан. Бага хурлаар дөрвөн удаа, Ардын Их Хурлаар хоёр удаа хэлэлцэж, шинэчилж шийдсэн асуудал ч бий. Төрийн удирдлагын хэлбэрийг тодорхойлох гэж санал авахад хаант засагтай, парламентын засагтай гэж гурван янзын санал гарч 900 мянган хүнээс 60 гаруй хувь нь “парламент” гэснээр Монгол Улс Үндсэн хуулиндаа парламентын засаглалыг сонгосон” гэж дурсан бичсэн баримт байдаг.

Үндсэн хууль боловсруулсан ард иргэдийн оролцооны тухай Үндсэн хууль боловсруулах комиссын дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэнчлэн “Үндсэн хууль бол Монгол Улсын оюуны чадавхийг бүхэлд дайчилсан Монголын хөдөлмөрчид, эрдэмтэн, мэргэжилтэн, та бидний хамтын бүтээл” болсон гэж Үндсэн хуулийг ёсчилсон АИХ-ын хуралдаан дээр хэлсэн дээрх үгтэй Үндсэн хуулийг батлалцаж суусан бид санаа нэгдэж байна.

Ардчилсан Үндсэн хуулийг ард олон нийтээр хэлэлцүүлсэн тухай түүхийг Үндсэн хуулийн эх баригч, УИХ-ын дарга, Гавъяат хуульч Д.Лүндээжанцан хэвлэлд /info.mn/ өгсөн ярилцагадаа: БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс гарч, УБХ болон ард түмнээр 70 гаруй хоног хэлэлцсэн хууль байгаа юм. Тэр үеийн АИХ-ын депутатууд хэдийгээр жалга довны үзэлтэй гэж хэлэгдэж байсан ч Монголын өнцөг булан бүр сум, хороо болгоноос ирсэн ард түмэн энэ хууль дээр хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Нийт ард түмнээр хэлэлцүүлэх явцад 900 мянган иргэд, сонгогчид оролцож санаа оноогоо хэлсэн. Ингэж байж Үндсэн хуулийг баталж байлаа. Үндсэн хуулийг зүгээр нэг парламентын танхим баталчихдаг биш. Тэгэхээр энэ яах аргагүй Монголын ард түмний бүтээл юм.” гэж дурсан бичсэн байдаг.

Эрхэм депутатууд та бидний хэлэлцэн баталсан ардчилсан Үндсэн хууль ямар үнэ цэнэ, түүхэн ач холбогдолтой болох талаар: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Үндсэн хууль бол … Монгол төрийн үзэл баримтлалын тулгуур баримт бичиг мөн”, Ерөнхийлөгч Н.Багабанди “Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч”, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат хуульч, Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимид “Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа ашид мөнхийн адил Үндсэн хуулийн үзэл баримтлал гандан бууршгүй” гэж үнэлж бичсэнээс харж болно.

Зарим түүхчдийн бичсэнээр 1921 онд Да хүрээнд Богд хаант Засгийн газар үйл ажиллагаа явуулж байхад Алтанбулагт Ардын засаг байгуулагдаж монголд хоёр засгийн газар зэрэгдэн ажиллаж байсан түүх бйи. Энэ үйл явдлыг монголчуудын бүдүүлэг харанхуй цаг үетэй холбон тайлбарлаж өөрсдийгөө хамгаалдаг. Тэгвэл үүнтэй төстэй, бүр долоон дор нэгэн үйл явдал болоод 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Монгол Улсад хүчинтэй хоёр Үндсэн хууль зэрэгцэн оршиж байгаа шившигт явдлыг монголчуудын XX, XXI зууны “сайн үйл” явдал гэх үү. Энэ нь Зайсангийн аманд байрладаг Үндсэн хуулийн цэцийн “хүчинтэй” гэж ярьж бичээд байгаа 1992 оны Үндсэн хууль, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын 2000 онд “дордуулсан долоон өөрчлөлт”-ийн нэмэлт оруулсан Үндсэн хуулийн тухай энд яриад байгаа юм.

Эрхэм Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга аа, цэцийн гишүүд ээ Монгол Улс ингээд хоёр Үндсэн хуультай байгаад байх юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Үндсэн хуульд ардчилсан бус аргаар хандах нь улс төрийн хувьд ч, эрх зүйн хувьд цээртэй” гэж хэлээд хориг тавьсан байдаг. Монгол Улсын төрийн тэргүүний хэлсэн цээрийг үл тоомсорлон 2000 онд “ардчилсан бус аргаар” хийсэн нэмэлтээ хэн хэзээ цуцлах вэ. Энгийн жишээ, “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо” ТББ дэлхийн Үндсэн хуульт 100 гаруй улс орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын Үндсэн хуулийн эрх зүйн холбоонд/ACL-AIDC.ORG-THE INTERNATIONAL ASSOCIATION OF CONSTITUTIONAL LAW (IACL)/ элсч Үндсэн хуулиа, Монгол Улсаа эрх зүйт төртэй улс гэж сурталчлахаар ажиллаж байна. Цэцийн гишүүд ээ, манай холбоо аль оны Үндсэн хуулийг барин очиж энэ олон улсын Үндсэн хуулийн эрх зүйн холбоонд элсч танилцуулах вэ. Манай Үндсэн хуулийн цэцийн гишүүд гадаадад зочлох үедээ болон гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авахдаа хэдэн оны аль Үндсэн хуулиа ярьж сурталчилдаг бол гэхээс тэдний өмнөөс ичиж, яс хавталзсаар суудаг.

Төрийн эрхэнд байгаа эрх тушаалтнууд цаг ямагт төр, засгийн эрх мэдлээ тэлэхийг хүсдэг нь хорвоогийн жам юм байна. Гэхдээ төр засгийн эрх мэдэл гэдэг бол тоотой, хязгаартай учраас ард иргэдийн эрх мэдлийг авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Харин нь ганцхан Үндсэн хууль ард иргэдийн эрх мэдлийн хамгаалалт болдог. Тэгэхээр эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд тэр саад болоод байгаа Үндсэн хуулийг өөрчлөх гэж дайрах шалтгаан үүсгэдэг. Үүнийг 2000 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс тодорхой харж болно. Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж мөнгө зарах эрх мэдэл эдэлж олон хүн захирах эрх мэдэлтэй болмоор байдаг. Энэ эрх мэдэлд хүрэх хамгийн дөт зам нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах арга харагддаг бололтой. Тэд Үндсэн хуулийг ард түмний өмч, эзэнгүй гэж боддог бололтой. Үндсэн хууль өөрчлөх шалтгаанаа “төрийн ажлыг гацаанаас гаргах” гэх мэтийн их гоё ганган, сэтгэл уярам үгүүдээр тайлбарлаж хуурдаг нь манай улс төрчдийн нийтлэг жишиг. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын 76 гишүүн ард иргэдийн төрийн сайд болох 76 эрхийг булаан авсан билээ.

Ингэж төрийн эрх мэдлийн төлөө авирахдаа намыг шат дамжлага болгон ашиглахаа мартаагүй билээ. Уг нь нам гээч зүйл Үндсэн хуультай холбоотой нь үнэн. АНУ-д анх Үндсэн хуулиа баталсны дараа түүнийг ард нийтэд ойлгуулж сурталчлахын тулд хүмүүсийг хэсэг бүлэг болгон зохион байгуулалтад оруулаад түүнийгээ нам гэж нэрлэснээс энэ ойлголт бий болсон түүхтэй. Нам гээч зүйл төрийн хаана байвал зохилтой тухай Үндсэн хуулийн эхийг баригч Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид гуай “Ардчилсан дэглэм гэдэг бол төрийг төвийлгөж, намыг намсгах ёстой шүү дээ. Төрийн дор нам орших болохоос намын дор төр оршихгүй” гэж бичсэн байдаг.

Залуус бид ардчилсан үйл явцын төлөө анх 1989 онд жагсаж тэмцэхдээ нэг намын захиргаадалтын системийг халья, төрийн дээр сандайлсан нэг намыг зайлуулья, төр төвтэй засгаа байгуулья гэж лоозон барьж тэмцсэнээ 8 жилийн дараа мартаж намын бүлэг болгоноос УИХ-ын дэд дарга бий болгож, онолын магадлалаар УИХ нь 8 дэд даргатай байх боломжтой боллоо. Уг нь УИХ-ын дэд даргад 76 гишүүний аль нэгэн сонгогдох боломжтой байсныг хааж, УИХ-ын гишүүд өөрсдийн УИХ-ын удирдлагад сонгогдох чөлөөт эрхээ сайн дураараа намуудын өмчлөлд шилжүүлжээ. Энэ ч яах вэ, УИХ-ын гишүүдийн дотоод асуудал, тэд маань дэд даргын албан тушаалд дургүй сайн хүмүүс гэж бодоод орхиё. Хамгийн харамсалтай нь Үндсэн хуулийн энэ хоёр өөрчлөлтөөр УИХ-ын бүрэлдэхүүн нь сайд нар, УИХ-ын дэд дарга нарын цуглуулга болж төрийн ажил залгуулах нөгөө төрийн түшээд үгүй боллоо.

Өөр нэг шалихгүй юм шиг боловч УИХ-ын гишүүн саналаа илээр өгөх болгосноор төр засгийн эрхийг ард түмний мэдлээс салгаж намын мэдэлд шилжүүлж Үндсэн хуулиар олгосон УИХ-ын гишүүний ард түмний элчийн халдашгүй эрхийг үгүй хийсэн, саналаа чөлөөтэй өгөх эрхэд халдсан үйлдэл болсон билээ. Ингэж намууд гэдэг айл УИХ-ын төрийн эрх барих дээд эрхийг нь хуваалцсан, УИХ-ийн гишүүнээр “нүдлэн хамгаалуулсан” чухал байгууллага боллоо. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт итгэл үзүүлэх УИХ-ын санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Бурмаа ард түмний элчийнхээ эрхийг эдэлж үзэл бодолдоо үнэнч байж саналаа өгсөн нь АН-ын даргын бодлоготой зөрчилдөж түүнийг намын гишүүнээс хөөх “банга” хүртэж байгааг харлаа. Ингэж намын шийдвэрээс өөр саналтай УИХ-ын гишүүнийг намын гишүүнээс хөөнө, дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ажил албанд томилохгүй гэж дарамталж УИХ-ын гишүүн нь ард түмний элч, нийт иргэн улсын ашиг сонирхлын үүднээс саналаа өгөх боломжгүй болжээ. Саяхан Ерөнхийлөгчийн санаачилсан “гишүүдийн давхар дээлийг тайлах” тухай хуулийг УИХ эцсийн хэлэлцүүлгээр унагаж төрийн толгойд намуудын гарсан байдлыг улам бэхжүүллээ. Ингэж намууд 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин төрийн толгойд заларсан нь 1960 оны Үндсэн хуулийн “төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол марксист-ленинист нам мөн” гэсэн заалтыг дахин сэргээсэнтэй бараг адилхан зүйл болсон юм.

Үндсэн хуулиар хууль санаачлах эрхтэй гуравхан субьект байгаа. Үндсэн хуулийн энэ үзэл баримтлалын дагуу Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулах хуулийг санаачлан УИХ-д оруулах эрхийг түүнд эдлүүлэхээр заасан. Гэтэл 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн тэргүүний Ерөнхий сайдыг томилуулах эрхийг намд шилжүүлжээ. Ингэж төр түмний төлөө хийх ажилгүй болсон Ерөнхийлөгч маань арга ядахдаа “агаарыг цэвэршүүлэх” зарлиг гаргаж бүр “нүүрсчин” болж хүртэл үйлээ үзэж байна. Магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг гурав дахиа хийвэл төрийн тэргүүн, Ерөнхийлөгч маань “шалдрах” аюул тулгарч мэдэхээр байна.

Америкийн Конгрессын түүхээс харахад Үндсэн хуульдаа 27 удаа нэмэлт, өөрчлөлтийг хийсэн бөгөөд нэг өөрчлөлтийг хийхдээ 6 сараас 3 жил хүртэл хугацаанд хэлэлцэн баталсан түүх байдаг. Харин хамгийн сүүлд хийсэн “Конгрессын гишүүний цалин”-гийн тухай 27 дугаар нэмэлт, өөрчлөлтийг 1789 оны 9 сарын 25-ны өдрөөс эхэлж 202 жилийн турш хэлэлцэн 1992 оны 5 сарын 7-ны өдөр Конгресс баталж Ерөнхийлөгч Б.Клинтон гарын үсэг зуржээ.

Ингэж Үндсэн хуульдаа “долоо хэмжиж байж” хандахыг л хууль дээдлэх, төрт ёс гээд байгаа юм. Харин нь манайхан 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг их яарч нэг хоногийн дотор л хийсэн. Бодвол “төрөө хямралаас гаргана, түмнээ ядуурлаас гаргана” уриатай сонгуульд орсон нам олонх болсон тул түмнээ ядуурлаас гаргах ажлаа яаравчлан хийхийг бодсон биз ээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард иргэд, эрдэмтэн, мэргэдээс асуух битгий хэл УИХ-д суудалтай сөрөг хүчний 4 гишүүний саналыг үл тоомсорлож байсныг бид хэвлэл мэдээллээр харж байсан.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээс хойш 15 жилийн хугацаа өнгөрлөө. Нөгөө л төр гацаатай хэвээрээ, гүйцэтгэх засаглал улс орноо хөгжүүлэх бодлого, гарц ололгүй мунгинасаар 15 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд монголын ард түмний амьдрал дээшилж, шинэ үйлдвэр, цахилгаан станцууд баригдаж, ажлын байр нэмэгдсэн юмгүй, УИХ-ын гишүүнд багцын тэрбум төгрөг хүртэл өгч үзээд ч улс орон хөгжсөнгүй. Харин нь ч авлига тэнгэрт тултал цэцэглэн хөгжлөө, Бороогийн алтаа зөөж дууслаа, дэлхийд гайхагдсан Оюутолгойн ордоо харийнханд тавьж туулаа, агаарын бохирдол хүн бүү хэл амьд амьтан амьдрахад бэрх боллоо.

Ийм үр дүнг 2000 оны Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт авчирсан байхад улс төрчид маань Б.Чимид гуайн хэлснээр “Тэд эрх зүйт төр байгуулж байна” гэж лоозогнох мөртлөө түүний үндсэн зарчмыг тогтоосон төрийн гол хуулиа ‘будаа болгож’ од болохыг оролддог” зангаа улам ил гаргаж Үндсэн хуулийг дахин өөрчлөх талаар өдөр болгон сурталчлан ярих болсныг ард иргэд, АИХ-ын депутатууд, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашсан эрхмүүд анхааралдаа авахаас аргагүйд хүргэж байна. Тоглоом тоотой нь дээр зүйр цэцэн үгийг санаж явмаар санагдана.

“Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны ерөнхийлөгч Монгол Улсын гавъяат холбоочин Д.Моондой

“Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны Гүйцэтгэх захирал Д.Мандах

“Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сандуйжав

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж