Ц.Алдармааг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Ц.Алдармааг шүүх хурал эхэллээ

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд эхэллээ.

Тэд хоорондоо маргалдсаны улмаас бие, биерүүгээ  буцлам халуун ус цацаж,  үүнээс болж жүжигчин Д.Оюунтуул биедээ хүнд гэмтэл авсан юм.  Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаагийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм.  Шүүх хурлын үеэр хохирогч болон яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй тул шүүх хурлыг үргэжлүүлэн явуулахаар боллоо.

Дашрамд дурдахад, давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаа нарын хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шинжээч томилон магадлахыг үүрэг болгосон. Үүний дагуу шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орсон эсэхийг тус шүүхийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Баттогтохоос тодруулахад “Шинжээчдийн дүгнэлтээр өмнө нь Г.Оюунтуулын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн бол энэ удаад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан юм билээ. Гэхдээ хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй. Өмнөх шүүгдэж байсан зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 96.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүх хурал товлогдоод байна. Өөрөөр хэлбэл Ц.Алдармааг бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалтаар шүүгчдэгчээр татсан” гэсэн юм. Ийнхүү шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулснаар буюу хүнд гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэснээр Ц.Алдармаад оноосон долоон жил 10 хоногийн ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа юм байна. Дашрамд, жүжигчин Д.Оюунтуулын БНСУ-д эмчлүүлэх зардлыг Ц.Алдармаагийн ар гэрийнхэн гаргаж, эмчлүүлж байгаа юм. 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж