Ж.Батцэцэг: Яруу найраг бол миний эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Ж.Батцэцэг: Яруу найраг бол миний эрх чөлөө

 

Яруу найргийн мөнгөн үеийн төлөөлөл, ерээд оны “Гэгээхэн сэвгэрүүд”-ийн нэг Жадамбын Батцэцэг гэх уянгалаг нэгэн бүсгүй тун саяхан хоёр номоо нэгэн зэрэг хэвлүүлжээ. Сэтгүүлч, яруу найрагч Ж.Батцэцэг яруу найраг, сэтгүүлзүйн хос морьтнуудын нэг. Хос морьтон  Монголд олон.  Тэдэн дунд хос номоо нэгэн зэрэг хэвлүүлсэн нь харин олонгүй. Түүний яруу найргийн ном “Амирлан” нэртэй бол сэтгүүлчийн бүтээлээ “Солонгын найман өнгө” хэмээн нэрлэжээ.  2014 он түүнд уран бүтээлийн арвин хур буулгаж, яруу найргийн клипээ гаргажээ. Түүнтэй ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцъя.

-Яруу найраг гэх яруу тунгалаг орчноос хэсэг хугацаанд алсарсан хүн гэнэт л хоёрын хоёр ном барин дахин эргээд иржээ. Яагаад чимээгүй болчихов. Бас яагаад гэнэтхэн хөтөлгөө морьтой давхиад ирэв?

-Багагүй хугацаанд  чимээгүй явсан нь үнэн. Ном гаргахаа алгуурласан байж мэднэ. Гэхдээ бичихээ больсон хэрэг биш шүү. Хүмүүс “Болор цом”-д орохгүй болохоор бичихээ больчихсон юм шиг бодох нь бий. Сэтгүүлчийн хувьд бол өнөөдөр болтол ажлаа хийсээр байна. Харин ном гаргалгүй 12 жил завсарлажээ. Тохироо нь бүрдэж өгөхгүй удсан гэх үү дээ. Би 1991 онд “Хойд шугуйн жимс”, 2002 онд “Намайг хүлээсэн он жилүүд” номоо гаргасан. Түүнээс хойш арав гаруй жил завсарласны дараа сая оны өмнөхөн  яруу найргийн “Амирлан”, “Солонгын найман өнгө” сэтгүүлчийн номоо хамтад нь гаргалаа. Хоёуланг цуг гаргах гэж бас хичээсэн, боломжоо харсан гээд тодорхой учир шалтгааны улмаас удсан. Гэхдээ дээр хэлсэнчлэн бичихээ огт орхиогүй.

-Яруу найргийн онгод гэж яруу найрагч хүн л ойлгох нэгэн зүйл байдаг. Таны хэлээд байгаа чинь тэр онгод гээч нь юм болов уу. Ингэхэд та онгодоо хэрхэн хөглөдөг вэ. Магад тэр онгод бөө мөргөлийн онгодтой адилхан байдаг юм болов уу?

-Энэ номоо хэвлүүлэх гэж удаж байхдаа Батцэцэг гэдэг дотор хүнээ нэлээд чагнаж үзлээ. Бичсэн зүйлүүдээ эргэж харахад би өөрийгөө хүчилж бичдэггүй юм байна даа гэж бодогдсон. Шүлгийн санаа удаан хугацаанд бүрэлдэж бий болдог юм билээ. Олон өдөр бага багаар хөндөгдөж явсаар нэг л өдөр гэнэт  буудаг. Тэгж цаасан дээр буух агшинг онгод гэж нэрлэдэг юм болов уу. Нэгэнт цаасан дээр буучихвал дахин засч залруулах, өөрчлөх, сайжруулах  боломж тэр бүр байдаггүй. Тэгэхээр зөн билгийн шинж давамгайлдаг байхыг үгүйсгэхгүй.

-Булган хангай нутагт төрж өссөн бузгай олон найрагчдыг би мэдэх юм. Тэдэн дунд тоотой хэдхэн бүсгүй найрагч байдгийн нэг нь та. Арван жилийн сурагч байхаасаа бүтээж туурвиж ирсэн таны сэтгэлийн галыг хэн ингэж бадраав?

– Хүүхэд байхдаа “Уран өд” дугуйланд орж авъяасаа нээсэн. Миний багш бол Булган аймгийнхан андахгүй таньдаг Д.Мандахсан багш минь билээ. Д.Мандахсан багшийн удирддаг “Уран өд” нэртэй хүүхдийн дугуйлан 1957 оноос хойш өнөөг хүргэсэн тавиад жилийн түүхтэй дугуйлан юм. Багш минь үнэхээр хүүхдийн төлөө төрсөн ач буянтай хүн.Анх “Уран өд”-ийг орох зориг хүрдэггүй байлаа. Манай ангийн онц сурлагатан охидууд  бүгд тэрхүү дугуйланд сурдаг байсан. Ангийн охидуудаа “уруу татагдан” очсон хэрэг. Харин яруу найрагч, зохиолч болсон нь цөөхөн. Нийслэлийн 16 дугаар сургуульд багшийг анх дугуйлангаа нээх үед долдугаар ангийн сурагч байсан жижигхэн охин орж байсан нь өдгөөгийн  Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Санжаажавын Оюун эгч маань байсан юм билээ. С.Оюун эгчийн бичиж байсан анхны шүлэгтэй ханын сонинг одоо ч багш маань хадгалж байдаг. Бид хоёроос гадна яруу найрагч С.Оюунчимэг,Д.Баттогтох, Д.Мягмардорж, Д.Ганчимэг гээд яруу найрагчид бий.

-Ерээд он бол бидний мэдэх яруу найргийн оргил үе байсан юм уу даа гэж боддог юм. Тиймээс ч “Яруу найргийн мөнгөн үе” гэж тодотгосон биз. Алтан үеийн алдартнууд бол бүр ч агуу байсан нь дамжиггүй. Гэхдээ л ерээд үеийн хүнд хэцүү он жилүүдийг яруу найргийн гэгээн тунгалаг мөрүүд нар мэт гийгүүлж байсан санагддаг. “Болор цом” наадмыг нойр хугаслан хүлээж, шүлэг найргийг нь гүйцэж бичих гэж хичээж суусан үеэ би л хувьдаа мартдаггүй. 

-Тийм ээ. Яахын аргагүй гэгээн үе байсан. Гэгээн үе гэхээс өөрөөр тодорхойлж чадахгүй байна. Харин өнөөдөр яруу найрагч ялгаагүй олон зүйл өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлвэл өнгө мөнгөний хорвоо жинхэнэ утгаараа бий болсон юмуу даа. Унасан машин, барьсан утасныхаа дугаараар уралддаг гээд … Бидний өсч хүмүүжсэн тэр үеэс их өөр нийгэм ирчихжээ. Гэхдээ энэ үеэ бүхэлд нь буруутгах гээгүй шүү. Энэ нийгэмд сайн сайхан юм олон бий. Түүнийг нь ч олж хардаг.

Намайг оюутан байхад Зохиолчдын хорооноос  жил бүр зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр”-өөр олон залуучууд өөрийгөө таниулж жигүүр ургасан санагддаг.  Би ч ялгаагүй тэнд л анхны шүлгээ уншиж, томчуудад тоогдсон доо. Ерээд оны найрагчид Монголын уламжлалт яруу найрагт нэгэн шинэ хуудас нэмсэн учраас л “Мөнгөн үеийнхэн” гэж нэрлэгддэг байх.Тэр үед их сургууль болгон дэргэдээ утга зохиолын нэгдэлтэй. Тэдгээр нь хүчтэй сайн ажилладаг байлаа. Манай УБДС-ийн утга зохиолын нэгдлээс л гэхэд олон найрагчид төрсөн.

-Одоо шүлэг найргаа компьютерт бичдэг үү. Эсвэл сурцаараа үзэг цаас нийлүүлдэг үү?

-Шүлгээ компьютерээр бичиж чаддаггүй. Бодлоо гүйцэхгүй л дээ. Тиймээс би хуучин 12 мөнгөний дэвтэр дээр /бидний үеийн нэр шүү дээ хэмээн инээлээ/ сурагч чернилээр  бичдэг. Гэнэт орж ирсэн санааг буулгахад тэр бүр тасалдаад байхгүй сайн гардаг үзэг надад юунаас ч илүү үнэтэй. Үзгээ бараг алт мөнгөнөөс илүү хайрлана шүү. Бэлгэнд үзэг авах дуртай.  

 Хэдэн жилийн өмнө миний компьютерын хард диск нь эвдрэхэд шүлэггүй үлдсэн. Дахин сэргээж чадаагүй хоцорсон.Хэдийгээр санаа нь байгаа ч эргэж бичиж чаддаггүй юм билээ. Тэгэхээр яруу найраг гэдэг бол тухайн момент ,агшин байдаг юм билээ. Шүлгээ цээжээр ч сайн мэддэггүй.

-Санаанаас тань гардаггүй  найраг шүлгээсээ нэрлэвэл?

-1990 оны “Найргийн даага” уралдаанд түрүүлж байсан “Арвай буудай мэт” шүлгээ би унших дуртай. “Найргийн даага” наадмын анхныхад СГЗ Ш.Гүрбазар ах, удаахад нь “ радиогийн зөөлөн дуут”  Б.Энхтуяа эгч түрүүлж байсан. Тэрхүү сайхан наадмын гурав  дахид түрүүлсэн маань дурсамжтай сайхан байдаг юм. Тэр наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо Өвөрхангай аймгаас ирж байсан.  Сая тэр шүлгээрээ “Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай хамтран  клип хийлээ.

-1991онд анхны номоо хэвлүүлжээ. Тэр үеийн хэвлэл одоогийнхтой зүйрлэшгүй ондоо байсан. Их сургуулийн босго дөнгөж алхсан залуу найрагчид их л итгэл үзүүлж хэвлүүлсэн хэрэг байх даа?

-Тийм ээ. Шалгуур өндөр байсан. Улсын хэвлэлийн үйлдвэр тухайн жилд хэвлэх номоо шалгаруулахад гурван залуу найрагчийн номын нэгэнд миний “Хойд шугуйн жимс”багтсан юм. Нөгөө хоёр нь яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, С.Дамдиндорж нар байсан юм. Тухайн үед номыг үнэгүй хэвлээд зогсохгүй дээр нь шагнал өгнө. Шүлэг бүрийг мөр шадаар нь үнэлсэн үнэлгээг танилцуулахад их л сонин санагдаж байж билээ. Бичлэгийн шагналд 1000 гаруй төгрөг авчихаад оюутан хүн их л баярлаж явсан.

-Та хүндэтгэн хайрладаг уран бүтээлч хэн бэ. Ширээний номоо нэрлэнэ үү?

-Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай намайг гарын таван шавийнхаа нэгд нэрлэж байсан. Тиймээс одоо ч би өөрийгөө шавь гэж бодож явдаг. Дээр нь Д.Урианхай ах, манай Булган нутгийн найрагч ах Д.Баянтунгалаг болоод С.Оюун эгч бүгд л миний багш юм. Бусад бүх найрагч, зохиолчид ялангуяа бүсгүй найрагчдын ном миний ширээний ном мөн. Ер нь бүгдийг нь уншдаг. Биднийг чинь найрагч эрчүүд маань “Гэгээхэн сэвгэрүүд” гэж биднийг нэрлэсэн байдаг. Амьдралыг илүү гэгээтэй нүдээр харж явдаг нь адилхан болохоор тэр үү бүсгүйчүүд бид илүү ойлголцдог. Үг ярихгүйгээр нэгнээ ойлгох хэмжээний хүмүүс шүү.

-Уран бүтээлч хүмүүс аливаад амархан баярлаж, гуньж байдаг, аливааг зүрх сэтгэлээрээ хүлээн авдаг эмзэг хүмүүс шиг санагддаг. Гэтэл таныг харахаар тэднээс өөр мэт, амгалан бодь хүн шиг байдаг юм. Нэг хэсэг нийслэлийн хэвлэлийн албанд ажиллаж байсан. Одоо намд ажиллаж байгаа гэхээр таны гадаад төрхөнд бол тохироод байгаа юм. Харин дотоод мөн чанартайгаа хэр нийцэж байна вэ?

-“Ямар жижигхэнд юманд тэжээгдэн сэхэх мөртлөө ямар жижигхэнд гуниглан үхнэ би” гэсэн мөртүүд миний шүлгэнд бий. Тэгэхээр миний натур тайван уужуу мэт боловч дотоод сэтгэл нь өөр байгаа биз.  Ажлын тухайд бол миний үүрэг шүү дээ. Талхны мөнгөө олохын тулд хүлээсэн үүрэг гэх үү дээ. Харин яруу найраг бол хүлээсэн үүрэг биш миний эрх чөлөө.

-…Сэтгэлийнхээ цэцэрлэгийг арчлан

Сэвгүй завгүй явжээ

Гангар шаазангийн гялбах шиг

Алгын чинээ улаан нүүрээ

Арчилж аргадалгүй

Хуучирсан даавуу шиг

Хэнэггүйхэн олон оныг үджээ гэсэн бадаг шүлэг тань их дотно санагддаг. Өнөөгийн охид залуус сэтгэлийн цэцэрлэгээ харин орхигдуулаад байх шиг?

-Энэ бол эмзэглэх сэдэв мөн шүү. Бидний үеийнхэн одоо хүний хуучин болоод байгаагаас тэр үү хүн чанар, хүний мөс гэх мэт зүйлс хомдсоор байгаа мэт санагдах нь бий. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн болохоор орчин цагийн залуусыг айхтар ихээр буруутган боддоггүй. Бүр Тан улсын үеийн найрагч Дү Фү найрагч “Та яруу найрагч хүн юм бол хүн чанарын төлөө явах тэмцэх үүрэгтэй” хэмээн хэлсэн нэг үг байдаг. Тэгэхээр хүний сайн сайхан чанар, мөс чанарыг түгээхэд яруу найрагчдын үүрэг байгаа шүү.

-Эрх ганц хүүтэй гэлээ. Хүү тань шүлэг найраг сонирхож байна уу?

-Үгүй дээ. Хүү маань нэг удаа фэйсбүүктээ “Би ээж шигээ шүлэг бичмээр санагддаг боловч чаддаггүй” гээд биччихсэн байсныг уншсан. Түүнийг нь буруутгадаггүй. Заавал найрагчийн хүү найрагч байх албагүй. Харин ч санаандгүй хувь тохиолоор хувь заяагаа сонгох нь илүү санагддаг.

-Та  дуутай юу?

-Дуутай шүү. 2007 онд “Нар ойрхон жаргадаг” киноны дууг хөгжмийн зохиолч Ц.Байдрагтай хамт бүтээж байсан. Мөн хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүүтэй хамтран ерээд онд “Амрагтаа” дууг зохиосон. Сүүлд аавдаа зориулан “Хар саарал” дууг дүүтэйгээ хамтдаа бүтээсэн. Ойрын үед би дууны яруу найраг руу нэлээд шуналтай орох зорилго тавьчихаад байгаа. Шүлэг найраг бол яруу найргийн охь шим нь шүү дээ. Дууны шүлэг бол найраг шүлгээс их өөр. Гэлээ ч дууны найрагт орж, сэтгэлийн гүн дэх эгшгээ гаргахыг хүсч байгаа.

Тийм гэж тодорхойлохын аргагүй өөрийн гэсэн өнгө төрхтэй шүлэг найраг, сэтгүүлзүйн бүтээлүүдээс гадна бусадтай адилтгамгүй уянгат дуу хоолой, бүсгүй бүхэнд заяадаггүй гоо зүс, гоолиг нуруутай найрагч бүсгүй  Ж.Батцэцэгийг  даруухан зан ааль нь чимж байдаг. Сэтгэлийн гүн дэх эгшгээс тань түм буман бүтээл ундрах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа жаргаая.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж