Өнөө цагт ислам, мусульман гэдэг үгийг сонсоод хамгийн түрүүнд террорист халдлагууд санаанд буудаг болжээ. Тэр ч бүү хэл дэлхий даяараа исламыг үзэн ядаж буй мэт төсөөлөгдөнө. Гэтэл мусульманчууд ислам нь энх амгалан, зөв шударга, өөгүй сайхан, хор нөлөөгүй гэсэн утгийг агуулдаг хэмээн тайлбарлах аж. Гэвч исламын нэр дор нэгдсэн зэвсэгт бүлэглэлүүдийн алдан хядах, террорист ажиллагаа мусульманчуудыг дэлхий даяар үзэн ядахад хүргэж буй.
Зэвсэгт ах дүүс “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халджээ
Хамгийн сүүлд Францын нийслэлд 12 хүний амийг хөнөөж, 11 хүнийг шархтуулсан халдлагыг Йемен дэх аль-Каида бүлэглэл зохион байгуулжээ. Шог, элэглэлийн “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид лхагва гаригийн өглөө /I.7/ зэвсэг барьсан ах дүүс орж ирснээр нэр цохсон хүмүүсийн амийг хөнөөв. Тэдний бай исламын зөнч Мухаммедыг элэглэсэн шог зураачид байжээ. Зэвсэгт ах дүүс зугтахдаа цагдаа нартай буудалцсанаас Парис хотод “дайн” болсон гэлтэй байшин барилга, автомашинууд суманд нүхлүүлжээ. Францын цагдаагийн газар АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой /FBI/ хамтарч Алжир гаралтай ах дүүсийг эрэн сурвалжилж байна. Саид болон Чериф Коуачи нар Бельги улс руу зугтан гарахаар төлөвлөсөн байж болзошгүй. Учир нь тэдэнтэй хамтарч халдлага үйлдсэнд сэжиглэгдсэн 19 настай залуу Бельгитэй хил залгаа Шарлевиль-Мезьер хотын цагдаагийн газарт өөрөө явж очжээ. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар Хамид Моурадын оршин суух бүртгэлтэй Францын Реймс хотод эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад байсан аж.
Ах дүү Саид, Чериф Коуачи нарыг эрэн сурвалжилж байна.
“Charlie Hebdo” сэтгүүл өмнө нь Данийн “Jyllands-Posten” сонины нийтэлж байсан зөнч Мухаммедын тухай хүүхэлдэйг 2006 онд дахин хэвлэснээр мусульманчуудын “араанд зуугджээ.” Үүнээс хойш 2011 онд исламистууд шатамхай бодистой лонх шидэж сэтгүүлийн байрыг галдаж байсан аж. Мөн сэтгүүлийн редакцид заналхийллийн захиа тасралтгүй ирдэг байжээ. Гэвч Францын сэтгүүл ямар заналхийлэл ирсэн исламын зөнчийг элдвээр элэглэж, доромжлохоо зогсоогоогүй аж.
Сэтгүүийн редакцийн байр
Парист гарсан халдлагын дараа Европ даяар аюулгүй байдалдаа санаа зовниж, хамгаалалтаа нэмэгдүүлж эхлэв. Испанийн Засгийн газраас террорист халдлагын аюул заналхийллийн түвшнээ нэмэгдүүлж, гуравдугаар зэрэгт хүргэжээ. Испанид алан хядах, терроризмын заналхийллийг дөрвөн зэргээр үнэлдэг аж. Исламын зэвсэгт дайчид 2004 оны гуравдугаар сард Испанийн Мадрид хотын галт тэрэгний төв буудалд 200 орчим хүний амийг хөнөөсөн халдлага үйлдэж байжээ. Түүнчлэн уг халдлага Германд исламын эсрэг жагсаал өрнүүлж буй цагаачлал, дүрвэгсдийн эсрэг бүлгийн биеэ өмөөрөх шалтгаан болж өгөв. Эрх баригчдын зүгээс германчууд хэт үндсэрхэг бүлгийг ихээр дэмжих болсонд санаа зовниж буй. Германд хэдхэн хоногийн өмнө 30 мянган хүнийг хамарсан исламын эсрэг том жагсаал өрнөсөн юм.
АНУ-ын Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны ихэр цамхагыг онгоцоор мөргөсөн халдлагаас хойш исламын аль-Каида бүлэглэлийн нэр олон улсад айдас дагуулах болжээ. АНУ 2011 онд алан хядах аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг хөнөөсөн юм. Осама бин Ладеныг АНУ-ын тусгай хүчний цэргүүд устгаснаас хойш аль-Каида бүлэглэлийн бааз Пакистанаас Йемен рүү шилжсэн гэж шинжээчид дүгнэжээ. Аль-Каида бүлэглэл 1980-аад оны сүүлээр үүсгэн байгуулагдсан юм.
Б.АНХТУЯА