Фото: Jean-Francois Monier / AFP
Нэгдүгээр сарын 7-ны Charlie Hebdo сэтгүүлийн редакцид халдсан аллагын дараа хэд хэдэн лалын сүмд халдлагад өртсөн талаар Agence France-Presse мэдээлэв.
Парисаас баруун зүгт орших Ле-Ман хотын лалын сүмийн хашаанд үл таних хүмүүс гурван гар бөмбөг шидсэн нь золоор дэлбэрсэнгүй. Тэгвэл Пор-ла-Нувель хотын лалын сүмийг гар буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Энэ халдлагын үеэр хүний амь хохироогүй гэдгийг цагдаагийнхэн мэдээлжээ.
Түүнчлэн Францын Вильфранш-сюр-Сон хотын сүмийн ойролцоох ресторанд бөмбөг дэлбэлсэн байлаа. Нэгдүгээр сарын 7-ны өглөө автомат, гранат харвагчаар зэвсэглэсэн гурван эрэгтэй Францын долоо хоног тутмын шог сэтгүүлийн редакцид довтолсон юм. Тэд хадлага хийхдээ “Аллах акбар”, “Бид их зөнчийнхөө өшөөг авлаа” хэмээн хашгирч байжээ. Халдлагад 12 хүн өртсөний дунд сэтгүүлийн ерөнхий редактор байжээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ хэрэг явдлыг террор гэж нэрлэв.
Хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг Парисаас хойд зүгт наяад км-ийн цаана байхад нь баривчилжээ. Зэвсэгтэй хоёр хүн Эн мужийн Виллье-Коттере хотод нуугдаж байгаа нь илэрсэн бөгөөд тэнд тусгайгийнхан очоод байгаа юм. Хэрэгтнүүдийг шатахуун түгээгүүрийн станцын ажилтан таньжээ.Тэдний унаж зугтсан Clio машин тэнд байсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР