Уул уурхайн баялгаас олох валютаар Монгол Улсыг мандуулахаа амлаж байсан улстөрчид эдийн засаг хямралд орсныг хүлээн зөвшөөрч, төсвөө танаж эхэллээ. Тэлэлттэй үеийн төсөвтэй харьцуулахад, 2015 оны төсвийг 1 их наяд орчим төгрөгөөр агшаасан нь нэг талдаа сайн үзүүлэлт боловч таналтад жирийн иргэд хамрагдах болоод байна. Тухайлбал, ажил хөдөлмөр эрхэлж байгаад хүүхдээ төрүүлсэн бол сар тутамд 40 мянган төгрөгийн тэтгэлгийг жилийн хугацаанд Халамжийн сангаас олгодог байсныг долоон сар болгож танана. Таван сарын тэтгэмжийг танаснаар төсөв тэрбумаар хэмнэгдэх үү гэвэл үгүй. Тун бага хэмнэлт гарах аж.
Уг нь монголчууд хүн амаа өсгөх шаардлага байгааг дээр дооргүй ярьж “Олуулаа” хөтөлбөрийг дэвшүүлэн, гурван сая дахь иргэнээ хүлээн авахаар хөл хөөрцөг болох ч хямрал нэрийн дор хүүхдээ харах ээжүүдийн тэтгэлгийг нь хяргах гээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэлсэнчлэн хайч бариад андаад сууж байна шүү дээ. Ингэхийнхээ оронд УИХ, Засгийн газрын гишүүд цалингаа 30 хувь хүртэл бууруулж, бүсээ чангалбал дээргүй юу?.
Гадаад, дотоод томилолтын зардал, авто машинд зарцуулдаг шатахуун, гар утасных нь зардлыг танавал хүүхдээ харж байгаа ээжүүдийн тэтгэмжийг танаснаас хавьгүй унацтай тусна. Цаашлаад яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг сумд руу хараа бэлчээвэл дэд сайд, орлогч дарга, зөвлөхүүдийг ч цомхотгож болмоор. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зургаан орлогчоо “Төсвөөс цалинжуулахгүй” гэж PR-даад авч үлдэх болж байна. Энэ нь дүүрэгт улмаар хороодод халдварлаж, хэн ч халагдахгүй болно биз. Аймгууд ч бас барьцаж таарна.
Хүн амын олонхи нь оршин суудаг нийслэлд шийдэх асуудал их байгааг ойлгож, орлогч нарыг үлдээж болдог юм гэхэд улирал тутамд 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа “Хогны ногоон уут”-ыг тэвчиж болно доо. Хямралтай гэж хаа, хаанаа хашгирах атлаа “Ногоон уут”-ыг гэр хорооллынхонд энэ жил дахиад л тараана. Уг нь сургамж авбал авахаар зүйл өнгөрсөн жилүүдэд их болсон. Жишээ нь иргэд “Мөнгө авъя” гэж гуйгаагүй байхад л “Уул уурхайн баялгаас хишиг хүртээж байна” гээд Оюутолгой компаниас урьдчилж авсан зээлээ тараагаад юу болголоо. Одоо зээлийнх нь хүүг төлөх гээд хумсаа мэрэх шахам суух ч сургамж аваагүй л байх жишээтэй.
Хэдийгээр хогны ногоон уутыг иргэдийн хогны мөнгөний хураамжаас төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлдэг ч гэлээ тэрбум, тэрбумаар нь ийм дэмий зүйлд зарцуулж байхаар ядаж цэцэрлэг, сургууль барих зардал болгож нийслэлийн төсөвтөө суулгачихвал хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт болно.
Нүдээ олоогүй хөрөнгө оруулалт
Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг шүүж үзвэл хачирхалтай хөрөнгө оруулалтын зардал бас гарч ирэх бололтой. Тэр нь юу вэ гэвэл, Архангай аймгийн Хайрхан суманд шинээр Нийгмийн даатгалын тасаг барихад зориулж хөрөнгө суулгасан гэж байгаа. Нэгхэн хүний орон тоотой Нийгмийн даатгалын тасагт зориулж хөрөнгө суулгахаар ч яадаг юм. Сумын Засаг даргын тамгын газрын байранд нэг хүнийг багтаачих зай олдохгүй байна гэж үгүй л байлтай. Төсвийн хөрөнгөөр юу ч босгосон яадаг юм гээд 1000 хүрэхгүй шахам хүн амтай суманд соёлын төв шинээр барьж үргүй зардал гаргадаг цамаан зан одоо хэр нь арилаагүйг дээрх жишээ харуулна.
Нөгөөтэйгүүр, дотоодын үйлдвэрээ дэмжинэ гэж ярих атлаа нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээс татвар авах тухай ярих болов. Нийслэлийн татвар нэртэй энэхүү татвараар бол улаан буудайг боловсруулж гурил болгоход 1 хувийн татвар, талх үйлдвэрлэсэн бол 1 хувийн татвар гэх мэтчлэнгээр шат дамжлага болгонд 1 хувийн татвар ногдсоор эцсийн хэрэглэгч дээр бүтээгдэхүүн очиход дөрвөн хувийн татвар шингэн очих болж байгаа аж. Тэгсэн атлаа архи, тамхинд ногдуулж ирсэн Онцгой албан татварын хэмжээг бууруулна. Хямралаар далим үсэргээд хэн нэг нь лобби хийчихсэн юм биш байгаа гэж хар төрөхөөр. Татварын орлого өнөө жил 1 их наяд төгрөгөөр тасрах болж байгаа учраас 2015 оны төсвийг тодотгож буй. Тэгсэн атлаа эрүүл мэндэд хортой архи, тамхинд ногдуулдаг ОАТ-ын хэмжээг бууруулахаар бүр ойлгохгүй юм.
Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд ОАТ хүндээр туссан нь үнэн боловч архи, тамхиныхыг одоогийн төвшинд хадгалж яагаад болохгүй байна вэ. Архи, тамхи хэрэглэснээр Монгол Улсын эдийн засаг сэргэдэг бол хэзээний өндийгээд хөгжлийнхөө замд гарахаар байлаа.
Ухаад байвал 2015 оны төсвийн тодотголд нүдээ олоогүй таналт, нүдээ олоогүй татвар энэ мэтээр суужээ.
Г.ДАРЬ