Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан энэ сард нээлттэй хаалганы аянг зохион байгууллаа. Энэ удаа тус байгууллагынхан “Ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлье” уриан дор төлөвлөгөө гарган, нийтдээ 13 ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүнд иргэдэд чиглэсэн өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан тэдэнд ойртсон ажлуудыг хийн сар гаруй хугацаанд үргэлжилсэн аянаа өнөөдөр дүгнэсэн юм. Аяны хүрээнд биечлэн болон утсаар, аж ахуйн нэгжээс 100 орчим өргөдөл гомдол ирснээс 75 хувийг нь шийдвэрлэж өгчээ.  Үүний зэрэгцээ стандарт, чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй хуурамч бүтээгдэхүүний тухай иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Чанаргүй бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г гаргаж, 19 төрлийн 35 нэрийн бүтээгдэхүүнийг сурталчилж, энэ талаарх мэдээллийг 300 гаруй хүнд хүргэжээ. Тус аян зөвхөн иргэдэд чиглэсэнгүй. Аяны уриа болсон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын байцаагч нар болон байгууллагын соёлыг дээшлүүлэх, ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэхийн тулд ёс зүй, албан харилцааны соёл сэдэвт хичээлд хамруулсан юм. Нээлттэй өдөрлөгийн үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, үйл ажиллагааны үр дүн, ил тод байдлын талаар судалгаа, санал асуулга явуулсан байна. Үүний үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагын дөрвөн байцаагч тутмын нэг нь дунд буюу түүнээс доогуур үнэлгээтэй байгааг харуулжээ. Иймээс ч байцаагчид ёс зүй, харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй гэдгийг байгууллагын зүгээс анхаарч тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж