УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн тодотголыг танилцуулж байна. Тэрээр төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутаж буй нөхцөл байдал бий болсон, зарлагыг бууруулах, эсвэл орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийг тэнцвэржүүлэх шаардлага бий болсон гэдгээ дурдсан байна.
Тодотголын талаар гишүүд асуулт асууж байгаа бөгөөд Ц.Нямдорж “АН, МАН-ын хооронд хийсэн санамж бичиг байгуулсан байна. Үүнд хоёр нам хамтран засгийн газар байгуулахаар бол Монгол Улсын гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй” гэж заасан. Тухайн үеэд гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 49 хувьтай байна гэж танилцуулж байсан. Гэтэл өнөөдөр энэ хувийг 70 хувьд хүргэнэ гэж байна. Тохиролцооноос ухарвал МАН нь засгаас гарах чиглэлтэй шүү. Ийм баримт бичиг байсаар байтал гэрээний заалтыг зөрчсөн төсөв оруулж ирж байгаа юм” гэв.
Үүнд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хамтарсан засгийн газар байгуулах хугацаанд намын бүлгүүдийн хооронд хийсэн баримт бичиг, протоколийг үзсэн. Өрийн хэмжээний асуудлыг нэлээд нухацтай ярьсан. Хэсэг хугацааны дараа суурь заалтыг хангахын төлөө намууд хамтран ажиллана гэж үзсэн. Өрийн хэмжээг заасан хуулийн үндсэн суурь заалтыг хөдөлгөхгүйгээр энэ заалтыг хангахын тулд тодорхой хугацаанд ажиллах ёстой. Өрийн хязгаарыг 70 хувьд аваачсан ч бодлогын дүнд эргээд буух арга зам бий. Эдийн засгийг тэтгэх замыг сонгох нь зүйтэй гэдгийн үндсэн дээр л энэ сонголтыг хийж байна” гэв.
Мөн Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Өрийн босго давсан хувь цаашид ч өсөх магадлалтай байна. Өрийн босгын асуудалд хоёр намын хооронд гэрээг ойлгож байгаа ч одоо үүсээд буй нөхцөл байдлыг бодолцон зөв шийдэл гаргах нь зүйтэй” гэсэн байв.
Ц.Нямдорж байр сууринаас ухарсангүй хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийг төлөөлөн орсон Су.Батболдоосоо ам асууж. “Өрийн босгыг нэмэгдүүлэх үү гэхэд үгүй л гээд хар дээр цагаанаар бичсэн шүү” гэсээр байв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.МАНД