урин цаг ирсэн ч наадмын дараа намар гэж үг бий. Эрс тэс уур амьсгалтай
манай улсын хувьд өвлийн хахир улирал ирдгээрээ ирэх тул өвөлжилтийн
асуудлыг хойш нь тавина гэж үгүй. Нийслэл хотын тухайд өнгөрсөн долоо
хоногт өвөлжилтийн комиссын өргөтгөсөн хуралдаанаа хийж, ирэх өвөл
“асуудал тарьж мэдэх газруудаа” дэлгэрэнгүй ярилцсан билээ. Өнөөдөр ч
Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал дээр 2011-2012 оны өвөл хэрхэн яаж
өвөлжих вэ гэдэг асуудлаа зөвлөлийн гишүүдээрээ хөндлөө. Анхаарал татаж
буй хоёр асуудал хотод байгаа юм. Эхнийх нь Багануур, Налайх дүүргийн ус
хангамжийн гол шугам сүлжээ, Налайх дүүргийн ус хангамж, дулаан
хангамжийн гадна шугам сүлжээг шинэчлэн солих ажил. Эдгээр шугам сүлжээ
өвлийн оргил ачааллын үед зогссон үед дүүргүүдийн хэмжээнд хүндрэл учирч
болзошгүй байгаа гэж Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн
хэлтсийн дарга Л.Алтангэрэл хэлж байв. Өнгөрсөн өвөл гэхэд Багануурын
цэвэр усны шугам найман удаа хагарч, доголдол үүссэн байна.
1979
онд орос ах нар барьж өгснөөс хойш гар огт хүрээгүй, элэгдэл хорогдолд
орж шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй болжээ. Багануурын цэвэр усны 10,2
км гол шугам сүлжээг шинэчлэхэд 1,1 тэрбум төгрөг, Налайх дүүргийн ус
хангамжийн 1,8 км гол шугмыг шинэчлэхэд 188 сая төгрөг, мөн тус дүүргийн
төвийн хороолол доторхи шугамыг шинэчлэхэд 582,3 сая төгрөг зарцуулах
тооцоо гарсныг зөвлөлийн гишүүдэд тэрбээр дуулгав. Үүнээс гадна
Улаанбаатар хотод 12 сургууль, 15 цэцэрлэгийн шугам сүлжээг шинэчлэх
өргөтгөл хийх шаардлагатай. Энэ ажилд мөн л 1 тэрбум төгрөг хэрэгтэй юм
байна. Төсөвт байгуулагуудын шугам сүлжээний шинэчлэлийн ажилд анхаарлаа
хандуулахгүй бол сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн хэмжээнд явуулахад
хүндрэл үүсч болзошгүйг холбогдох хүмүүс танилцууллаа. Дээрхи хөрөнгийг
Нийслэлийн 2011 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн нөхцөлд ирэх өвөл
иргэд тав тухтай өвөлжих нөхцлийг хангаж чадна гэж үзэж байна. Нийслэл
хөрөнгө мөнгөөр хомс, тэгээд ч эрүүл мэнд, боловсролын салбар босоо
тогтолцоотой тул салбарын сайдад асуудлыг танилцуулж, хөрөнгө шийдүүлэх
тухай зөвлөлийн хурал дээр яригдаж байна. Ялангуяа сургуулиудын
халаалттай холбоотой төвөгтэй асуудал хотод олон.
Тухайлбал,
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль дөрвөн жилийн өмнө Япон улсын
буцалтгүй тусламжаар баригджээ. Тус сургуулийн халаалтын зуух гарын ая
даахгүй эд байснаас ашиглалтанд орсны дараа жилээ дэлбэрч аргаа барсан
сургуулийн удирдлага сүүлийн хоёр жил додомдох төдийгөөр авч яваа гэнэ.
Ирэх жил л гэхэд энэ сургуулийн халаалттай холбоотой асуудал босч ирнэ.
Хэрхэх вэ гэдэг асуудал Засаг даргын зөвлөлийн хурал дээр гарч ирэв.
Хотын дарга ойрын өдрүүдэд сургууль, цэцэрлэгт тулгамдсан дээрх асуудлыг
газар дээр нь очиж үзэхийн зэрэгцээ боловсролын асуудал хариуцсан
орлогч дарга Ц.Цогзолмаа, нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Энхбаяр
нарт салбарын сайдад асуудлаа танилцуулж шийдвэрлүүлэх арга зам хайхыг
үүрэг болгов. Өнгөрсөн өвлийн тухайд хот харьцангуй тайван өвөлжсөн нь
ажил хариуцсан хүмүүс 14 хоног тутамд ажлаа нэгтгэж ажиллаж байсантай
холбоотой гэж үзлээ. Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд 2010 оны 9
дүгээр сараас 2011 оны 4 дүгээр сар дуусах хугацаанд ирсэн санал гомдол
өмнөх жилийнхнээс 30 гаруй хувиар буурсан байсан гэнэ. Ингээд өнгөрсөн
оны өвөлжилтийн дүн, ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад
анхаарах асуудлаа нэгтгэв. Хотын дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрийн
хүрээнд нийт иргэн, аж ахуйн нэгж, байгуулагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг
хамтын оролцоотой төлөвлөн зохион байгуулж өөрийн нөөц бололцоогоо
ашиглах, инженерийн шугам сүлжээний мэргэжлийн байгуулагууд өнгөрсөн
өвөл илэрсэн гэмтэл доголдолд дүн шинжилгээ хийн төлөвлөгдсөн шугам
сүлжээний засвар шинэчлэл, ажлын уялдаа холбоо, оролцоог сайжруулахыг
анхаарууллаа.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто замын
цас мөсний цэвэрлэгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх, их хэмжээгээр
цас орсон үед шуурхай арга хэмжээ авах, төсөвт байгуулагууд болох
эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн инженерийн хангамж хариуцсан
мэргэжилтнийг чадваржуулах тухай яригдав. Жишээлбэл тухайн хариуцсан
шугам сүлжээндээ тохируулга хийж чадахгүйгээсээ болж халаалт, халуун
усаар доголдох, засвар үйлчилгээ нь чанаргүй, засварын ажлаа оновчгүй
хийснээс өвлийн оргил ачааллын үед гэмтэл гарч буйг нуух аргагүй. Энэ нь
иргэд тав тух муутай өвөлжих, цаашлаад төсвийн хөрөнгө оруулалтыг үр
ашиггүй зарцуулах олон сөрөг үзэгдэл дагуулдаг талаар Засаг даргын
зөвлөлийн хурал дээр ярилцаж энэ алдааг засах талаар ажил хариуцсан
хүмүүст үүрэг өгөв.