Гадаадын шууд хөрөнгө оруулалт 102 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 102 хувиар өснө

Монголын хөрөнгө оруулалтын салбар дан ганц уул уурхай бус барилга, боловсрол, дэд бүтэц, эрчим хүч болон бусад үйлчилгээний хүрээний сонголтоор өргөжиж буйг өчигдөр болсон “Монголын хөрөнгө оруулалтын хурал”-д оролцсон илтгэгч нар танилцууллаа. Хуралд Монгол банк, Сангийн яам, Дэлхийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Монголын хөрөнгийн бирж, ашигт малтмалын салбарын Эрдэнэс Тавантолгой, Рио Тинто, Професи Коал-аас гадна олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Ньюком, Оюуны Ундраа Холдингс, MSM, Жаст группын төлөөлөл нар оролцож илтгэл тавьсан юм.

Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Евразиа Капитал” хөрөнгө оруулалтын банкны уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia Investment Conference” хоёрдугаар хурлаар Монголын эдийн засгийн хэтийн төлөв, банк санхүү, эрдэс баялгийн болон бусад салбарын өсөлтийн боломжийн талаар талуудын төлөөллүүд дэлгэлээ.

Хурлыг Сангийн дэд Сайд Ч.Ганхуяг нээж үг хэлсэн бөгөөд эхний илтгэлийг  “Евразиа Капитал”-ын Тэргүүн Alisher Ali “Монгол дэлхийн тоглогч болох нь” сэдвээр тавьсан юм. Тус банк Монголын эдийн засгийн өсөлтийг ирэх таван жилд 14.4 хувьтай байх бөгөөд 2020 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна.  Илтгэлд Монголын 10 томоохон ордын үнэлгээг харуулсан бөгөөд нүүрсний Тавантолгой, Шивээ-Овоо, Тугалгатай, Нарийнсухайт, зэс-алт-мөнгөний Оюутолгой, Эрдэнэт, газрын ховор элементийн Мушгиа худаг, төмрийн хүдрийн Төмөртэй, ураны Дорнод зэрэг 10 том ордын баялгийг 1.3 их наяд ам.доллараар үнэлжээ. Зөвхөн уул уурхай ч бус Монголд барилга, дэд бүтцийн салбар огцом өсөх боломж буйг тэрбээр танилцуулсан юм. Тэрбээр ойрын 10 жилд Монголын уул уурхайн салбарын дэд бүтцэд 5.2 тэрбум ам.доллар шаардагдахыг хэлээд өмнөд бүсийн хүн ам гурав дахин, үүнийг дагаад усны хэрэглээ тав дахин, эрчим хүчний эрэлт 10 дахин нэмэгдэхийг онцлов.

Мөн тэрбээр Монголын хөрөнгийн бирж өсөлтийн дүнгээрээ дэлхийд тэргүүлж буйг 2005 онд биржийн зах зээлийн нийт үнэлгээ  45 сая доллар байсан нь 2011 оны тавдугаар сард 1.6 тэрбум ам.доллар болж дээшилсэн жишээгээр тайлбарлав.  Түүнчлэн тус банкны тооцооллоор 2010 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 12.9 хувиар чангарчээ. Цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш улам чангарах төлөвийг тэрбээр тодотгосон юм.

Үргэлжлүүлэн Монгол банкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал Монголын макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр Монголын макро эдийн засгийн нөхцөл харьцангуй тогтвортой, мөн хөрөнгө оруулалтын дүнд импорт нэмэгдэж буй нь ирээдүйд экспортын өсөлт болох тухай ярьсан төдийгүй инфляц, валютын ханшийн чангарал, гадаад хүчин зүйлд эмзэг, hot money буюу богино хугацааны хөрөнгө оруулалт зэрэг нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй тал гэдгийг ч дурдлаа.

Монгол банкны илтгэл дэх тооцоогоор 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 102 хувиар өсч 3.18 тэрбум долларт хүрэхээр байгаагаас үзэхэд инфляцийг тогтвортой барьж чадах эсэх нь тун эргэлзээтэй байна.
Дараа нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун илтгэл тавьсан юм. Түүний илтгэлд дурдсанаар бол 2011 онд хөдөө аж ахуйн салбарын өсөлт 4.3 хувь, 2012 онд 3.2, 2013 онд 2.6 хувьтай, харин аж үйлдвэрийн салбарынх энэ онд 9.3 хувь, ирэх онд 7.9 байх бөгөөд 2013 онд 50.7 хувиар огцом өсөх төлөвтэй байгаа ажээ. Тэрбээр мөн Хөгжлийн банкны үйл ажиллагааны болон боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөг танилцуулсан нь тун сонирхолтой байсан юм. Хөгжлийн банкны хувьд “Korea Development Bank” буюу Солонгосын Хөгжлийн банкны мэргэжилтнүүдээс туршлага судлах бол боловсруулах үйлдвэрийн хувьд ихээхэн хөрөнгө шаардагдах нь харагдаж байв. Нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад тус тус нэг тэрбум доллар шаардагдах бөгөөд эдгээрийг 2-3 жилийн хугацаанд байгуулах боломжтой гэж төлөвлөж буйг  танилцуулсан юм.

Хурлын эхний хэсэг өндөрлөж, эрдэс баялгийн хоёрдугаар хэсэг эхлэв. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Рио Тинто компанийн Зэс, алтны худалдааны хэлтсийн Ерөнхий менежер Петер Никольс болон Професи Коал компанийн төлөөлөл оролцож, илтгэл тавьсан юм. Хурал бүхэлдээ англи хэл дээр явагдсан ч гагцхүү Б.Энэбиш монголоор илтгэсэн нь хурал гадаадад бус Монголд болж буйг тодруулах шиг санагдав. Тэрбээр хуралд оролцогчдод Эрдэнэс Тавантолгой компанийн тухай танилцуулаад компанийн үйл ажиллагаа амжилттай урагшилж буйг дэлгэсэн бөгөөд Цанхийн зүүн хэсэгт 1.78 тэрбум тонн /70 хувь нь кок.нүүрс/, баруун хэсэгт 1.2 тэрбум тонн /65 хувь нь кок.нүүрс/ -ын нөөцтэй болохыг техникийн зөвлөх Norwest компани тогтоосныг тэмдэглэлээ.  Түүнчлэн ойрын жилүүдэд ганцхан Тавантолгой бус Мозамбикийн “Moatiza”, Индонезийн “Maruwai”, Оросын “Элга” коксжих нүүрсний өрсөлдөхүйц томоохон ордууд ашиглалтад орох тухай ярив.

Мөн Рио Тинто-гийн төлөөлөл “Оюутолгой” төслийг танилцуулсан бөгөөд төслийн удирдлагыг тус компани 40 улсад үйл ажиллагаа эрхэлсэн туршлагаараа хариуцлагатай авч явах болно гэдгийг онцоллоо. Рио Тинто одоо дэлхийд нийт зэсийн 11 төсөл хэрэгжүүлж байна. Рио Тинто Монголын зэсийн ордыг дэлхийд эхний тавд орно гэж үзэж байна. Уг орд ашиглалтад орсноор  Монголын ДНБ-ий өсөлт 2016 он гэхэд 22 хувиар, цаашлаад 2020 онд 35 хувиар өсөх ажээ. Түүнчлэн төслийн хөрөнгө оруулалт 2013 онд эхний шатны үйлдвэрлэлийг ашиглалтад оруулах хүртэл 5.9 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг тэрбээр тайлбарлав. Өнгөрсөн дөрвөн жилд төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбум ам.долларт хүрчээ. Оюутолгой компанитай одоогоор нийтдээ 2833 ханган нийлүүлэлтийн дотоодын компани хамтран ажиллаж буй бөгөөд 2010 онд орон нутгийн болон Даланзадгадын 103 компанитай гэрээ хийжээ. Рио Тинто мөн олон улсын байгаль орчны ISO 14001 стандартыг барьж ажиллаж буйгаа илтгэлдээ тэмдэглэжээ.

Професи Коал компани илтгэлдээ видео танилцуулга ашигласан бөгөөд 600 МВт-ын цахилгаан станцаа 1.4 тэрбум нүүрсний нөөц бүхий Чандгана төслийнхөө хажууд 2015 онд байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулав. Тус компани уг станцаа өргөжүүлэн 4200 МВт хүчин чадалтай болгохоор давхар тооцоолж буй нь зөвхөн Монгол төдийгүй Хятадын эрчим хүчний хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлттэй уялдаж буй ажээ.

Хурлын гуравдугаар үе эхний хэсгүүдээс дутахааргүй сонирхолтой төдийгүй Монголын хөрөнгө оруулалтын салбар зөвхөн уул уурхай бус барилга, дэд бүтэц, үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбар руу өргөжин тэлж буйг тодотгосноороо илүү онцлог байв.

Ньюком группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Бямбасайхан илтгэлдээ 2012 онд “Салхит” 50 МВт-ын хүчин чадалтай салхин паркийг ашиглалтад оруулж Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэхийн сацуу Өмнөговьд 300 МВт-ын салхины төсөл эхлүүлэхээр зорьж буйгаа ярьсан юм. Уг бүсэд манай улсын салхины эрчим хүчний хамгийн таатай нөхцөл бүрдсэн байдаг аж. Ньюком-ын тооцоолсноор “Салхит” парк нь жилд 160 мянган тонн нүүрс, 1.4 сая тонн ус хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 200 мянган тонноор бууруулах юм.

Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн Mongolia Development Resources, тоног төхөөрөмж, авто машин, бөөний худалдааны Mongolian Star Melchers, уул уурхай, барилга, дэд бүтэц, харилцаа холбооны технологи гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Оюуны Ундраа Холдингс, мөн Жаст группын төлөөлөл өөрсдийн бизнесээ танилцуулж илтгэл тавьснаар хурал өндөрлөсөн юм.  Монгол уул уурхайгаа түшиглэн бусад салбараа хөгжүүлэх зорилт тавиад байгаа билээ. Тэрхүү зорилтыг хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээнд бодитоор хэрэгжүүлээд эхэлснийг энэ бүхнээс харж болохоор байлаа. Гэхдээ Монголын хөрөнгө оруулалтын гол сонголтод хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарыг оруулах боломжийг эрэлхийлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байгаа нь илтгэлд дурдсан үзүүлэлтүүдээс тод харагдсан билээ.  Монголын эдийн засгийн олон салбарын төлөөлөл цуглан, харилцан ажил хэрэгч санал солилцож, үйл ажиллагаагаа тайлагнасан нь энэхүү хурлын онцлог агаад мөн далайцтай, ач холбогдолтой болсныг тэмдэглэе.

 Сурвалжилсан Б. Төгсбилэгт
(The Mongolian Mining Journal )
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж