“Хувьсал” продакшны бүтээсэн “Зүрхээр наадагч” кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Өнгөрсөн онд хамгийн их орлого олсон киноны нэгээр шалгарсан билээ. Гэвч энэхүү кинотой холбоотой нэгэн хачирхалтай мэдээлэл сүүлийн үед онлайн сүлжээгээр цацагдах боллоо.
Яруу найрагч Хулганай гуайн дөрвөн хүүхдийн нэрийг тус бүтээлд хууль бусаар ашиглаж, бичсэн шүлгийг нь иш татан “Зүрхээр наадагч” бүтээлд оруулсан нь яруу найрагч Х.Тэргэлийн ундууцлыг хүргэсэн байна. Яруу найрагч бүсгүй энэ тухайгаа фээсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлэх болсон билээ. Тиймээс бид яруу найрагч Х.Тэргэлтэй холбогдож, болсон явдлын талаар тодрууллаа. Тэрбээр, Америк амьдарч байгаа юм.
-“Хувьсал” продакшны бүтээсэн “Зүрхээр наадагч” кинотой холбоотойгоор та багагүй шүүмжлэл гаргах болсон. Уг кинонд таны аавын бичсэн шүлэг, та бүхний нэрийг ашигласан гэлээ. Энэ талаар тус продакшныхантай холбогдсон уу?
-Тус продакшныхантай нэг удаа холбоо барих гэж оролдсон. Харамсалтай нь, утсаар олигтой юм хэлэхгүй байна лээ. Тэгээд нь дараа нь дахиад залгасан ч утсаа аваагүй. Би А.Ганчимэгийг ухаалаг бүсгүй гэж хүндэлдэг байсан. Гэтэл бичсэн зохиолдоо миний аавын шүлэг, бидний нэрсийг ашигласан талаараа яагаад тайлбар хийхгүй, ядахнаа надтай холбогдоод уучлал гуйхгүй явааг нь ойлгохгүй байна.
-А.Ганчимэг өөрөөс чинь уучлал гуйгаагүй юм уу?
-Уучлал гуйх нь битгий хэл надаас зугатаад байгаа.
-Энэ асуудлаар шүүхэд хандахаар болсон гэл үү?
-Би шүүхэд хандсан. Одоогоор Америкт амьдарч байгаа болохоор шүүхийн шийдвэрээс хамаарч Монголдоо очиж магадгүй. Миний хувьд тэдэнд уучлалт гуйх хангалттай цаг боломж өгсөн. Энэ асуудлыг тэд ингээд замхарна гэж бодож байгаа бололтой. Хамгийн гол нь хүний бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авч тавьчихаад огтхон ч эмзэглэхгүй байгаад нь гомдолтой байна. Тийм болохоор би “Хувьсал”-ынхныг луйварчид л гэж харж байгаа даа.
-Үүнээс болж өөрийг чинь буруутгах хүмүүс ч байна ?
-Би энэ асуудлаас болж янз бүрээр л доромжлуулж байна. Өөд болсон эцгийг минь хүртэл элдвээр хэлж байна. Тийм болохоор би заавал үнэнийг тогтоолгоно гэсэн бодолтой байгаа. Хүний юмыг хулгайлж авчихаад дараа нь хүмүүсээр доромжлуулж болохгүй л дээ.
-Та “Хувьсал” продакшныхнаас ямар нэгэн хөрөнгө мөнгө нэхэмжилж байгаа юу?
-Асуудлыг ийм байдалд хүргээгүй байсан бол би арай өөр хандах байсан шүү. Харин хуулинд энэ хэрэг өөр заалттай байдаг юм байна лээ. Тиймээс хуулийнхаа дагуу хандана гэж бодож байгаа. Хуулинд юу заасан тэр дагуу шүүхээс шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
Хувьсал продакшныхны хувьд гурав дахь уран бүтээлийнхээ зураг авалтын ажилдаа оржээ. Одоогоор “Хувьсал”-ынханд шүүхийн ямар нэгэн бичиг, мэдэгдэл ирээгүй байгаа юм байна.
Э.ТЭКҮ