Сангийн сайд гишүүдэд “байцаагдаж” байна

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Сангийн сайд гишүүдэд “байцаагдаж” байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ө.Энхтүвшин “Харилцан итгэлцэл, хамтын найрсаг харилцааны тухай гэх гоё нэртэй хоёр намын хамтарсан гэрээ хэлцэл дээр өрийн босгыг нэмэхгүй гэж тохирсон. Өр тавихгүй, нэмэхгүй л бол өөр боломж харагдахгүй байна гэж байна. Яг ингэж өр тавиад  байснаасаа болоод Тажекистан улс өөрийн нэгэн районоо Хятад улсад өгч байна. Гадныхан хувийн хэвшилд зээл өгөх гээд байгаа юм гэдгийг нь ойлголоо. Тэгвэл яг ямар компаниад гаднын ямар компаниас хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа юм бэ. Өр гэдгээс засгийн газрын баталгааг хасчих тухай ч ярьж байна. Ингэвэл өрийн хэмжээ ДНБ-ийн 30 гаруй хувьд хүрэх юм шиг байна. Гэвч ийм зүйл байж болохгүй шүү” гэсэн юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат үүнд “өнөөдрийн өрийн хэмжээ маань ДНБ-ий 55 хувьтай байгаа. ДНБ-ий хэмжээ 26,1 их наяд байна.Өрийн босго 70 хувьд хүргэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн. Энэ дагуу нь оруулж ирж байгаа” гэв. Мөн “Бонд улсын өрөнд нэмэгдэж байгаа. Чингис бондоос 700 тэрбумийн үлдэгдэл бий. Үүнээс хийх ажил нь тодорхой болчихсон” гэдгийг тодотгосон байна.

Л.Энх-Амгалан “2016 онд зээлийн эргэн төлөлтүүд эхэлнэ. 2017 оноос бондын эргэн төлөлтүүд эхэлнэ. Энэ бүхнийг тооцсон, эдийн засгийн өсөлтийг ямар бодлого хөтөлбөрөөр хангах нь тодорхой бус байна. Инфляцийн түвшинг ирэх гурван жилд 7 хувь байна гэж байгаа нь ямар үндэслэл тооцоон дээр суурилсан юм бэ” гэв. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн үед унаж байгаа. Иймд эдийн засгийн өсөлтөө хэт өөдрөг төсөөлөөгүй. Үйлдвэрлэл үйлчилгээ сэргээд ирвэл үүнээс доош бууж ч болно” гэсэн юм.

Гишүүн С.Оюун үргэлжлүүлэн “эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэсэн хэрнээ яагаад 7 хувийн өсөлттэй болно гээд байгаа юм бэ. Энэ өсөлт ямар салбаруудаас бүрдэх вэ” гэхэд Ж.Эрдэнэбат “Өмнө нийт өсөлтийн 70 хувийг уул уурхайн салбар эзэлж байсан. Үүний хамаарлыг бууруулж, бусад салбарын үйл ажиллагааг дэмжих бодлого барьсан. Эхний улирал хүртэл барилгын болон худалдааны салбаруудад эерэг үзүүлэлтэй гарч байсан бол сүүлийн үед бууралттай болсон. 7 хувийн өсөлтийнхөө 2 хувийг нь уул уурхайгаас, үлдсэн өсөлтийг бусад, тухайлбал хөдөө аж ахуйн салбараа дэмжсэнээр нөхөх болно.Манайх шиг жижиг эдийн засагтай улсад 7 хувийн өсөлт гэдэг нь тийм ч өндөр өсөлт биш. Харин том эдийн засагтай улсын хувьд 3 хувийн өсөлт гэхэд л маш их хэмжээний өсөлт болдог” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж